Хотын захын гэр хороололд хоёр хүү даруухан амьдарч байна. Өвөө, эмээ хоёр нь жижиг байшиндаа, харин аав, хүү гурав гэр барин хашаан дотроо тусдаа гарчээ. Ах нь одоо 12 настай, долдугаар ангид сурч байна. Харин дүү нь 10 нас хүрч, дөрөвдүгээр ангийн сурагч болжээ. Хоёулаа нэг сургуульд сурдаг юм байна. Харин аавынх нь аав болох өвөө нь тэдний сургуулийн ээлжийн жижүүр. Гэр сургууль хоёрынх нь зай даанч хол юм. Хуучин хоёр автобус дамждаг байсан бол одоо харин удаан ч гэсэн нэг автобусаар явдаг болсон гэлээ. Өвөө нь энэ сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байгаа болохоор өөрийнхөө дэргэд байлгах гэж хоёр хүүгээ оруулсан бололтой. Өглөө бага хүүгээ найман цагт сургуульд нь хүргэж өгөөд, 12 цагаас тарахад нь гэр рүүгээ аваад явна. Өөрөө орой нь ээлжтэй бол буцаад сургуульдаа ирдэг аж. Сургуулийнхан нь тэр өвөөг андахгүй юм билээ. Намайг сургууль дээр нь тэднийг хайхаар очиход “Бага хүүгээ аваад явчихсан. Дандаа л өөрөө зөөдөг юм” гэж таарсан болгон хэлж байсан. Харин ах нь хичээлээ тараад өөрөө гэртээ харьж сурчээ. Ангийнх нь хөвгүүд найзыгаа сэтгүүлч надаас их л харамласан. “Эгч ээ, та яах гэж байгаа юм. Найзаа зүгээр үү” гэж ирээд л хөөрхөн гэдэг нь. Аавтайгаа амьдрах ямар байгааг нь асуухад гоё гэсэн ганцхан үгээр хариулсан юм. Тунгалагийн том хүү үг цөөтэй, даруухан, ухаалаг болжээ. Тооны хичээлдээ их сайн, математикийн олимпиадад амжилттай оролцдог. Сургуулийнхаа авьяаслаг сурагч медалиар шагнуулсныг нь өвөө нь надад үзүүлсэн юм.
“Миний хоёр хүү ээжийгээ яриад байдаггүй юм. Бурхан болчихсон гэдгийг нь мэддэг болохоор тэр биз. Ах нь их дөлгөөн, томоотой, хэрсүү болсон. Бас гомдомтгой, зөөлөн талдаа. Спортод дуртай гэж жигтэйхэн. Сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Өөрөө эмч болно гэж яриад байгаа. Одоо долдугаар анги болохоор эмч болохын тулд ямар хичээлд сайн байх ёстой, ямар сурлагатай байх ёстойг нь багш нараар нь хэлүүлж байгаа. Бага нь бол хөдөлгөөнтэй гэж. Сэргэлэн, их сахилгагүй. Бөх болно гэж ярьсан хэвээрээ. Хоёр хүү минь нэг нэгнийгээ гэнэ. Хоорондоо их сайн. Олон жил өнгөрчихлөө дөө. Ээж нь ахынх нь нэгдүгээр ангид ордог жил өнгөрсөн юм байна. Ямар ч байсан энэ хоёр хүүхдийг сургуулиа төгстөл бараа болчих санаатай. Нас минь гүйцэх эсэхийг мэдэхгүй юм даа” гэж өвөө нь ярилаа.
Аав нь өдийг хүртэл ганц бие яваа гэнэ. Эмээгийнх нь бие муудсан тул хоёр жил асарчээ. Дээд боловсролтой, мэргэжилтэй боловч ажилд орж чадахгүй явсаар саяхнаас нэгэн уул уурхайн компаниас нааштай хариу дуулсан бололтой. Уншигч танд олон асуулт байгаа гэдэгт итгэлтэй байна. Яагаад хаяад явсан аав нь өдийг хүртэл хоёр хүүхдээ өсгөж байгаа, Тунгалаг бүсгүйд цугласан хандивын мөнгө хаачсан бол, амьдралаар нь хийсэн кино хоёр хүүд тус болсон болов уу гэх мэт. Гэхдээ бид өнгөрснийг шүүж, дүгнэх гэж хоёр хүүг зорьж очоогүй юм. Олон хүний хайр, өхөөрдлийг хүртсэн тэд ямар том болсныг л харуулах гэсэн. Тиймээс энэ асуултуудыг одоо тэднээс битгий дахиж асуугаасай. Гэхдээ өвөө, эмээгээ түшсэн аав, хүү гурвын гундуухан амьдралыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Эмээ нь цус харвасны улмаас хэвтэрт орсон, аав нь ажилгүй шахуу, ганц өвөөгийн цалингаар энэ гэр бүл амьдарч байна. Хашаанд нь нэг гэр, жижигхэн цонхтой урт бор модон байшин. Тэр гэрийг өвөөгийнх нь сургуулийнхан бэлэглэсэн гэлээ. Гэвч Тунгалаг бүсгүйн хоёр хүү дажгүй байна. Бусдын үрсийн адил сургуульд явж, хичээлд шамдан, том болоод эмч, бөх болно гэсэн зорилготой амьдарч байна. Хаяад явсан, харж үздэггүй гэж муугаараа хэлүүлж байсан хадам аав, ээж нь хоёр хүүг нь бөөцийлж байгаа ажээ. Гол нь ээж нь хорвоогоос явахдаа хамгийн ихээр санаа зовж байсан хайр, халамжаар тэд дутаагүй байна. Эмээ, өвөөдөө их эрхэлдэг болохыг нь эргэж тойрсон хэд хоногт анзаарсан. Тэд эрүүл саруул, цовоо цолгин торниж байна. Та хоёрт аз жаргал, хамгийн сайн сайхныг дахин хүсье.