Хөрөнгө оруулалтыг хязгаарласнаар Монгол хожихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтыг хязгаарласнаар Монгол хожихгүй гэв

Монголын Бизнесийн зөвлөлөөс санаачлагаар  доктор Брайн Фишерийн хийсэн “Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ”-г танилцуулах уулзалт өнөөдөр Кемпински зочид буудалд боллоо.  Доктор Брайн Фишер шинжилгээ хийхдээ Монгол Улсад одоо мөрдөж буй “Ашигт малтмалын тухай хууль” болон өдгөө төслийн хэмжээнд хэлэлцэж байгаа “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй харьцуулжээ. Хэрэв Монголын бизнесийн орчин таатай байу чадвал ирэх гурван жил уул уурхайн есөн шинэ төсөл эхлэхэд бэлэн болоод байгаа ажээ. Нүүрсний голдуу дээрх төслүүдэд 2015 он гэхэд 6.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэнэ. Харин бизнесийн таатай орчныг бүрдүүлж чадахгүй бол дээрх есөн төсөл болон бусад хөрөнгө оруулалтыг үргээхэд хүрнэ гэдгийг Австрали эрдэмтэн онцгойлон анхааруулав. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хүч нь хөрөнгө оруулалтын таатай орчин, тогтвортой бодлого, бусад боломжуудтай харьцуулахад өрсөлдөхүйц хэмжээний татварын хувь хэмжээ байдаг.

Гэтэл шинэчлэн найруулсан “Ашигт малтмалын тухай хууль”-нд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах  бодлогыг түлхүү оруулсан нь Монголын эдийн засгийн өсөлтийг сааруулах үндэс болно гэж доктор Брайн Фишер үзэж байна. Ирэх 20 жилд (2013-2030 онд) өнөөгийн хуулиа дагаж мөрдвөл эдийн засгийн өсөлт 11 хувьд хүрэх боломжтой бол шинэ хуулийг одоогийн хувилбараар мөрдвөл эдийн засгийн өсөлт даруй дөрвөн хувиар буурах гэнэ. Үүнийг төгрөгт шилжүүлэн илэрхийлбэл зөрүү  нь 358 их наяд төгрөг (2013 оны үнээр) буюу 2012 оны нийт ДНБ-ээс 23 дахин их хэмжээний хөрөнгийг алдахад хүрэхээр байгааг онцлов.  Уул уурхайн салбарын үйлдвэрлэл хамгийн багадаа 50 хувиар буурч, Засгийн газрын улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ ч төдий хэмжээнд багасах ажээ. Тодруулбал, ирэх 20 жилд  зөвхөн уул уурхайн салбараас гэхэд 37 их наяд төгрөг, харин нийт эдийн засгаас төвлөрүүлэх 110 их наяд төгрөгийн татварын орлогыг алдахаар тооцоо гарчээ. 2020-2030 оны хооронд нийт экспортын хэмжээ одоогийн хууль хэвээр үлдэх хувилбараас 60 хувиар бага байхын дээр өрхийн хэрэглээ 30 хувиар, дундаж цалин 35 хувиар бага байх таамаглал гарчээ. Монгол улсын Засгийн газар өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах дээрээс эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор босгосон нь нэг дэвшилтэт алхам боловч Засгийн газрын зардал өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл орлогоо дагаж зарлагаа танахгүй бол төсвийн алдагдлын хэмжээ 2017 гэхэд 1.5 тэрбум доллар, 2022 он гэхэд 13.5 тэрбум долларт хүрэхээр байгаа аж. Тэр үед Засгийн газар Чингис бондыг эргэн төлж эхлэх бөгөөд түүнээс урьтаж уул уурхайн төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх учиртайг Австрали эрдэмтэн сануулж байна. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хазаарлах бус соронздох бодлогыг баримтлахгүй бол өмнөд, хойд хоёр хөршдөө хамаг түншээ алдчих аюул бодитой болсныг мөн хэлж байлаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж