Б.Жаргалсайханы санаархал

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайханы санаархал

Б.Жаргалсайханы санаархал хийгээд
АН-д өгсөн захиалгын хариуд

Өнгөрсөн долоо хоногт С.Баярцогт, Л.Цог нарын ахалсан ажлын хэсгийн хүрээнд улс төрийн намуудын удирдлагууд Төрийн ордонд цуглаж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чамгүй их хэрүүл үүсгэж дуулиан тарив. МАН-ын генсекийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагаар бол уг хэлэлцүүлэг нь “Асуудал нь цаанаа тодорхой ганцхан хариутай, ганцхан хувьсагч тэгшитгэлтэй. Тэгсэн мөртлөө ард түмэнд улс төрийн намуудын дунд нэг их олон хувьсагчтай ойлгомжгүй юм яриад байна. Цаана нь байгаа санаагаа дэлгэж тавихгүйгээр өнгөн дээр нь задгай яриа өрнүүлж, бүх асуудлыг хамж шимж хашгиралдуулаад дууссан…” гэсэн. Үүнтэй санал нийлэх хүн тун олон байв.Уг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх, Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох, Улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн хуулийг боловсруулах хүрээний анхны уулзалт хэлэлцүүлэг байсан юм билээ.

Гэтэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан юу юугүй л “МАН өнгөрсөн хугацаанд эрх барьж байх  үедээ хуулийг өөрсдөдөө ашигтай хэлбэрээр баталдаг, төрийн бүх хөрөнгийг идэж ууж дуусгасан. Бүх тендер төслүүдийг хуйвалдаж идчихээд өөрсдийгөө ухаантай гэдэг байсан. “Эрдэнэт” үйлдвэрт бараа шахах, төсөл хөтөлбөрүүдийг хувааж авсны сүүлийн жишээ нь МИАТ-ээр илэрч байна. Төрөөс зарласан бүх тендерийг компани руугаа шахаж олсон мөнгөөрөө сонгуульд өрсөлддөг МАН-ынхныг Үндсэн хуулиар үгүй болгох хэрэгтэй. У.Хүрэлсүхээс эхлээд Бодоо, Данзан, Цэдэнбал бүгд адилхан гэж ирээд ярих юм. Үнэндээ эд тийм хүмүүсийн нэр хүндийг өөрсдөдөө наасан нуснууд. Тэгэхээр энэ нуснуудыг дарж өгсөн АН-ынханд баярлалаа. Одоо бүр байхгүй болгоорой…” гэж ирээд баахан хуурай агсам тавьсан юм. Гэтэл энэ нь цаанаа учиртай байж. Тэрбээр сар шинийн дараа МАН-ын дарга нарт хадаг барьж золгохдоо “МАХН-тайгаа эвсч сонгуульд ороорой…” гэсэн захиас илгээсэн. Барьсан цайг нь ууж амжилгүй араас нь “Танай хоёрын эвслээс би Ерөнхийлөгчид нэр дэвшие…” гэсэн бололтой юм. МАН ялагдсан, гадуур яриад байгаа шиг толгойлох лидергүй ч байж болно. Гэхдээ л могой гурав тасарсан ч гүрвэлийн чинээтэй гэдэгчлэн дотооддоо хэн нь ч хэнээсээ дутахааргүй олон улстөрчтэй. Тэдний бараг хамгийн сул нь ч “Буян” Жагаагаас дээр гэдгийг өнөөгийн МАН-ын дарга нарын хэн нь ч мэдэхтэйгээ байх гэж найдаж байна. Ямар сайндаа саяхны нэгэн Удирдах зөвлөлийн хурал дээрээ дэд сайд асан Ж.Сауле “Дотроо асуудлаа ярьж байна, шинэчлэх гээд шийдэх гээд байна гэж суух хооронд чинь биднийг ялагдлын шокноосоо ч гарч чадахгүй байна гэхчилэн элдэвлээд байна. Одоо алхаагаа арай хурдасгаад гадагшаа гарч байлдая залуусаа…” гэж хэлсэн байх вэ дээ. Үнэндээ л төрийн эрхэнд байсан энэ намынхан хэтэрхий тохь тух заагаад суугаа нь удаадаад байна уу гэхээс улс төрийн амжилтгүй, үүх түүхгүй, Г.Занданшатарын “Өнөөдөр өөр өөр үзэл бодолтой ийм улс төрийн намуудын төлөөлөл цугласан байна. Гэхдээ биднийг Монгол Улсын эрх ашиг гэдэг нэг л зүйл нэгтгэж байгаа. Энэ нэг л, чухал л эрх ашгийн төлөөх агуулгаар хэлэлцүүлгээ зохион байгуулах ёстой юм. Энэ танхимд 220 мянган гишүүнтэй намын төлөөлөл ч байна, нэг компанийн төлөөлөл ч байна. Энэ ялгаатай намуудын тухай хуулийн хоёр төсөл гаргасан мөртлөө нэгийг нь ч тарааж өгөхгүйгээр энэ хэлэлцүүлгийг явуулсан гэж нэр зүүгээд эцсийн дүндээ улс төрийн нэг намын дарангуйлал тогтоох санаархал явж байна. Энэ асуудлыг аль нэг намын төлөө аль нэг нам дүртэй компанийнхан биш Монгол Улсын эрх ашгийн төлөө ард иргэд бүгд ярилцаж байж Үндсэн хуулийг өөрчлөх ёстой…” гэсэнчлэн ганц гишүүнтэй компанийн захирлыг МАН нэр дэвшүүлэхдээ тултал доошоо орно гэж бараг л байхгүй дээ хэмээн гишүүд нь бухимдаж буй аж. Түүнчлэн Г.Занданшатар “Б.Жаргалсайхан захиалгаар ярихаа боль. Авлига, хээл хахууль бол аль нэг намын биш нийгмийн үзэгдэл болчихоод байгааг таслан зогсоох хууль батлах хэрэгтэй. Өнөөдөр Тавантолгойд байгаа газрыг “Марубени”-д хэн таслаад өгчихсөн юм бэ? Өмч хувьчлалаар хувьчлагдсан архины үйлдвэрүүд хэнийг санхүүжүүлж байна вэ? Өнөөдөр уул уурхайн томоохон лицензүүд хэнд байна? Энэ бүхэн ганц намын буруу байна уу, хар даа? Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан “Марубени”-д Тавантолгойгоос таслаад өгчихсөн л байгаа биз дээ. Ноолуурын үйлдвэрүүд хэчнээн их санхүүжилт авсан. Архины үйлдвэрүүдийн монополь ашиг, орлого өнөөдөр хууль бусаар УИХ-д орж, Үндсэн хуулиа зөрчиж УИХ-ын гишүүн бологсдын зэвсэг болчихоод байгаа биз дээ. Ер нь автомат машин, шүүхээр сонгууль явуулдаг болох юм бол бүх ард түмнээс санал хурааж явдал чирэгдэл удаж яах гэж байгаа юм бэ? Сугандаа нэг хууль хавчуулчихаад, эмх замбараагүй молекулууд шиг эмх замбараагүй олон юм яриад тодорхой шийдэлгүйгээр хууль гаргана гэж байхгүй. Тодорхой асуудлаар нэг бүрчлэн ярих хэрэгтэй. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг “дордуулсан долоон өөрчлөлт”-өөс нь эхлээд улс төрийн нам ямар байх, санхүүжилт нь ямар байх, авлига хээл хахуулийг яаж зогсоох, энэ улс орон яаж урагшлах мэтийг бүгдийг нь бодолцож, эдгээр зарчмуудыг мөрдүүлэх хэрэгтэй…” гэж загнасан.

Хариуд нь Б.Жаргалсайхан “Би захиалгаар яриагүй. Чи сайд байхдаа хүнийг айлгадаг байсан юм байгаа биз. Одоо албан тушаалгүй чамаас хэн айдаг юм. АН-ынхан МАН-ыг унагахын тулд хууль зөрчсөн. Нэг хууль зөрчөөд МАН-ыг байхгүй болгосон юм чинь харин одоо битгий хууль зөрчөөрэй. Улс төрийн намуудын байр, санхүүжилтийг зохицуулж нэг гараанаас гарах хэрэгтэй. МАН-ынхан том ордонд сууж байхад бусад нь яагаад гудамжинд хэвтэх ёстой гэж. МАН-ыг Мах комбинатын хашааны жижиг тоосгон байшинд оруулах хэрэгтэй…” хэмээн үргэлжлүүлэн агсамнасан.

Бас Г.Занданшатар “Саяхан АНУ-ын эрдэмтэд “Дөрөвдүгээр үеийн дайны хэрэгсэл” гэдэг ном бүтээжээ. Аливаа улс орныг эзлэх, хөгжлийг сааруулахад дайн байлдаан хийж, цэрэг оруулах шаардлагагүй болж. Дотоодод нь, хооронд нь хагаралдуулахад хөрөнгө оруулах нь дөрөвдүгээр үеийн дайны буу, зэвсэг юм байна. Нэн ялангуяа хурдацтай хөгжиж байгаа улсуудыг хараандаа, эрхшээлдээ байлгахын тулд дотоодод нь яс хаяж, хүчийг нь барах болсныг номложээ. Үүний тод жишээ нь “Арабын хавар”, Киргиз гээд олон жишээ байна. Улс төрийн нам, хүчнүүд нь нэгнийгээ устгаж, татан буулгаж, иргэний дайн өрнүүлэх зэрэг нь хурдацтай хөгжиж байгаа орнуудыг юунд хүргэснийг харах хэрэгтэй. Ийм учраас нийт улсынхаа эрх ашгаа гадна, дотны гар хөл бологсдын үйл ажиллгааг таслан зогсоох тийм хууль батлах хэрэгтэй…” гэсэн нь өдгөөгийн манай улс төрд хэрэгтэй л үг санагдсан.

Энэ эх захгүй хэрүүл үнэндээ халуун намраар Гарьдхүүгийн Баярсайханы “Намыг чинь газрын хөрстэй тэгшилнэ, булна, булшилна…” гэж У.Хүрэлсүх рүү дайраад байсны үргэлжлэл болох шиг санагдлаа. 220 мянган гишүүний бус хувийн компанийнхаа өрөнд Тавантолгойн газраас тасдаад өгчихсөн улстөрч, сугандаа ганц хууль хавчуулчихаад ангасан олны дунд ганц лааз ус тавьсан мэтээр урхи тавьж хэмлэлдүүлэх эрх баригчдын дүрийг л улам тодруулах шиг боллоо. Ямартай ч Б.Жаргалсайхан “Та нар хууль бусаар ч гэсэн МАН-ыг давсан дийлсэн, одоо улам арчиж хаяарай…” гээж АН-д эрх баригчдад “захиалаад” байгааг мартаж болохгүй.

Б.ХАЛИУН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж