Монголын Геологичид чуулга уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Монголын Геологичид чуулга уулзалт хийнэ

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, Геологи эрдэс баялгийн музей, МУИС-ийн Геологи, Газарзүйн сургууль, ШУА-ын Палентологийн төв, “Монголын үйлдвэрлэлийнгеологи” холбоо, Монголын Геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын Геофизикчидийн холбоо хамтран тав дахь удаагаа “Монголын Геологи, хайгуул-2013” чуулга уулзалтыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд “Оросын шинжлэх ухаан, соёлын төв”-д зохион байгуулах болсон тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.

Энэхүү чуулган нь 2009 оноос эхлэн тав дахь жилдээ уламжлал болгон зохиогдож байгаа бөгөөд геологичид маань хийсэн бүтээсэн ажилаа танилцуулдаг уулзалт юм. Чуулганы үеэр Монгол орны геологи-стратиграфи, ашигт малтмал, эрэл хайгуулын аргачлал, салбарын эдийн засаг ба менежмент зэрэг салбарын асуудлуудаар илтгэл хэлэлцүүлэх, Монгол улсын хайгулын шилдэг багийг тодруулж, шилдэг илтгэл зэргийг шалгаруулах юм. 

Уг чуулганы гол онцлог нь Монголын Геологи эрдэс баялгийн музейд хадгалагдаж байгаа ховор нандин эрдэс, чулуулаг болонАсгатын мөнгө-холимиг металлын ордын дээжисээс болон манай геологчдын цуглуулсан дээжисийн үзэсгэлэн гарах юм байна. Мөн геологчдын цуглуулсан эрдэс, чулуулаг, хүдрийн шилдэг дээжний уралдаан зохион байгуулагдах юм.  Үүнээс гадна “Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж, ховор агшин, ур чадвар, байгалын өвөрмөц тогтоц гэсэн гурван төрлөөр бүтээлийг шалгаруулж шагнах юм.

Чуулгантай холбогдуулан энэ сарын 20-нд “Газрын тосны геологи,сав газрын анализ”, гуравдугаар сарын 23-нд “Алтны ордын геологи, хайгуулын арга аргачлал, нөөцийн тооцоолол” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохиож байгаа аж.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж