“Хурдны зам барихад 2 жил зарцуулна”

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

“Хурдны зам барихад 2 жил зарцуулна”

Энэ зун хийгдэх зам засварын төлөвлөгөө санхүүүжилт, хийгдэж эхлэх болон дуусах хугацаа тодорхой болоод байгаа. Зам засварын чанар, хугацаа зэрэгт энэ жил хэрхэн анхаарч, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй ярилцлаа.

-Энэ онд хийгдэх зам засварын ажлын хугацаа, төсөв зэргийг нарийвчлан гаргасан байсан. Зам засварын чанар, ашиглалтад орох хугацаа зэрэгт хэрхэн хяналт тавих вэ?

-Урьд жилүүдэд ажлын хариуцлага, тендерт шалгарсан компанийн гэрээний хариуцлага, эв дүйгүй, хайхрамжгүй гэх зэрэг зүйл дутагдаж байсан. Одоо бол тендерт ялсан компаниудад хар дэвтэр хөтөлж байгаа. Хэрэв гэрээний хугацаандаа замаа засч чадаагүй, чанаргүй зам тавьсан компаниудыг хар дэвтэрт бичигдэх болно. Хар дэвтэрт нэр нь орсон компаниуд дахин тендерт оролцох боломжгүй болж байгаа юм.

-Энэ жил хэдэн газарт зам засвар хийх вэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 40 гаруй газарт зам засварын ажил хийгдэнэ. Мөн өнгөрсөн жил эхэлсэн засваруудыг хойшлуулж, найр тавилгүйгээр дуусгах бодолтой байгаа.

-Санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?    

 
-Улсын болон нийслэлийн төсвөөр нийт 75.5 км автозамын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Мөн гадны зээл тусламж, БНХАУ-ын Засгийн газраас зургаан обьетод 250 сая орчим сая долларын хөнгөлөлттэй зээлийг өгөхөөр гэрээ хийгдэж байна. Тендер зарлаж замыг аль чанартай, хурдан хугацаанд тавьж чадах компаниудыг сонгох юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн яаманд яригдаж байгаа “Гудамж” төслийн хүрээнд хурдны зам тавигдах гэж байна.

-Хурдны замыг хэзээнээс, хаана тавих вэ?

-Хандгайтын зуслангаас Туул гол хүртэл, Баянзүрхийн товчооноос Эмээлт хүртэлх нийт 123 километр замыг тавих юм. Хотын төвийн газруудыг чөлөөлөх боломжгүй тул гүүрэн хэлбэрээр баригдана. Энэ ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ.

-Санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?

-Засгийн газраас Чингис бондын мөнгөнөөс санхүүжүүлэхээр баталсан. Энэ ажилд Нийслэл хамтран ажиллаж, чанар, явцын хяналтыг тавина. Харин зураг төсөл, ажлын зургийг гадны компаниудтай хамтран хийх болно. Манай улсын замын компаниуд энэ ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласнаар цаашид хийгдэх томоохон хэмжээний төслүүдэд туршлагатай болох юм л даа. 

-Хэзээ хурдны замаар давхих боломжтой болох вэ?

-Ямар нэгэн гэрлэн дохиогүй хурдны замыг барихад хоёр жилийн хугацаа шаардагдана. Бидний тооцоолсноор 2015 он гэхэд. Бид ихэнх ажлуудаа сонгуулийн жилүүдэд багтаах хэрэгжүүлэх бодолтой байгаа.

-Улсын комиссоос замыг хүлээгээд авчихдаг. Гэтэл хоёр, гуравхан жилийн дараа өч төчнөөн санхүүжилтээр хийгдсэн зам “там” болон хувирдаг. Энэ жил энэ асуудал давтагдах болов уу?

-Уг нь бүх компаниуд л чанартай зам тавихыг хичээдэг байх гэж бодож байна. Гэвч манайханд туршлага, тоног төхөөрөмж л дутагдаад байсан болов уу.  Мөн манай тендерийн хуулиар хамгийн бага үний санал тавьсан компанийг шалгаруулдаг юм. Энэ нь хямд үнэээр, хямд чанартай хийхийг нь сонгож байна гэсэн үг шүү дээ. Тиймээс олон улсын стандартад нийцэх зам тавъя гэвэл тендерийн хуулиа эргэн харах хэрэгтэй.

-Зун зам засвар эхлэхээр хотын замд автомашинтай явахад хэцүү болдог?

-Ер нь бол замыг хааж засварлахаас өөр аргагүй тул түгжрэл үүсэх л байх. Гэхдээ энэ жил бид зам засварын ажлыг эртнээс эхлүүлж байна. Манайх цөөхөн уулзвар багатайгаас замын түгжрэл ихэсч байгаа юм. Уулзварыг олон болгосноор нэвтрэх чадвар сайжирч түгжрэл багасна.

-100 айлын гүүр хугацаандаа ашиглалтад ороогүй. Энэ зун дахин нэг гүүрийг хааж, засварлах уу? 

-Тэгнэ. Гэхдээ гүүрний доогуур түр шороон зам тавихаар төлөвлөж байна. Маш хурдан хугацаанд гүүрийг ашиглалтад оруулах тал дээр анхаарна.

-“22-ийн товчоо”-ны замыг хэзээ ашиглалтад оруулах вэ?

-Ирэх зургадугаар сарын 25 гэхэд энэ замыг ашиглалтад оруулна.

-Нийслэлийн төвийн замаас гадна гэр хороолын дундах замыг хэрхэн анхаарах вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлт бол энэ асуудлыг шийдвэрлэх бас нэг гарц. Гэр хорооллыг барилгажуулснаар зам, гэрэлтүүлэг дагаж хөгжих болно.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж