Хаана байна тэр, ашиглалтад орсон орон сууцнууд

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хаана байна тэр, ашиглалтад орсон орон сууцнууд


Төрийн албан хаагчдыг урт хугацааны зээлээр орон сууцтай болгох сайхан хөтөлбөр өнөөдөр зэрэглээ төдий байна. Хөтөлбөрийг зарласнаас хойш жил гаруйн хугацаанд ердөө л 250 хүн зээлээ авчээ. Нийт 2700 хүн зээл хүсэн материалаа бүрдүүлсний ердөө арав хүрэхгүй хувь нь гэсэн үг. Засгийн газраас бол бүх хүчээ шавхан шуурхайлуулж байгаа гэх энэ ажил яагаад ийн яст мэлхийний хурдаар урагшилж байна вэ?

Үүнд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дүрэм, журмаа боловсруулахаас эхлээд хүмүүс хэрхэн байгууллага дотроо квотдоо багтаан зээл хүсэгчдээ “тодруулах”, хүмүүс бичиг баримтаа бүрдүүлэх, банкуудтай харилцах гэх мэт олон “ажил” оволзсоныг эс өгүүлээд яг одоо хамгийн хүндрэлтэй асуудал юу байгааг тодруулах гэж оролдьё.

Дээр хэлсэн “даваа”-нуудыг туулсан хүмүүс одоо хаанахын ямар байр авч болохоо мэдэхээ байчихаад байгаа гэнэ. Нийслэлээр дүүрэн баригдаж байгаа болон, ашиглалтад орчихсон худалдан авах эзнээ хүлээж байгаа барилгууд байвч яг 4000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “шалгуур” даах нь ховор болчихоод байгаа аж. Учир нь, төрийн албан хаагчдын хувьд 40 сая төгрөг гэсэн “босго”-той. Үүнээс илүү мөнгийг өөрсдөө төлж чадах ахул хүссэн байраа сонгох боломжтой ч ихэнх хүмүүс квотдоо тохирсон байрны эрэлд гарсан. Чингэхэд 40 сая төгрөгт багтах буюу 1-2 өрөө байр ховордож нэг гачлан үүсчээ. Бас нэг хамгийн том гачлан нь гэвэл зээлээр авах байр нь заавал Улсын комисс хүлээн авсан, ашиглалтад орсон байр байх ёстой. Гэтэл хэдийгээр байраа барьж дууссан ч Улсын комиссын “даваа”-г давсан нь цөөхөн. Басхүү комисс хүлээж авсан байруудын дийлэнх нь тансаг зэрэглэлийн үнэтэй байрнууд байдаг. Төрийн албан хаагчдын боломжид таарахаар хямдавтар байр нь болохоор хүн амьдрах аргагүй, “халтуур”-ны эд байна гэсэн гомдол гарч байна.

Уг нь энэ хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь төрийн албан хаагчдыг урт хугацааны зээлээр байртай болгохоос гадна эдийн засгийн хямралд цохигдож, барилгаа гүйцээж чадахгүй буй барилгын компаниудаа давхар тэтгэх алсын бодлоготой. Гэтэл журамд заавал ашиглалтад орсон байр байна гэж зааснаар дэмжлэг хамгийн их хэрэгтэй байгаа буюу барилгаа гүйцээж чадахгүй байгаа компаниуд оролцох боломжгүй болж. Барилгын компаниуд 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгаа тодорхой гэрээний дагуу төрийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөрт оролцуулья гэсэн ч одоогоор ямар нэгэн шийдэл үгүй хүлээгдэж байгаа аж. Орон сууц санхүүжилтийн корпорацийнхан болохоор нэгэнт 80-90 хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг худалдан авагч өөрөө зөвшөөрөөд нарийн гэрээ хэлцлийн дагуу зээлд оролцуулж болох юм гэсэн байр суурь илэрхийлдэг ч журмаа зөрчиж болохгүй учраас ацан шалаанд орчихсон. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж болох юм гэсэн ерөнхий байр суурьтай байгаа ч шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байгаа юм.

Зээл хүсэгчид болохоор 40 сая төгрөгтөө багтаагаад эвтэйхэн байр авчихыг хүсэвч тэр нь олдохгүй. Байгаа ганц нэг байр нь байрлал хол, хийц тааруу, зарим нь хүн амьдрахын аргагүй. Нэгэнт өнөө маргаашдаа байрандаа нүүгээд орьё гэж яарахгүй байгаа нэг нь өөр байр сонгохыг хүсэвч сонголт үгүй болчихоод байгаа аж. Тиймээс зээл хүсэгчдийн ихэнх нь барилгын гүйцэтгэл 80-90 хувьтай, намар гэхэд ашиглалтад орчихоор байр сонгохыг хүсэвч “болохгүй” гэсэн ганц үгээр амаа таглуулаад байгаа аж. Тиймээс тэд ашиглалтад орсон ч өөрсдийнх нь сэтгэлд таарахгүй байгаа муухан барилгын өмгөр өрөөг нүдээ аниад худалдаж авах уу, одоо баригдаж байгаа байруудыг улсын комисс хүлээн автал нь хүлээх үү гэсэн ацан шалаатай сонголт үлдээд байгаа аж. Талбайн хэмжээ том, түүнийхээ хэрээр үнэ ихтэй байрыг худалдаж авч чадахгүй учраас. Дашрамд сануулахад танил талтай, хөрөнгө чадалтай сайтай компаниудын үнэ ихтэй орон сууцууд л Улсын комиссын “даваа”-г хамгийн түрүүнд давж чаддаг гэдэг юм билээ. 

Бусад барилгын компаниуд буюу ихэнхийнх нь хувьд Улсын комисс байрыг хүлээж автал ямар хугацаа, ямар “даваа” туулдгийг хэн хүнгүй сайн мэдэж байгаа байх. Хэдийгээр бүх норм, нормтивийг нь хангасан ч ар өврийн хаалга л байхгүй бол Улсын комисс хүлээж авахыг хүлээх нь заан тугаллахыг хүлээхтэй адил гэж гомдоллодог юм билээ, барилгын компаниуд.

4000 айлын орон сууцны сайхан мөрөөдөл нэг иймэрхүү л байна. Тэгэхээр одоо тулгараад байгаа хамгийн гол асуудал бол зээл авах иргэдийнх нь хүсэлтээр 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгуудыг зээлд хамруулах талаар хэзээ, ямар нэгэн шийдэлд хүрэх вэ гэсэн хүлээлт байна.  

А.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж