
Айлчлалын үеэр УИХ-ын дарга АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч У.Бёрнзтэй уулзаж, Брукингсийн стратеги судлалын хүрээлэнгээр зочлон, тус хүрээлэнгийн Зүүн хойд Азийн бодлого судлалын төвийн захирал Р.Буштэй уулзах юм байна. Мөн АНУ-ын Конгрессын Ардчиллын түншлэлийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимын Спикер Ж.Бэйнер, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга В.Жеремик, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн нартай уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн УИХ-ын дарга Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Женерал электрик” компанитай байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцохоос гадна “Дакота газ” үйлдвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцах аж.
Харин УИХ-ын дарга Канад Улсад айлчлах үеэрээ Канадын Парламентын Нийтийн танхимын Спикер Э.Шийэр, Канадын Парламентын Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатор Ж.Дей, Сенатор П.К.Нолэ, Канадын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд, Канадын Бритиш Колумби мужийн Парламентын Спикер Б.Барисофф нартай уулзах юм байна. Мөн Канадын Парламентын Сенатын танхим, Нийтийн танхимд зочилж, Канадын компаниудын төлөөлөгчид, Ванкувер хотод аж төрж буй Монгол иргэдтэй уулзахаар төлөвлөжээ. Айлчлал энэ сарын 28-н хүртэл үргэлжлэх аж.