“МИАТ” 384.8 сая төгрөгийн хохирол хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“МИАТ” 384.8 сая төгрөгийн хохирол хүлээлээ


“МИАТ” компанийн Техникийн газрын ерөнхий менежер Ё.Энхтөр, Чанарын хэлтсийн дарга Х.Баяр нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарснаас үүдэлтэй эсэргүүцэл олон улсын дөрвөн нислэгийг саатуулж, Засгийн газрын хэмжээнд асуудлыг ярьж шийдэхэд хүргэлээ.

Техникийн ажилтнуудыг дэмжсэн түр хороо
мэдээлэл хийлээ

ИНЕГ-ын нисэхийн хөдөлгөөний албаны мэргэжилтэн Н.Баатархуяг, С.Итгэл нар өчигдөр өглөө МИАТ-ийн хямарлыг арилгах түр хороо байгуулсан болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Түр хороо байгуулсан Н.Баатархуяг, С.Итгэл нар “Нисэхэд шударга, мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байна. Танил тал, найз нөхдөө мэргэжил харгалзахгүй ажилд авч,олон мянган хүний амь насыг үл ойшоож байгааг эсэргүүцэж байна. Хариуцлага хаана ч адил байх ёстой. МИАТ-ийн дарга нар энэ газрыг өөрийн хувийн өмч мэт ашиглаж байгааг эсэргүүцэж байна. Техникийн албаныхан ийм шийдвэр гаргаж байгааг дэмжиж байна” гэв. Хэвлэлийн бага хурал зарласан Н.Баатархуяг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны даргын албыг хашиж байсан юм байна.

Энэхүү ажлаа хийж байхдаа 2003 онд тэрбээр Ерөнхий сайдын нисэж явсан онцгой үүргийн нислэг Буянт-Ухаад газардах гэж байхад нь МИ8 нисдэг тэрэг хөөргөн нислэгийн хөдөлгөөний ноцтой алдаа гаргасан учир ажлаасаа халагдаж байж. Харин  ИНЕГ-ын дарга асан  Г.Даваагийн шийдвэрээр ажилдаа томилогдсон гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Тэрбээр мөн эрх мэдлээ ашиглан хүүгээ чухал албанд томилсныг эсэргүүцсэн хүмүүс рүү дарамталсан мессэж илгээж байсныг хүлээн авсан хүмүүс бидэнд үзүүлсэн юм.

Бидний ажлыг хийх хүн Монголд байхгүй

Түр хорооны  хурлаас гурван цагийн дараа Хэвлэлийн хүрээлэн дээр “МИАТ” ХК-ийн  компанийн Техникийн газрын удирдах ажилтнууд мэдээлэл хийлээ.  Техникийн газрын дарга асан Ё.Энхтөр энэ хурлыг зохион байгуулж  байгаа гэсэн мэдээлэл байсан ч өөрөө ирсэнгүй. Албан тушаалаа хамгаалж, үлдэх гэсэн бодолгүй байгаа учир ирээгүй гэж  хурал зохион байгуулагчид ярилаа.

Тус компанийн Үйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Б.Чинзориг, Инженерийн хэлтсийн дарга Б.Төмөрчөдөр, Шугамын ахлах инженер Г.Баатар, Төлөвлөлтийн ахлах инженер Д.Батбаатар, Техник үйлчилгээний ахлах инженер Ш.Есөнтөмөр нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Б.Чинзоригоос зарм зүйлийг тодрууллаа.

-Та бүхний утас бүгд хаагджээ. Компанийн утас байсан бололтой?

-Бид 24 цагийн турш  утсаа нээлттэй байлгах үүрэгтэй байдаг. Тиймээс компаниас утсаар хангадаг юм. Өчигдрөөс эхлээд бүх утсыг хаасан.

-Монгол Улс нислэгийн ганцхан компанитай. Гэтэл олон улсын нислэг хойшилж, олон сая төгрөгийн хохирол учраад байна?

-Биднийг Ё.Энхтөр даргыг хамгаалж ийм шийдвэр гаргасан гэж ойлгуулахыг манай компанийн удирдлага хүсч байна. Бид хүний албан тушаал хамгаалж ийм алхам хийгээгүй. Хэнийг ч хэзээ ч сольж болно. Гэхдээ дүрэм журам, шударга ёс гэж байх ёстой биз дээ. Эхний улиралд МИАТ компанид ноцтой асуудал хэд хэд гарч байсан. МИАТ компанийн онгоц Бээжинд ослын буулт хийснийг бүгд мэдэж байгаа. Тэр онгоцны  хоёрдугаар нисгэгч Э.Ганхүү гэдэг хүн нислэгийн сургалтад суугаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлээд энэ ажлыг хийж байна. Агаарт явж байхад түүний буруутай үйлдлээс  болж онгоцны битүүмжлэл алдагдан, зорчигчид амьсгалах боломжгүй болсон нь нууц биш. Олон хүний амь нас хохирох байсан юм.

-Та бүхэн дарга нарын хүүхдүүд МИАТ-ийг эзэгнэсэн гэж мэдэгдсээр байгаа. Тухайлвал, ийм ноцтой алдаа гаргасан нисгэгч хэний хүүхэд юм бэ. Үнэхээр үнэмлэх бичиг баримт байхгүй гэж үү?

-Зөвхөн энэ залуу ч биш. Дарга нарын олон хүүхэд нисэх гээд ээлжээ хүлээгээд сууж байна.Энэ залуугийн аав н.Энх-Амгалан гэдэг хүн өмнө нь манайд өндөр албан тушаалд байсан юм. Одоо Канадад амьдардаг. Хэн дарга, эрх мэдэлтний хүүхэд байгааг та бүхэн эрэн сурвалжлаарай. Олж мэдээд үнэхээр гайхна даа. Нисгэгч доод тал нь 500 цаг агаарын хөлөг жолоодсон байх ёстой байдаг. Гэтэл дадлага бараг хийлгүй том онгоцонд гаргаж байгаа нь харамсалтай.

-Ноцтой өөр ямар зөрчил гарсан юм бэ?

-Өнгөрсөн сард Улаанбаатарт газардаж байсан БОИНГ-737 онгоц хатуу буулт хийсэн. Онгоц хурдаа хассаар газарт алгуур буух ёстой гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Гэтэл тэр онгоц шууд хүчтэй газардсан. Үүнийг  хатуу буулт гэдэг юм. Нисгэгчийн чадваргүй энэ байдлаас болж олон хүн битүү гэмтэл авах магадлалтай. Дараагийн асуудал бол бидний үйл ажиллагаатай холбоотой юм. Манай баг А310-300 онгоцыг анх удаа эх орондоо засч, 10 тэрбум төгрөг хэмнэсэн. Гэтэл засварын ажлаа дуусгаад  маргааш хүлээлгэн өгөх гэж байхдаа технологийн алдаа гаргаж онгоц гэмтсэн нь үнэн. Бид алдаа гаргаагүй гэж хэлээгүй. Засах ажлаа хийж байсан юм.

-Хэний буруутай үйлдээс болж онгоц гэмтсэн юм бэ.  Хэн нэгэнд хариуцлага тооцох л ёстой шүү дээ. Зарим эх сурвалж удирдах ажилтны алдаа гэх юм билээ?

-Технологийн алдаа гэж хэлсэн шүү дээ. Хариуцлага тооцохдоо шударга байхыг л хүсч байна. Дарга нарын хүүхдүүдийн алдааг хоёр хүн халснаар хааж байгааг л бид эсэргүүцэж байгаа юм.

-Та бүхэн агарынхаа засварын газар түлхүүрийг аваад зугтсан гэсэн мэдээлэл байсан. Та нараас өөр хүн энэ ажлыг хийгээд нислэгээ үргэлжлүүлэх боломж байсан юм биш үү?

-Манай газрын 120 хүнээс хэдэн хүн амралттай, чөлөөтэй байсан. Бусад нь ажлаас халагдах өргөдлөө гаргасан. Бидний ажлыг Монголд орлож хийх хүн байхгүй. Учир нь бид олон улсаас онгоц засварлах эрхээ авсан хүмүүс. Биднийг ажлаас халах өөрчлөх тухайгаа Еворпын холбооны Иргэний нисэхийн газарт мэдэгдэн хариу авах журамтай. Одоогийн удирдлага гаднаас хүн авчирлаа гэхэд 120 хүний хийж байсан ажлыг хэдхэн хүн хийж амжихгүй. Энэ байдал удаан даамжирвал Ирландын “CIT” ,”Мacguirie” компани түрээсээр ашиглуулж байгаа онгоцоо эргүүлэн татах, цаашилвал  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онгоц засварлах эрхээ бид хураалгах аюултай. Тиймээс шударга шийдвэр гаргаж, хариуцлага тооцох хүнээ олоосой гэж бид хүсч байна. МИАТ-ийн удирдлага дэндүү нэг талыг барьсан, ах дүү найз нөхдөө ажлын байраар хангасаар удаж байна. Нисэх гэдэг зүгээр нэг дэлгүүр биш. Олон мянган хүний амь насыг хариуцдаг онцгой газар. Онгоц хөөрөөд хүрэх газраа хүртэл ямар нэгэн аюулгүй гэсэн баталгааг бид гаргаж явуулдаг. Техникийн газрын дарга, чанарын менежер нарыг халсан шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт  МИАТ-ийн ТУЗ гаргасныг даваа гаригийн орой Р.Бат-Эрдэнэ Ё.Энхтөр даргад утсаар мэдэгдсэн. Өглөө ирэхэд чанарын менежер байхгүй байхад бид ажлаа яаж хийх билээ. Хэрвээ онгоц нисээд осол гарлаа гэхэд дарга нар хариуцлага хүлээхгүй. Их удаж л албан тушаалаасаа огцорно. Харин бид гарын үсэг зурж нисэхийг зөвшөөрснөөрөө эрүүгийн гэмт хэрэгт татагдана. Түүнээс гадна өнгөрсөн сард Еворпын холбооны Иргэний нисэхийн газраас аудитын шалгалт хийсэн. Бидний ажлыг шалгаж, амжилттай гэж дүгнээд 2011 оны гуравдугаар сар хүртэл олон улсын онгоц засах эрх өгсөн.

-Хэдий болтол онгоц саатсаар байх юм бэ. Олон улсын нислэг саатна гэдэг зөвхөн МИАТ-ийн асуудал бус улс орны эдийн засаг, нэр хүнд гээд олон асуудалтай холбоотой шүү дээ?

-Төр засаг ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Бид шударга байхыг л шаардсан. Их хэмжээний хохирол хүлээж байгаа нь бидний буруутай үйлдлээс болоогүй. МИАТ-ийн Техникийн хэлтсийн дарга асан  Ё.Энхтөр өмнө нь удаа дараа зодооны хэрэгт татагдан, хамт ажиллаж байсан Б гэдэг залууг зодож, шүүх цагдаа дээрээ тулж байсан гэсэн албан бус мэдээлэл бидэнд ирсэн юм.Тус газрын хариуцлагагүй байдлаас болж онгоц саатаж байсныг ” МИАТ”ХК-ийн албан мэдэгдэлд дурдсан боловч ажилтнууд “Биднээс болж онгоц саатсан тохиолдол байхгүй” гэлээ.

Техникийн газрын ангар засварын газар
цагдаагийн хамгаалалтад хоёр хонолоо

Мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс бид МИАТ ХК-ийн удирдлагатай уулзах гэсэн боловч Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулж байсан учир тус компанийн бүх удирдах ажилтан төрийн ордонд өнжлөө. “МИАТ” ХК-иас дараах мэдээллийг бидэнд өгсөн юм. “2010 оны дөрөвдүгээр  сарын 29-ний өдөр Техникийн газарт засвар үйлчилгээ хийж байсан А310-300 онгоцыг жинлэх явцад өргөгч домкратны холбогч мултарснаас онгоцны далавч хазайж баруун талын далавч цөмөрсөн технологийн зөрчил гарсан юм. Энэ үеэр хоёр хүн гэмтэл авсан. Үүнд баруун тулгуур дээр ажиллаж байсан М.Эрдэнэбаатар толгойдоо доргилт авсан, зүүн тулгуур дээр ажиллаж байсан Ж.Майбаяр гартаа таван  оёдол тавиулж, шууны ясандаа гэмтэл аваад эмнэлэгт эмчлүүлж байна.

Аудитын албаны гаргасан дүгнэлтээр тулгуур, онгоц хоёрыг холбосон шилжүүлэг /adapter/-ийг хөнгөн цагаан болон У7 маркийн ган төмрөөр токарийн суурь машин дээр хийж ашигласан нь жингийн ачааллаа даахгүй хагарсны улмаас гурван тулгуур мултарч орчноо эвдэж гэмтээсэн. Техникийн Ерөнхий менежер YR-CJF Jacking Adapter-ийг токарьчинд өнгөрсөн  сарын 28-ны орой ажил тарах үед үүрэг өгч зоруулж, маргааш нь ашигласнаас уг зөрчил үүссэн. Дүрмийн дагуу бол уг адаптерийг зорж хийх ёсгүй, зөвхөн захиалж авах ёстой байсан.

Компанийн цөөнгүй нислэгийг цуцлахаас аргагүй байдалд оруулсан технологийн уг зөрчлийн хариуцлагыг Техникийн газрын удирдлага хүлээх ёстой гэж Засгийн газар, ЗТБХБЯ, ИНЕГ-аас үзсэн бөгөөд “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09/10 тоот шийдвэр гарсны дагуу Техникийн ерөнхий менежер Ё.Энхтөрийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон ” гэсэн мэдээлэл ирүүллээ. Энэ хугацаанд  “МИАТ” ХК-ийн  Сөүлийн чиглэлийн хоёр, Бээжингийн чиглэлийн хоёр нийт дөрвөн  нислэг саатаж, 1141 зорчигчийг тээвэрлэх боломжгүй боллоо.Тус компани  урьдчилсан байдлаар 384.8 сая төгрөгийн хохирол хүлээгээд байгаа аж. Сөүлийн чиглэлийн нислэгийг БНСУ-ын “Кореан Эйр” компаниас 296 суудалтай А330-300 онгоц захиалж үйлдэхээр зохицуулалт хийж  нисэхээр боллоо. Мягмар гаригт саатсан Бээжингийн чиглэлийн онгоцыг өчигдөр 22.00 цагт хөөргөх байсан ч онгоцны хүрэлцээ байхгүй гэсэн хариуг “Air China” компаниас ирүүлсэн учир зорчигчдын билетийг буцаажээ.  Мөн Улаанбаатар Бээжингийн чиглэлийн  ОМ223/224 нислэгээр явах зорчигчдын билетийг буцаалаа гэж МИАТ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Улаанбаатар-Москва-Берлиний чиглэлийн нислэг өнөөдөр өглөө нисэх байсан ч техникийн аюулгүй ажиллагаа хийгдээгүй учир мөн цуцлагдлаа. Зорчигчдод зориулсан мэдээллийг “МИАТ” ХК-ийн 1881 , Чингис хаан олон улсын нисэх буудлын 1980 дугаарын утсаар шуурхай өгч байгаа аж.

Х.Оюунсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж