Ахмадууд биеийн тамир, спортын хамтлаг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Ахмадууд биеийн тамир, спортын хамтлаг байгууллаа

Аймгийн БТСГазар, Ахмадын хороо хамтран ахмадуудын биеийн тамир, спортын хамтлаг байгуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр ахмад тамирчдын теннисийн спортын аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэмцээнд 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд оролцож, теннис, бөмбөг шидэлт, дардас, цэнгээнт бүжгийн төрлөөр өрсөлдсөн бөгөөд эхний гурван байранд шалгарсан ахмадуудад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал  гардууллаа.

Мөн аймгийн БТСГазраас ахмадуудын биеийн тамир, спортоор хичээллэх, хөдөлгөөн хийх идэвхи сонирхлыг төрүүлэх үүднээс долоо хоног бүрийн мягмар, баасан гарагуудад Бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн төвдөө үнэ төлбөргүй  хичээллэх эрхийг олгож, энэ өдрүүдэд төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулж байхаар болсон ахмадууд баяртай байлаа.

Биеийн тамир, спортын ахмадын хамтлаг нь Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, хийх ажлаа төлөвлөсөн бөгөөд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, хамт олонтой болж нийгэмших, спорт алхалт хөдөлгөөнийг хийж хэвшүүлэхэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулах гэнэ.

Б.БАТЧИМЭГ

(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж