Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа энэ алслагдсан гэр хорооллын дүүрэгт ирж уулзаж байгаад иргэд ихэд талархаж байлаа. Тэд хүүхдийн сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйг онцлон дурдаж, Улиастай, Хужирбулан, Гачууртын дунд өвчтөн хэвтэж эмчлүүлэх эмнэлэгтэй болох, зам засварын ажлыг нөхөөс төдий хийдэг нь ганцхан жилийн дотор эргэж ховхордог, автобусны зарим буудлын байршил оновчгүй, газрын зөвшөөрөлгүй, гэрэл цахилгаангүй айл өрх олон, ажилгүйдэл их, хорооны нутаг дэвсгэрийн заагийг нарийн тогтоож өгөх шаардлагатай, хүүхэд, залуус тоглох талбай, иргэдэд үйлчилдэг соёлын төв хэрэгтэй байгаа талаар саналаа хэлэв. Мөн Тамхины эсрэг хууль сайн хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. Одоо архины эсрэг ийм хатуу хууль гаргах шаардлагатай байна гэж Ерөнхийлөгчид хэлж байлаа.
Дүүргээс нь УИХ-д сонгогдсон гишүүд иргэд сонгогчидтойгоо уулздаггүй талаар иргэд Төрийн тэргүүндээ дуулгаж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн байр суурь, саналыг сонсож, тэдний олон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ “Баянзүрх дүүрэг бол 280 мянган хүн амтай Монгол Улсын хамгийн том засаг захиргааны нэгж. Монгол Улсын 2,8 сая хүн ам 10 Баянзүрх дүүрэгтэй тэнцэнэ. Баянзүрх дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 4,4 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнийг иргэдийнхээ оролцоо, саналын үндсэн дээр юунд зарцуулахаа шийдэх ёстой. Иргэд санаачилгатай байж өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх чиглэлээр ажилламаар байна. Цаашид халамжийг хавтгайд нь биш, тэтгэврийнхэн, хүүхэд, оюутан, хөдөлмөрлөх чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 20-40 насны залуу ээжүүд гэсэн таван бүлэг хүмүүст чиглүүлэх бодолтой байгаа” гэж онцлон дурдав.
Ерөнхийлөгч алслагдсан гэр хорооллынхонтой уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн Баянзүрх дүүргийн алслагдсан захын гэр хорооллын 23 дугаар хорооны иргэд, оршин суугчидтай 2013 оны гуравдугаар сарын 16-нд уулзаж, тэдний саналыг сонсон ярилцлаа.