Энэтхэгт гадны жуулчинг хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Энэтхэгт гадны жуулчинг хүчирхийлжээ

Дэлхийн долоон гайхамшгийн нэг алдарт Таж Махалыг үзэхээр явж байсан Швейцарийн жуулчин эмэгтэй Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид бүлэг залуусын хүчинд автжээ. Энэтхэгийн албаныхны мэдээлснээр Швейцарийн иргэн 39 настай багш эмэгтэй, 30 настай слерсарь мэргэжилтэй нөхрийн хамт дугуйгаар аялж яваад Датиа дүүргийн ойн захад хоноглохдоо 7-8 бүлэг этгээдийн хүчинд автан, дээрэмдүүлсэн байна. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Энэтхэгийн цагдаа нар өчигдөр ойролцоох тосгоны 20 эрэгтэйг баривчилсны тав нь хэргээ хүлээсэн бөгөөд өөр хоёр сэжигтэнг эрэн сурвалжилж байгаа аж. Түүнчлэн цагдаа нар баривчлагдсан сэжигтнүүдийн нэгнийх нь гэрээс хохирогчдоос дээрэмдсэн гар утас зэрэг эд зүйлсийг олж илрүүлжээ.

Хохирогчийн мэдүүлснээр дугуйгаар аялагчдыг өнгөрсөн баасан гаригийн шөнө Жатиа тосгоны ойн захад амарч байх үеэр бүлэг эрэгтэйчүүд дайрч, нөхрийг нь зодож, модонд хүлээд бүсгүйг хүчирхийлсэн байна. Түүнчлэн тэдгээр бүлэг этгээдүүд хохирогчдын гар утас, “laptop” болон 185 ам.доллар /10 мянган рупий/-н бэлэн мөнгийг дээрэмдсэн аж.

Энэтхэгийн албаныхны мэдээлснээр хохирогчид өнгөрсөн баасан гаригт Орчха хотоос хөдөлж, алдарт Таж Махал орших Агра хот орохоор явж байжээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр Швейцарийн жуулчид гурван сар гаруйн хугацаанд дугуйгаар аялахдаа Пакистан улсыг аюултай хэмээн алгасаж, шууд Энэтхэг улсыг зорьсон нь энэ аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж