ОССК сая төгрөгт багтаан орон сууц барина

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

ОССК сая төгрөгт багтаан орон сууц барина

ОССК-ийн захирал А.Гантулга:

-Өмнө ОССК-иас иргэдэд олгож байсан орон сууцны хөнгөлөлттэй зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн байгаа. ОССК өөрөө цаашид юу хийхээр төлөвлөж байна?

-ОССК-ийн хөрөнгийн 51 хувийг нийслэлээс бүрдүүлсэн бол үлдсэн 49 хувийн тал /24,5 хувь/ нь Барилга, хот байгуулалтын яамны, тал нь  Сангийн яамны мэдэлд байдаг газар. Гурван том толгой, гурван том мэдэл байдаг гэж хэлж болно. Одоогийн байдлаар манай байгууллагын активын хэмжээ 150 гаруй тэрбум төгрөгт хүрээд байна. Дээр нь бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахыг хичээж байгаа. Тиймээс орон сууцны долдугаар хороолол, Буянт-Ухаад баригдах шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаа. ОССК-д орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн туршлага байна, үнэнч шударгаар ажиллах чадварлаг боловсон хүчин байна. Энэ бүхнийг үндэслээд  орон сууцны шинэ төлөвлөлтөд оролцох хүсэлтийг дэмжих болов уу гэж бодож байна.

-Та орон сууцны нэг ам метр талбайн үнийг нэг сая төгрөгт багтаах боломжтой гэж мэдэгдсэн. Харин барилгынхан таныг үлгэр ярилаа гэж шүүмжилж байгаа. Хэрэв ОССК шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтад оролцвол үнэ ханшаа нэг сая төгрөгт багтааж чадах уу?

-Тийм ээ. Нэг сая төгрөгт багтаан барьж болдгийг харуулах болно. Барилга барих бол хүнд ажил биш шүү дээ. Харин цахилгаан, дулааны хангамж, дэд бүтцийг нь шийдэх л хэцүү. Зарим хүмүүс намайг тал тоосго өрж үзээгүй гэж шүүмжилж мэдэх юм. Гэвч би бизнесийг мэднэ. Барилга чинь бизнес шүү дээ. Бизнесийг яаж зөв авч явахыг би мэднэ. Ц.Нямдорж гуайн хэлдэг “Хүнд жудаг гэж нэг юм байдаг даа” гэдэг үгийг би барилгын компанийн упирдлагуудад хаяглаад хэлчихье. Ялангуяа бизнесмэн хүнд жудаг хамгаас чухал. Барилгын үнэ өндөр байгаагийн нэгдүгээр шалтгаан газрын үнэ. Тэрбум, тэрбум төгрөгөөр газар худалдаж аваад, нэг төгрөгийг гурван төгрөг болгож суга өсгөдөг бизнес бол барилга гэдэг нь харагдаж л байна шүү дээ. Барилгын салбарын үнийн өсөлт бол зохиомол хөөсрөлт гэж би хатуу хэлнэ. Улаанбаатарт халаалтын радиатор нэг ширхэг нь 120 ам.доллар байхад Германы үйлдвэрт захиалга өгч энд авчрахад 30 ам.доллар л болж байна. Мөн вакум цонхыг эндээс авснаас Германаас авчрах нь гурав дахин хямд байна. Энэ мэт жишээ олныг хэлж болно. Тэгэхээр хөөсрөлт гэхээс аргагүй. Түүнчлэн барилга барих стандарт нэг биз дээ. Гагцхүү байшиндаа суурилуулсан ванн жорлон, дотоод засал, интерьер дизайн зэргээс шалтгаалаад хэт өндөр үнэ тогтоогоод байна. Алтаар бүрсэн суултуур, шаазан суултуур хоёр өөр үнэтэй байх нь мэдээж биз дээ. Өнөөдөр монголчууд бүхэлдээ ченж амьдралд орчихлоо. Мөнгөний, барилгын, махны, нүүрсний, түлээний ченжүүдээс амьдрал шалтгаалж байна. Барилгын салбарыг төр дэмжих үедээ дэмжсэн. 2008 оны хямралын үед “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр санхүүжилтгүй зогсчихсон компаниуд сэргэсэн.

Тэгэхээр барилгын салбарынхан эргээд ард олондоо хямд үнэтэй барилга нийлүүлэх үүргээ биелүүлэх цаг болсон гэж би хувьдаа боддог юм шүү.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж