&#34Хуульчдын холбоо ямар байхыг өмгөөлөгчид шийднэ&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

&#34Хуульчдын холбоо ямар байхыг өмгөөлөгчид шийднэ&#34

Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл хамтран “Эрх зүйн шинэчлэл дэх өмгөөлөгчдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг Төрийн ордонд  өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.

Нийслэл болон орон нутгийн 500 гаруй өмгөөлөгч оролцсон энэ зөвлөгөөнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оролцсон бөгөөд МӨХ-ны ерөнхийлөгч Д.Батсүх, дэд ерөнхийлөгч, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Ганбаатар, Хууль зүйн сайдын зөвлөх Х.Номингэрэл, МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Сургалтын дэд хорооны дарга З.Сүхбаатар  нар илтгэл тавьсан юм. Зөвлөгөөний зорилгыг тэд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар өмгөөлөгчдөд нэгдсэн ойлголт өгөх, Хуульчдын холбоог байгуулах, холбооныхоо үйл ажиллагааг тогтвортой явуулахад өмгөөлөгчдийн орол­цоог идэвхжүүлэх хэмээж байсан. Төрөөс эрх зүйн шинэтгэлийг шат дараатай хийж байгаа. Энэ хүрээнд хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдсон хуулиудыг өөрчлөн шинэчлэх, шүүх засаглалын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрч­лөх талаар хэд хэдэн хууль гаргасан. Үүний нэг  нь ирэх сарын 15-наас мөрдөж эхлэх Хууль­чийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Олон улсын жишигт нийцүүлсэн энэхүү хуулиар өмгөөлөгч, шүүгч, прокурор гэсэн гурван субьект хуульч гэж нэг малгай дор Хуульчдын холбоо гэсэн төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа бие даан явуулахаар болоод байна.  Ингэснээр төрийн бус байгууллага анх удаа хуульчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог, хяналт тавьдаг, цуцалдаг, хуульчдынхаа хариуцлагын тогтолцоог бий болгож, дотооддоо зохицуулдаг зохион байгуулалтад орох аж. Дээрх хууль хэрэгжихтэй холбоотойгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль ч батлагдсан байна.


ӨМГӨӨЛӨГЧ МӨРДӨН БАЙЦААГЧДЫН  ҮҮДИЙГ САХИДАГ, ЭСВЭЛ ХЭРЭЛДДЭГ ХҮН БИШ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын талаар илтгэл тавьсан бөгөөд тэрбээр “2012 оны хавар шүүхийн багц хууль батлагдаж, тэр дотор Хуульчийн эрх зүйн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хамгийн анх удаа Засгийн газрын чиг үүр­гийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх боломжтой, тэр үзэл санаагаар бичсэн дээрх хууль батлагдсан гэж байв. Анх удаа Хуульчдын холбоо гэдгийг хуульч мэргэжилтнүүдийн өөрсдийг нь нэгтгэн байгуулж байгаа энэ холбоо эрх мэдлийг шилжүүлж авахаар хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж болох аж. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд шинэ үзэл санаа, бодлого, баримтлал үгүйлэгдэж байна. Хуульч, хууль сахиулагч хоёрыг ялгах ёстой. Энэ хоёрыг ялгахын тулд дээрх хуулийг гаргасан. Одоо Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барих гэж байна.  Хуульч гэдэг нь шүүн таслах үйл ажиллагаанд шүүхэд хэн нэгний эрх ашгийг өмгөөлөгчид нь хувийн эрх ашгийг төлөөлдөг, прокурор нь нийтийн эрх ашгийг төлөөлдөг, шүүгч нь шүүн таслах үйл ажиллагааг удирдах маргааныг шийдвэрлэдэг мэргэ­­жилт­нүүдийг хуульч гэнэ. Харин хууль сахиулагч  нь цагдаа, мөрдөн байгаагч, хил хамгаалагч, онцгой байдал зэрэг салбарт ажиллаж байгаа дүрэмт хувцастай хүмүүсийг хэлнэ. Эд гэхдээ хуульчийн ажил хийхгүй, нотлох баримтыг шүүхэд аваачихгүй, хэн нэгний эрх ашгийг төлөөлөхгүй, шүүх хуралдаанд төлөөлж үг хэлэхгүй байх ёстой. Зөвхөн шүүх хуралдаанд гэрчээр дуудагдах бололцоотой. Тиймээс хуульчид тусгай зөвшөөрөлтэй, хууль сахиулагчид төрд тангараг өргөсөн байх ёстой гэдгийг салгаж сайтар ойлгох хэрэгтэй. Хуульч, хууль сахиулагчдын ялгаа зааг гарч ирсэнтэй холбоотойгоор  өмгөөлөгчийн эрх мэдэл, статус прокурортой эн зэрэгцэнэ. Шүүхийн өмнө прокурор, өмгөөлөгч яг адилхан статустай болно. Хоёулаа адилхан шүүхэд төлөөлөх эрх­тэй. Шүүхэд төлөөлөх эрхтэй прокурор, өмгөөлөгч хоёрын хооронд дээд доодын ялгаа, эсвэл эрх мэдлийн зөрүү гарахгүй.  Өмгөөлөгч мөрдөн байцаагчдийн үүд сахидаг, эсвэл хэрэлддэг хүн биш. Өмгөөлөгч маргалдвал хууль ярьж прокурортой л маргалдана. Харин хууль сахиулагчид  хуульчдын өмнө зөвхөн хууль сахиулах, зарим төрлийн нотлох баримтыг гаргаж ирэх л мэргэжлийн чиг үүрэгтэй. Одоо хуульчдыг тусгай зөвшөөрөлтэй болгоно. Энэ нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нэг талын зөвшөөрөл. Хэрвээ алдаатай үйл ажиллагаа явуулах юм бол тусгай зөвшөөрлөө хураалгаж дахиад ажиллахгүй  хариуцлагын тогтолцоо яриг­дана. Хуульчдын холбоо тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, хураах эсэхээ өөрсдөө мэдэж, шийдвэрлэхээс биш төр тэр дундаа Хууль зүйн яаманд хамаагүй. Гэхдээ тусгай зөвшөөрлийн ард олон нийтийн дунд хүлээгдэж байгаа хариуцлага гэж үг байгаа. Хариуцлагатайгаар нэр төртэйгөөр авч явна шүү.  Бид  хуульчиддаа итгэл үзүүлж байна. Шударга, боловсролтой, ёс зүйтэй ажиллах хариуцлага та бүхэнд ноогдож байна. Хариуцлага алдсан хуульчдаа шударгаар тусгай зөвшөөрлийг нь хурааж авдаг байх ёстой. Шүүх, прокурор, өмгөөлөгч гурав хариуцлагаа хамтдаа ярьдаг болно Тиймээс Хуульч­дын холбооны амин сүнс гол хүч нь өмгөөлөгчид та бүхэн. Цаашид холбоо амьд байх уу, ажиллаж чадах уу гэдгийг өмгөөлөгчид мэднэ” гэв.

МОНГОЛД ХУУЛЬЧИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ 6000 ГАРУЙ ХҮН БИЙ

МӨХ-ны ерөнхийлөгч Д.Батсүхээс дараах асуултад хариулт авлаа.

-Удахгүй мөрдөж эхлэх шинэ хуулийн талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд явж байгаа эрх зүйн томоохон шинэчлэлийн  нэг бол гэмт хэргийг хянан шийдвэрлэх  холбогдсон хууль тогтоомжид багцаар нь өөрчлөлт орж байна. Шинээр мөрдөгдөх хууль тогтоомжийг харахад өмгөөллийн үйл ажиллагаанд нэлээн таатай  нөхцөл байдал үүссэн нь харагдаж байгаа. Гэхдээ өмгөөлөгчийн эрх ашигт нийцсэн гэхээсээ илүүтэй өмгөөлөгчөөр дамжиж иргэний эрхийг хамгаалах, иргэний эрхийг хамгаалж байдаг хүмүүсийн статусыг нэмэгдүүлээд байна. Шинэ эрх зүйн орчин, шинэ хуулийн хүрээнд ажиллах хуульч  бол тэр хэмжээнд өөрийнхөө сэтгэхүйг өөрчлөх ёстой. Мөн шүүгчид өөрсдийнхөө сэтгэлгээг сайжруулж шинэ хууль тогтоомжид хурдан дасан зохицож ажиллах ёстой. 

-Өмгөөлөгчдөд тулгардаг асуудал бол шүүх, проку­рорын байгууллагаас ирэх дарамт байдаг. Үүнийг шинэ хуулиар хэрхэн зохицуулсан  бол?

-Хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын эрх хэмжээний ялгааг нэлээд тодор­хой болгож өгөх өөр шинэч­лэлийг хийж байгаа. Хэрвээ ийм шинэчлэл хийгээд ирвэл хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд зүй бус байдлаар оролцох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагын албан тушаалтны хараат бус байдал алдагдах нь багасах юм. 

-Хуульчдын холбоог бай­гуулж байгаа ч өмгөөлөгчдөд илүү их хариуцлага оногдохыг салбарын  сайд нь онцолж байна билээ?

-Өмгөөлөгчид дангаараа өөрөө удирдах ёсны зарчимд тулгуурласан байгууллагын хүрээнд ажилладаг байсан бол бидэн дээр нэмэгдээд шүүгч, прокурорууд орж ирж байна. Энэ субьектууд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагаанд тал бүрээс оролцож байдаг ч эцсийн шийдвэр гаргадгийн хувьд шүүх дээд эрх хэмжээг эдэлнэ. Харин мэргэжлийн хариуцлага, ур чадварын хувьд адил тэнцүү түвшинд байх ёстой.

-Хуульчдын холбоонд нэгдэх хүмүүсийг хэрхэн яаж бүртгэх юм бэ?

-Хуульчдыг бүртгэх ажлыг ирэх сарын 15-наас гурван сарын хугацаатай явуулна. Шүүгч, прокурор, өмгөөлөгчид тус тусын байгууллагаараа дам­жуулан бүртгүүлэх бол хуульчийн гэрчилгээтэй хүмүүс өөрсдөө өргөдлөө гаргаж бүртгүүлнэ. Бүртгэлийн дараа 60 хоногийн дотор Хуульчдын холбооны анхдугаар их хурлыг хуралдуулж, бүтэц, зохион байгуулалт, дүрэм журмаа баталж, удирдлагаа сонгоно.

-Манайд хуульчийн гэр­­чилгээтэй  хэчнээн хүн байдаг вэ. Мөн өмгөөллийн үйлчилгээ эрхлэх зөвшөө­рөлтэй өмгөөлөгч хэд байгаа вэ?

-Монгол Улсад хуульчийн гэрчилгээтэй 6000 гаруй хүн бий. Тэдний 3000 гаруй нь шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өнөөдөр өмгөөллийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 1277 өмгөөлөгч бий. Шинэ бүртгэлээр 500 орчим өмгөөлөгч орж ирнэ.


ШҮҮХ, ПРОКУРОР, ӨМГӨӨЛӨГЧДИЙГ ХУУЛЬЧ ГЭЖ НЭРЛЭХЭЭР БОЛЛОО

МӨХ-ны гишүүн, өмгөө­лөгч Ж.Энхчулуун шинээр мөрдөж эхлэх хуулийн талаар: “Энэ  шинэчлэлийг өмгөөлөгчид дэмжиж байгаа. Хуульч гэж хэн бэ, ямар хүмүүс байхыг сайд тодорхой хэлсэн. Хуулийн сургууль төгссөн бүх хүн хуульч гэсэн гэрчилгээ статустай байсан бол шинэчлэлийн үр дүнд, шүүх, прокурор, өмгөөлөгчдийг хуульч гэж нэрлэхээр боллоо. Энэ гурвын хувьд шүүхэд ижил тэнцүү байр суурьтай оролцоно. Хэрэг  бүртгэгч, мөрдөгчийн хувьд гүйцэтгэгч бөгөөд прокурор өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийг биелүүлнэ. Ёс зүйн, мэдлэг мэргэжлийн хувьд ямар хэм хэмжээтэй байхыг тодорхой хэлж байна” хэмээсэн юм.


ЖИЛД ДУНДЖААР 100 ОРЧИМ ГОМДОЛ ШИЙДДЭГ

МӨХ-ны Сахил­гын хо­рооны дарга Д.Мөнхбаттай уулзахад: “Энэ хороо нь өмгөөлөгч мэр­гэж­лийн ёсзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооц­но. Сануулах, өмгөөллийн үйл­чилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй бол­гох, эсвэл  гурван сараар түд­гэлзүүлэх саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлдэг. Одоо шинэ хууль хэрэгжсэнээр Хуульчийн мэргэжлийн хариуц­лагын дүрмийг шинээр батална. Түүгээр сахилга хариуцлага ямар байх вэ гэдгийг хэлэл­цэнэ. Өмгөөлөгчидтэй холбоо­той олон гомдол  ирдэг. Жилд дунджаар 100 орчим  гомдол шийддэг.  Дийлэнх нь өмгөөлөгч хариуцлагаа зөрчсөн,  өмгөөллийн үйл ажиллагааг муу хангасан, ашиг сонирхлын зөрчил гаргасан тухай байдаг” гэв.

Дашрамд дурдахад, Хуульч­дын холбооны анхдугаар их хуралд 500 төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 200 нь өмгөөлөгч, 200 нь шүүгч, прокурор, 100 нь бусад хуульч байх юм байна.

О.САЙХАНЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж