Дэвэрсэн уул уурхай: 10 жилийн өмнө ба хойно

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Дэвэрсэн уул уурхай: 10 жилийн өмнө ба хойно

Санамсаргүй тохиолдолоор, би уул уурхайн салбарт 10 жилийн (гэхдээ яг 10
биш шүү. Хэлэхэд амрыг нь бодож арав гэчихвэл надад амар байна) дараа
дахин орж ажиллах завшаан тохиолдлоо. Мэдээж, өдөр тутмын ажлын
хажуугаар энэ салбарт юу өөрчлөгдөж вэ гэдэг надад их сонирхолтой
байлаа. Ингэхэд намайг байхгүй байсан 10-аад жилд юу өөрлөгдөв дөө? Сайн
муу, сайхан муухай зүйл юу байна?

Арван жилийн өмнө Монгол улс хөгжих гэхээр мөнгө дутлаа гэж шалтагладаг
байж билээ. Энд тэнд дарга нар ярихдаа ийм ч сайхан, тийм ч мундаг
болгочихмоор л байна, даанч санхүүжилт алга, мөнгө нь байсан бол “алаад
өгөх байлаа” гэдэг байсан. Үнэхээр мөнгө хөрөнгө нь дутагддаг байсан 
тэр үед 1997 онд батлагдсан хууль үйлчилж, гадны хөрөнгө оруулалт татаж,
Монгол улс яаж ийгээд мөнгөний эх үүсвэртэй болохыг хүсэж байсан цаг
сан. Үүний төлөө эрэл хайгуулын тусгай зөвшөөрлийг замбараагүй тарааж,
геологийн судалгаа, тандалт явуулах байтугай энэ талаар туршлагагүй
хүмүүст тэдгээр нь бараг новш болон овоолгоотой байдаг байж билээ. Миний
санаж байгаагаар, тэр үед миний ажиллаж байсан, алтны дэлхийд 2-т
жагсдаг компаний нилээн том дарга ирж манай Засгийн газрын том дарга
нартай уулзаж, хөрөнгө оруулах талаар ярилцаж байсан ч тэр том компанид
манай улсад ажиллах боломж олдоогүй юм даа. Тэгсэн мөртлөө байгаль
орчинд асар хор хөнөөлтэй технологи ашигладаг дотоодын ба Орос, Хятад
компаниуд лицензийг яаж ийгээд олдог, олборлодог байлаа. Харин
сонирхогдох, судлах газрын тусгай зөвшөөрөл олж чадаагүйн улмаас, нэг их
удалгүй, тэр компани Монголоос гарч явж байсан билээ. Харин одоо зарим
компаниуд үйл ажиллагаагаа хумьж, гарч эхэлсэн нь гаднаас нь харахад
төстэй ч юм шиг.

Арван жилийн өмнө зөвхөн эзэндээ өгөөжөө өгч баяжуулдаг, мэр сэр
сонгуулийн зардал болдог байсан лицензи, лицензийн наймаа орчин үед
авлигын үржил шимт хөрс болсон байна. Үүнийг “News week” сонинд
нийтлэгдсэн Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболдын
ярилцлага (http://www.news.mn/content/136468.shtml) нотолно. АТГ-ын
шалгалтаар тогтоогдож, шүүхээр хүчингүй болгож хураасан 106, хахуулийн
зүйл болсон лицензүүд гээд нийт 111 лиценз бүхий талбайд байна гэнэ.
Бага хэрэг үү?  Ийм төрлийн хууль бус ажиллагаанд тусгай зөвшөөрөл
эзэмшигч төдийгүй, хяналт тавьж үйлчлэх ёстой төрийн албан хаагч нар
оролцон байгааг энгийн иргэд, геологи, уул уурхайн салбарынхан ам дамжин
ярьсаар удаж байгаа ба лиценз тус бүрийг  шалгах шаардлага ч гарч
магадгүй гэж мэдэгдэж байна. Мөн тэрээр “сүүлийн үед уул уурхай дагасан
авлига, албан тушаалын гэмт хэрэг хүрээгээ тэлж байна” гэсэн нь энэ
арван жилд өгсөн маш товч бөгөөд тодорхой дүгнэлт болж байгаа юм.

Хэн түрүүлж өргөдөл өгсөн нь тусгай зөвшөөрлийг авдаг байсан арван
жилийн өмнө компаниуд лиценз авахаар компаниуд барилддаг, зодолддог
нөхдүүдийг Ашигт малтмалын газарт дагуулж очдог байсан сан. Мэдээж,
эхний очерт орохын тулд шүү дээ. Гэтэл 10 жилийн хойно ажиглахад, хуучин
нийгмийн үед мэдэгдэж, судлагдсан бүх тусгай зөвшөөрлүүд ерөнхийдөө тэр
үеийн эрх баригчдын гарт орсон байгаа нь эхний хүнд гэдэг арга лав үр
дүнгээ өгөөгүй юм байна. Харин одоо бүх лиценз зардаг, зарлагаддаг
эзэнтэй болсон болохоор Монголын уул уурхайн салбарт шинээр өрсөлдөхөөр
орж ирж байгаа компаниудад “эздээс нь” худалдаж авахаас өөр арга
үлдээгүй бололтой. Мэдээж шинээр тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар
зогсоосон байгаа болохоор арга нь нарийсаж, лицензи эзэмшигч болох
тоглоомон компанитай нь худалдаж авдаг болжээ.  Харин хууль бусаар
худалдагдаж байгаа тусгай зөвшөөрлүүдээс Монгол улсад ач тус, хувь нэмэр
болох зүйл огт байхгүй байна.

Арван жилийн өмнө бидэнд уул уурхайд дэвшилтэт технологи оруулах асуудал
хурцаар тавигдаж, Орос сургуулиар хүмүүжсэн геологичдыг дэлхийн
хандлагатай хөл нийлүүлэхэд гадны мэргэжилтгүүд, ялангуяа, Австрали,
Кандын мэргэжилтүүд Монголчуудад ихийг сургаж байсан сан. Зөвхөн
геологичид төдийгүй бусад уул уурхайтай холбогдох мэргэжлийн хүмүүс ч
гэсэн тэднээс суралцаж, мэдэж авдаг нь их байлаа. Харин энэ арван жилийн
замбараагүй, хяналтгүй байдлын үрээр, өнөөдөр, гадны мэргэжилтнүүд
(expat) Монголчууд болон хөрөнгө оруулагчдын дунд тоглож мөнгө олдог
шуналт бүлэг болон төлөвшсөн нь харагдаж байна. Мэдээж, олон хүн сайтай
муутай, ой мод урттай богинотой гэдгээр хүн болгон тийм биш гэлээ ч,
дийлэнх нь олон жил Монголд ажилласан, Монголыг сайн мэддэг гэдгээр
түрий барин хөрөнгө оруулагчдад тал олон, тэднийг төлөөлж байгаа дүр
үзүүлдэг боловч үндсэн зорилго нь манай хяналтгүй, замбараагүй орчинд
тэдний хөрөнгийг оруулж өөрсдөө том хазах, өөрөөр хэлбэл, “цөм цавчих”
туйлын хүсэлтэй байдаг. Тэдний дунд  өөрсдөд нь ашиггүй, эсвэл
таалагдахгүй бол хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгдөг, буруу
ойлгуулдаг, өөрсдөө үг заан “хүний гараар могой бариулдаг” хүмүүс бий.
Тэд ажил, үйлчилгээ, бараа хангамж, техник, тоног төхөөрөмжөөс эхлээд
бүх л зүйл дээр компанидаа биш өөртөө ашигтай гэрээг холбоо сүлбээ,
танил талтайгаа үзэглэдэг. Тэд гадаад ба монгол ажиллагчдад илэрхий
шударга бус ханддаг. Үүний ганцхан жишээг дурдахад, адилхан ажил хийж
байгаа гадаад монгол хүний цалинг ижил түвшинд байлгах гэж дуугарсныхаа
төлөө ажлаасаа халагдаад, дараа нь шүүхдээд ялсан Гантуяа юм. Гэхдээ энэ
бол ганцхан тохиолдол биш амьдрал дээр хавтгайрсан үзэгдэл шүү.

Тэдний мөнгө босгодог үндсэн аргуудын нэг бол судлагдаж байгаа Монголын
баялгийг дэнчин болгож, гадаадын хөрөнгийн биржүүдээс мөнгө босгодог
арга юм. Хөрөнгийн бирж дээр гарч хөрөнгө оруулагчдыг татаж, эрэл
хайгуул, судалгаа явуулдаг нь мөнгө босгох нь хөрөнгө оруулалтын нэг
арга мөн. Үүнийг эсэргүүцэх юм уу, буруутгах шалтгаан надад алга.
Харамсалтай нь, судалгааны үр дүнг санаатай, санаандгүй өөрчилж,
түүгээрээ жирийн хөрөнгө оруулагчдыг зохион байгуулалттай хуурдаг,
луйварддаг арга газар авч болзошгүй байна. Нэг хэсэг нь хүний анхааралд
оруулахгүйн тулд нөөцийг нь дардаг, нөгөө хэсэг нь хөрөнгө оруулалт олох
юм уу, эсвэл дамлан зарах сонирхлоор нөөцийг нь нэмдгийн улмаас одоо
улсын фондын мэдээлэл бодит байдлаасаа нилээд зөрдөг болсныг
мэргэжлийнхэн хэлдэг. Иймд энэ бүх мэдээллийн санг яаралтай шалгах,
засах, шинэчлэх шаардлагатай. Ингэж байж Монгол улс найдвартай түншид
тооцогдож, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох юм. Үүнд
нэмэрлэхэд, Ерөнхийлөгч Элбэгдоржийн санаачлан, хэрэгжүүлж байгаа уул
уурхайн лицензүүдийг цэгцэлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэл
нь энд тэнд уул уурхайн бизнес эрхэлж байсан гэх нэртэй байгаль орчныг
сүйтгэгч, хордуулагч, мөнгө угаагч, хууль завхруулагч гадаад, дотоодын
этгээдүүдээс уул уурхай өөрийгөө хамгаалах иммунитеттэй болж,үйл
ажиллагаа нь зөв гольдролд орох зөв, зүйтэй зүйл гэдэгт итгэж байна.

Сүүлийн үед “хүн болгон уул уурхайн мэргэжилтэн боллоо” гэж хүмүүс
шүүмжилдэг. Үнэн. Гэхдээ, уул уурхай зүй зохистойгоор хөгжиж,
Монголчуудад зохих өгөөжөө өгч байсан бол хүмүүс оролцохгүй, дуугарахгүй
байхсан. Болохгүй нь ихдээд, болчимгүй нь дэндээд, дэвэрсэн сүү шиг
халин асгарч байгаа болохоор хүмүүс дуугарч байгаа. Хэзээ ч гэр доторхи
хүмүүс, зүгээр байлаа ч, тогоотой сүү рүү өнгөлзөөд суудаггүй. Харин сүү
дэвэрэхэд хүн болгон уулга алдан дуугардаг нь жам билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж