Энтеровирус чинь ахиад “амилчихаж” | News.MN

Энтеровирус чинь ахиад “амилчихаж”

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Энтеровирус чинь ахиад “амилчихаж”

Удахгүй болох хүүхдийн баяраар жилдээ нэг баярладаг хүүхдүүдэд таагүй мэдээлэл дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Халдварт өвчний тархалтаас болоод ээж аавууд маань бидний баярыг хязгаарлах юм биш биз дээ. Нэг хэсэг бага насны хүүхдүүдийн дунд дэгдэж, мартагдаад байсан энтеровирус буюу гар хөл амны өвчин он гарсаар нилээдгүй тархаад байгаа талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Он гарсаар улсын хэмжээнд гар хөл амны өвчнөөр өвчилсөн 727 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дорнод аймагт хамгийн их буюу 180 хүүхэд өвчилжээ. Өвчлөгсдийн 80 гаруй хувь нь 0-4 насны хүүхдүүд байгаа аж. Уг өвчний тархалт, хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрч байгаа, эмнэлгийн ачаалал хэр байгааг Халдвартын эмнэлгийн амбулаторийн хаалгаар босго давахад л мэдрэгдэж байв. Эмчийн хаалга сахин хүүхдээ тэвэрч, аргаа барсан ээж, халуундаа түүртсэн нулимстай хүү, үзлэг эмчилгээнд дарагдаж, багахан бухимдсан эмч, нааш цааш сандран гүйлдэх асрагч сувилагч нарын байдлаар эмнэлгийн ачаалал ямар байгааг очсон даруйдаа ойлголоо. Тус эмнэлгийн амбулаторийн эмчээс асуухад “Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт хамрагдаж байгаа өвчтөний 60 гаруй хувийг гар хөл, амны өвчний шинж тэмдгүүд давамгайлж байна. Өнгөрсөн сараас эхлээд хүүхдүүд энэ өвчнөөр их өвчилж байна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд илэрч байгаа болохоор олон нийтийн газар авч явахгүй, гарыг нь ариутгаж, амин дэм бүхий хоол хүнс идүүлэх хэрэгтэй. Шинж тэмдэг илэрсэн үед эмчийн хэлсэн заавар зөвлөмжийн дагуу дэглэм баримтлахгүйгээс болж эцэг эхчүүд хүүхдээ хүндрүүлж байна. Би өглөө эээлжнээс буух байсан ч одоо болтол үзлэг хийгээд амарч чадахгүй байна” гээд үзлэгээ цааш үргэлжлүүлсэн юм. Энэ өвчний дэгдэлт, хэрхэн сэргийлэх ёстойг уншигчдадаа хүргэх үүднээс тус эмнэлгийн Сургалт, мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас илүү дэлгэрэнгүй тодруулж асуулаа.

-Гар хөл амны өвчний тархалт ямар хэмжээнд байгаа вэ?

-Энтеровирус буюу гар хөл амны үрэвсэлт өвчин он гарснаас хойш ялангуяа дөрөвдүгээр сарын 16-наас эхлээд нилээд эрчимтэй тархалттай байгаа. Өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 25-ний байдлаар 727 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 403, аймгуудад 324 тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн олон тохиолдол нь Дорнод аймагт 180 бүртгэгдсэн байгаа бол, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл зэрэг амйгуудад хэд хэдэн тохиолдол бүр­тгэгд­сэн байна. Өвчлөлийн бай­дал харьцангуй хөнгөн хэлбэрээр илэрч байна. Өнөөдрийн байдлаар хүн­дэрсэн тохиолдол нэг байгаа бо­ловч уг хүүхэд нь өөр өвчинтэй хавсарсан байдлаар манай эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Бусад өвчилсөн хүүхдүүд өрхийн, хэсгийн эмч нарын хяналтад хэвтэн эмчлүүлж байгаа юм. Манай төвд өнөөдрийн байдлаар нийт 35 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол орон нутагт хүндэрсэн тохиолдол харь­цангуй гайгүй байна. Бусад улс орнуудад гарч байгаа байдлаас хара­хад гар хөл, амны өвчинг үүсгэгч нь дулааны улиралд тэсвэртэй, ялан­гуяа хавар, намрын улиралд дэгдэлт нь ихэсдэг юм байна.

-Ихэвчлэн ямар шинж тэмдгүүд илэрч байгаа вэ?

-Өвчилсөн хүүхдүүдийн 90 хувьд нь ихэвчлэн аман дотор нь тууралт гарч байна. Хэлний үзүүр, завьжны салстад цагаан хүрээтэй, дотроо шингэн агуулсан, арьсны төвшингээс дээш овойж гарсан тууралтууд үзэг­дэнэ. Ийм шинжийн тууралт гараад эхэлбэл анхны шинж тэмдэг гэж үзэх хэрэгтэй. Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулахгүй, гадуур гаргахгүй байх нь хамгаас чухал. Өвчин үүсгэж байгаа энторовирусийн нянгууд их өвөрмөц онцлогтой. Тухайлбал ионжуулах туяа формальдегид, фенол, хлор агуулсан бодисуудад их мэдрэг учраас  50 градусаас дээш хэмд идэвхээ алддаг. Гадаад орчинд 4 хэмээс доош хэмд нэг жил, -20 градуст удаан хугацаагаар, хүний өтгөнд хэдэн долоо хоногоор амьдардаг гэсэн дүгнэлт байдаг.Тухайл­бал өвчилсөн хүүхдийн ам, хамар, хоолойн ялгадас буюу шүлс, цэрэнд байхаас гадна хүний ялгаруулж буй өтгөнтэй хамт ялгардаг. Энэ нь амьсгалын замаар халдварлахаас гад­на бохироос халдварлана. Өөрөөр хэлбэл хүний ялгаруулж буй хөлс, шүлс цэр, өтгөнөөр дамжихаас гадна орчны хөрс, ус, гадаад орчноос болон гар, хөлөө угаахгүй тохиолдолд бохир гараар дамжих боломжтой. Ихэнх тохиолдолд 80 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилдөг бөгөөд ихэвчлэн 0-4 хүртэлх насанд хүндрэх нь элбэг байна.

-Хүндэрсэн хүүхдийн маань би­еийн байдал одоогоор ямар байгаа вэ?

-Ер нь болд нилээд хүнд талдаа байна. Өөр халдвартай хавсарсан хэлбэрээр сэхээн амьдруулах тасагт долоо хонож байна. Ер нь бага нас­ны хүүхдүүд өвчлөх боломжтой. Яагаад гэхээр амьсгалын зам, хоол боловс­руулах зам гэдэг нь хүүхдийн өвчилдөг хамгийн түгээмэл хэлбэр юм. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ анхаарал тавих шаардлагатай. Халд­вар­тай гэж тогтоогдсон 700  гаруй  бай­гаа ч яг нарийндаа бидэнд мэ­дэг­дээгүй тохиолдлууд байгааг үгүйс­гэхгүй.

-Яагаад бага насны хүүхэд халд­варлаж байгаагийн шалтгаан юу вэ?

-Тухайн хүүхдүүдийн эрхтэн сис­темийн тогтолцоо, өвчлөлд мэдрэг буюу дархлаа бүрэн тогтож амжаагүй үетэй холбоотой байдаг. Голдуу олон хүүхэд цугларсан асрамжийн га­зар, цэцэрлэг, сургуулийн бага ан­гиудад өвчний голомт тарх­сан байна. Манай төвд л гэхэд 89 байгууллагын 151 хүүхэд өвчилсөн нь үзлэгээр илэрч байна.

-Хүүхдийн байгууллагууд энэ өвчнөөс сэргийлэх ямар арга хэмжээ авах ёстой вэ?

– Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2008 онд батлагдсан зааврыг энэ жил засвар оруулж, сайжруулаад, хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаархи зөвлөмжийг орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн хяналтын байгууллага, эмнэлгийн байгууллага, сургууль, цэцэрлэг, хүүхэд­тэй хол­боотой бүхий л бай­гууллагад хүргүүлсэн бай­гаа. Хэрэв өвчин илэрсэн тохиол­долд гэрт нь юм уу, эмнэлэгт тус­гаарлаж хэв­түү­лэх шаардлагатай. Мөн ариут­гал, цэвэрлэгээг тогтмол хийж, байн­гын гар угаах бодис, уусмалаар тогт­мол хангаж бие засах газруудын ариутгалыг маш сайн хийх хэрэгтэй. Өнөөх өвчин үүсгэгч нян хүний ялга­дасаар гадагшилж байдаг учир ариун цэврийг сайн байлгах шаардлагатай. Гадуур, дотуур бие засах зэрэг орчныг бохирдуулж болохгүй. Өвчилсөн хүү­хэд байвал цэцэрлэгийн эмч, сур­гуу­лийн эмч, өрхийн эмч нарт мэ­дэг­дэн бүртгүүлж, хяналтанд орж эмч­лүүлэх шаардлагатай. Эмч нар тух­айн хүүх­дийн биеийн байдлыг үзэн, дүгнэлт хийгээд зөвлөмж өгч байгаа. Тухайн зөвлөмжийг эцэг эхчүүд маш сайн хэрэгжүүлэх хэрэг­тэй.

-Олноор өвчилсөн сургууль, цэцэр­лэг одоогоор байна уу?

-Өнөөдрийн байдлаар сургууль цэ­­цэр­лэгийг хаасан тохиолдол алга бай­на. Цэцэрлэг, сургуулийг бүхэлд нь хаах шаардлагагүй. Тухайлбал цэцэр­лэг 10 ангитай байлаа гэж бодоход нэг ангиас 2-4 хүүхэд өвчлөх юм бол хэ­сэг­чилэн хаана. Өөрөөр хэлбэл огт хүүхэд авахгүй гэсэн үг биш. Нэмж шинээр хүүхэд авахгүйгээр ариутгал, цэвэрлэгээг хангалттай сайн хийж, хүүхдүүдийн ариун цэвэрч байдлыг цаг тутамд хангаж, гарыг нь цаг тутамд угаалгаж байх хэрэгтэй. Урьд нь явж байсан хүүхдүүдээ өглөө болгон халууныг нь тогтмол шалгаж, биеэр нь тууралт гарсан эсэхийг үзээд, гэртээ ямар байдалтай байсныг эцэг эхээс нь лавлаж бүртгэл хөтлөх ёстой.

-Эмчид хандахаас өмнө гэрийн нөхцөлд анхны тусламжийг хэрхэн авах ёстой вэ?
-Хөнгөн хэлбэртэй хүүхдэд хэвт­рийн дэглэм сахиулаад, ялангуяа бү­лээн шингэн зүйл ойр ойрхон уулгах  хэрэгтэй. Амны гэмтсэн туу­ралт­тай хэсгийг ариутгалын уус­мал гэх ервоноли, фурациллин гэдэг уус­малаар ам, хоолойг нь сайн зайлуулж байх хэрэгтэй. Хүүхэд аманд нь шарх гарсан тохиолдолд хоол идэж чадахгүй байж болно. Тийм учраас зөөлөн зутан, бантан хэлбэрийн хоол өгөх хэрэгтэй. Мөн витамин, тэ­жээл­лэг хоол хүнсийг идүүлэх нь энэ өвчнийг давж гарах чадвар нь сай­жирна. Мөн өрөө тасалгааг цаг ту­тамд агааржуулж, орон гэрээ бохир за­ваан байлгаж болохгүй.

-Өвчний дэгдэлт намжих төлөв байна уу?

– Гар хөл, амны өвчнийг үүсгэгч вирус дотроо бараг арав гаруй төрлийн вирус байдаг. Тухайлбал нэг вирусээр өвчлөөд эдгэрсэн тохиолдолд эргээд дахиад өөр нэг вирусээр нь өвчлөх явдал тохиолдож болзошгүй. Манайд 2008 онд 3000 гаруй хүүхэд өвчилсөн байдаг. Энэ оны эхний хагас жилд 700 гаруй хүүхэд өвчлөөд байна. Уг өвчин нь дотроо арав гаруй төрлийн вирусээр илэрч байна гэдэг нь ижил төст вирусээр өвчлөөд зүгээр боллоо гэхэд тодорхой хугацаанд дархлаа тогтоно. Дараа нь дахиад нэг төст вирусээр өвчлөх эрсдэл байгаа учир нэг хэсэгтээ салахгүй даамжирч бол­зош­гүй байна. Ийм учраас эцэг эхчүүд, хүүхдүүдтэй ажилладаг бай­гуул­лагууд, орон нутгийн удирд­ла­­­гууд, эмч нар бид ч төгс хандах хэрэгтэй байна.

-Хүндэрсэн тохиолдолд амь на­санд аюул бий юу?

-Өвчин л юм чинь хүндэрдэг юм байна. Хөнгөн хэлбэрээр илэр­сэн тохиолдолд гэрээр дэглэм сайтар барих хэрэгтэй, Дунд зэргийн өвчлөлтэй хүүхдийг эмнэлэгт хэв­түү­лэх үү, гэрт нь эмчлэх үү гэдгийг тухайн үзсэн эмч шийдвэрлэнэ. Хүнд байх юм бол тусгаарлан эрчимт эм­чилгээг хийнэ. Эмчилгээг ном жур­мын дагуу хийнэ. Хүүхэд татах, ухаан балартах, хордлогонд орох, удаан хугацаагаар халуурах зэрэг шинж тэмдэг хүндэрсэн үед илэрдэг. Хүнд, хөнгөн аль ч тохиолдолд эмчид хандах ёстой.

Эмчээс анхааруулж ярьсны дагуу хүүхдийн байгууллагууд ажиллаж чадаж байгаа эсэхийг шалгахаар тө­лөөлөл болгож нийслэлийн Баян­зүрх дүүргийн 146 дугаар цэцэр­лэ­гээр очиж үзлээ. Гаднаас нь харахад өнгө зүс муутай байранд байдаг ч анги танхим нь гэрэл гэгээтэй, дуулж хуурдсан цовоо багачуудын цангинасан дуугаар угт­лаа. Тус цэцэрлэгийн хүүхдүүдэд багш нар нь долоо хоног тутамд амаа хэрхэн зайлах, гараа яаж зөв угаах, унтахдаа ороо яаж засах зэргийг сайтар зааж өгдөг учраас бараг л надад бяцхан жаалууд “багшлах” нь холгүй зааварлаж байгаа нь хувийн ариун цэврийн ойлголт сайн байгааг харуулж байв. Манай цэцэрлэгт гар хөл амны өвчнөөр өвчилсөн нэг ч хүүхэд байхгүй, тэгэхээр өөр цэцэр­лэгээр орсон нь дээр байх гэсэн цэцэр­лэгийн эрхлэгчийн хэлсэн үг ми­ний сонирхлыг илүүтэй татсан юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэцэгмаа “Манай цэцэрлэгийн багш нарын зааж сургасан хувийн ариун цэврийн талаарх боловсролыг улирал тутамд багшаас нь бус хүүхдүүдээс нь шал­галт авч, багшийн заах ур чадварын үнэлгээг  тогтоодог учраас халдварт өвчний дэг­дэлтийн үед ач тусаа өгч байна гэж бодож байна. Нөгөө талаар хүүхдийн ариун цэврийн өрөө тусдаа, унтлагын өрөө тусдаа. Ариун цэврийн хэрэгсэл болох ор хөнжлийн даавууг манай үйлчлэгч нар ариутгалын уус­малаар угааж ариутгадаг ч нө­лөөл­­­дөг байх. Аливаа зүйлийг бол­сон хойно нь бус, болохоос нь өмнө сэр­гийлэх ажил хийх нь албан хаагч­дын үндсэн зарчим байх ёс­той гэж бо­дож ажилладаг. Ариутгал цэвэр­лэгээг ЭМЯ-наас баталсан стан­дар­тын дагуу тогтмол хийж байгаа” гэж байсан юм. Үнэхээр энэ өвч­ний халд­варын тархалт их байгаа энэ үед тус цэцэрлэгийн багш ажилчид шиг ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хийж, эцэг эхчүүд хүүхдийн эрүүл мэндэд анхаарал тавиад эхэлбэл бид заавал мууг дагуулаад байна гэж юу байхав дээ.

Д.ДОЛГОРСҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж