Уул уурхайн салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр эх орны өнцөг булан бүрт том, жижиг уурхайнууд нээгдэж, шинээр ажилтан элсүүлэн авч, уул уурхайн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Мөн үүнтэй зэрэгцэн уурхайн төслүүд дээр ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, орчин, цалин хангамж ямар байдаг талаар сайн, муу яриа олширч, уурхайд ажиллана гэдэг нь цэрэгт татагдсантай ижил ар гэрээ орхиж явахын нэр мэтээр ойлгох хүмүүс ч нэмэгдсэн. Бид энэ удаад үндэсний уул уурхайн томоохон компани болох Энержи Ресурс ХХК ажиллагсдынхаа хөдөлмөр, нийгмийн асуудлыг хэрхэн зохицуулсан байдгийг сонирхож, тус компанийн Хүний нөөцийн газрын дарга Г.Батгэрэлтэй уулзлаа.
-Энержи Ресурсын Ухаа Худаг уурхайд одоогоор хэдэн хүн ажиллаж байна вэ? Уурхайд ажиллана гэхээр голцуу хөдөө, хотын хооронд ирж очиж ажилладаг гэж бид ойлгодог. Ирж очин ажилладаг ажиллагсдн харьцаа танай компани дээр ямар байдаг вэ? Энэ талаар эхлээд сонирхьё.
-Манай компани 2009 оноос хойш Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Ухаа Худаг нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор үндсэн ажиллагсдын тоо 2,600 орчим, үүнээс Улаанбаатар дахь төв офист 100 гаруй хүн, бусад нь уурхай дээрээ ажилладаг. Нийт ажиллагсдын 40 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна, ингэхлээр ажиллагсдын маань 40 орчим хувь ньорон нутагтаа суурин ажиллаж, амьдардаг, үлдсэн нь УБ-аас ирж, очих ээлжээр ажилладаг гэсэн үг. Ээлжийн хувьд тухайн ажлын байр болгоноос шалтгаалаад янз бүр, гэхдээ дунджаар 14 хоног уурхайдаа ажиллаад, 7 хоног амрах байдлаар голцуу зохицуулагдаж байна. Энэ нь уул уурхайн салбарын жишгээр авч үзвэл хамгийн боломжийн, богино хугацаатай ээлж гэж тооцогддог.
-Ээлжээр ажилладаг хүмүүсийн хувьд ар гэрээсээ олон хоног эзгүй байхаас авахуулаад асуудал их үүсдэг байх. Энэ бүхнийг зохицуулах тал дээр танай компани хэрхэн анхаардаг вэ?
-Манай компанийн хувьд энэ тал дээр салбартаа жишиг болохуйц түвшинд анхаарч ажилладаг. Юуны өмнө хүмүүс заавал хотоос ирж очин ажилладаг байх биш, орон нутагт гэр бүлээрээ тав тухтай шилжин суурьшиж амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд бид маш их хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал бид Цогтцэций суманд “Цэций” нэртэй орон сууцны хороолол байгуулж, эхний 2 ээлжийн барилгуудыг ашиглалтад оруулаад байна. Түрүүчээсээ 200 гаруй өрх бүрэн тавилгатай орчин үеийн тохилог орон сууцанд нүүж орсон. Мэдээж гэр бүлээрээ ирэхэд хүний хэрэгцээг хангах худалдаа үйлчилгээ, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудал сөхөгдөнө. Энэ асуудлыг шийдэж, орон сууцнууд маань худалдаа үйлчилгээтэй болж байна. Түүнчлэн ганц ажилтнуудын гэлтгүй орон нутгийн хүүхдүүдэд чанартай, олон улсын түвшний боловсрол олгох боломжийг нээх үүднээс бид энэ жил Өмнөговь аймгийн хамтын хөрөнгө оруулалттайгаар Мөрөөдөл нэртэй сургууль, цэцэрлэг, дотуур байрны иж бүрэн цогцолборыг ашиглалтад орууллаа. Сургууль нь нэг ээлжиндээ 700 хүүхэд сургах хүчин чадалтай, цэцэрлэг нь 144, дотуур байр нь 100 хүүхдийн багтаамжтай. Суманд байтугай хотод ч ховорхонд тооцогдох, өндөр түвшний тохижилт, орчинтой цогцолбор болсон байгаа. Энэ бүх нөхцлийг бүрдүүлсэн учраас хотоос говьд гэр бүлээрээ нүүж ирээд, амьдралаа шинээр цогцлоож байгаа гэр бүлүүд олон байна. Нөгөө талаас хөдөөнөөс хот руу нүүх урсгал, төвлөрлийг сааруулж, аймаг, орон нутгийн хөгжлийг дэмжихэд манай компанийн зүгээс оруулж байгаа бодитой хувь нэмэр гэж ойлгодог. Цаашлаад бид орон нутгийн болон шинээр шилжин суурьшсан ажиллагсаддаа зориулж Цогтцэций сумын төвд “Уурхайчин” нэртэй жишиг гэр хороолол байгуулсан. Нэгдсэн зохион байгуулалтаар хашаа, худаг, гэрэлтүүлэг гээд бүхнийг шийдсэн хороолол бий. УБ-аас ростероор ажилладаг ажиллагсдын тухайд бид УБ-Цогтцэций-УБ чиглэлд 7 хоногт 6 удаагийн тогтмол нислэгтэй учраас ажилтнууд маань Өмнөговь, УБ-ын хооронд ганц цаг нисээд харих боломжийг бүрдүүлсэн байгаа. Мэдээж уурхай дээр ажиллах, амрах нөхцөл маш чухал. “Галлерей” гэдэг нэртэй манай төв кэмп бол Монголдоо анхных гэж тооцогдох, 650 хүний багтаамжтай, архитектурын орчин үеийн шийдэлтэй байгууламж. Энэ кэмпэд 24 цагийн халуун хоол, шүршүүр, интернет, номын сан, бялдаржуулах танхим, спорт заал, дэлгүүр, эмнэлэг гээд бүх үйлчилгээ нэг дор төвлөрсөн байдаг. Ажиллагсдын өрөө бүр дотроо агааржуулагч, халаалтын системтэй, дуу чимээ тусгаарлах давхар хаалгатай учир ажиллагсад тав тухтай унтаж амрах, чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрөөх боломж бүрдсэн. Гадна, дотноос алба, ажлаар ирсэн ямар ч хүмүүс манай ажиллагсдын ажиллаж, амрах орчныг хараад гайхаж, бахархдагт бид баяртай явдаг.
-Уурхайд 14 хоног ажиллаад, 7 хоног амардаг гэж хэллээ. Энэ 14 хоног ажиллах хугацаанд өдрийн хэдэн цагаар ажилладаг вэ? Уурхайн ажил маш хүнд, цаг наргүй ажилладаг гэж дуулдах юм?
-Уурхайд ажиллах хугацаандаа ажиллагсад маань өдөрт 12 цаг ажилладаг, гэхдээ дундаа цайны 1 цагийн завсарлагатай. Уурхай дээрхи офисын бүх ажилтнуудын хувьд 10-11 цаг ажиллаж байсан. Одоо орон нутагт суурин ажиллаж, амьдарч буй офисын ажилтнуудынхаа ажлын цагийг өдрийн 8 цаг болгон өөрчилж өөртөө болон гэр бүлдээ илүү их цаг гаргах боломжийг бүрдүүллээ.Мэдээж хялбар ажил гэж байхгүй, гэхдээ уурхайчид ажлаасаа буусан л бол өөр юу ч хийхгүй, зөвхөн хооллоод, унтаж амрах нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай, энэ шаардлагыг бид өндөр түвшинд хангасан байгаа. Тухайлбал кемпэд байрлаж буй уурхайчдын хоол 24 цагаар бэлэн, хувцсыг нь зориулалтын угаалгын газар угаагаад өгнө, өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээ мөн нэгдсэн журмаар хийгдэнэ. Ингэж бүх нөхцлийг тавтай хангаж өгч байж ажиллагсад маань өөр юунд ч сатаарах, санаа зовох зүйлгүйгээр маргаашийн ажлын эрч хүчээ авч, тавтай тухтай унтаж амарна. Нөгөө талаас ажиллагсаддаа зориулсан дээрх олон зүйлс, үйлчилгээнүүдийг боломжтой хэмжээгээр нь бүрдүүлж байгаа боловч ээлжийн ажилтай ажиллагсад маань унтаж амрах болон чөлөөт цагийнхаа зохистой харьцааг барих нь чухал. Мөн энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Ээлжийн ажилтай хүмүүсийн хувьд осол авааргүй, найдвартай ажиллах нэг гол нөхцөл нь сайн амралт шүү дээ. Мөн ажлын орчныг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх тал дээр манай компани жишиг болохуйц ажиллаж ирсэн. Манай уурхайд хамгийн орчин үеийн, өндөр хүчин чадамжтай, цоо шинэ машин механизмууд ашиглагддаг, энэ нь мөн л ажиллагсдын ажлын найдвартай, аюулгүй нөхцлийг бүрдүүлэх нэг үндэс болно. Уурхайн хүнд машин механизмын засварын төвүүд л гэхэд дэлхийн томоохон уурхайнуудын жишигт нийцсэн, маш өндөр тоноглолтой байдаг. Энэ бүхэнд хөрөнгө оруулалт хийж ирсэн нь ажиллагсдаа сэтгэл хангалуун, тав тухтай, зориулалтын орчин нөхцөлд ажиллуулах боломжийг олгож байна.
-Цалингийн мэдээлэл мэдээж нууцлалтай байдаг байх. Гэхдээ дундаж түвшинг сонирхож болох уу?
-Цалин хангамжийн хувьд манай компанийнх салбартаа төдийгүй улсын хэмжээнд бүрэн өрсөлдөхүйц гэж тооцогдоно гэдгийг баттай хэлэх байна. Уурхай маань ганц уурхай биш нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, ус хангамж, зам, тээвэр, засвар үйлчилгээ гээд иж бүрэн томоохон цогцолбор учраас бүгд уурхайчид биш, олон төрлийн ажлын байртай, цалингийн түвшин харилцан адилгүй гэдэг нь ойлгомжтой. Үүний дээрээс уурхайд ажиллах хугацаанд хоол, унаа, хувцас, тээвэр гээд бүх хангамж үнэ төлбөргүй учраас ажиллаж байх хугацаанд мөнгө зарцуулаад байх ямар ч шаардлагагүй гэж хэлж болно. Дээрээс нь урт хугацаанд тогтвор суурьшилтай, ажил үүргээ сайн гүйцэтгэдэг ажилтнуудаа бид дээр дурдсанчлан орон сууц, ахуйн нөхцлөөр сайн хангаж байна.
-Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад хэр анхаарч байна вэ? Нийт ажиллагсдын 40 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлдэг гэж та өмнө хэлсэн. Энэ нь салбарын дундажтай харьцуулахад хэр өндөр үзүүлэлт вэ?
-Говь нутаг маань өөрөө алслагдмал, хүн ам цөөтэй, тархуу суурьшсан байдаг онцлогтой. Тэр дундаа яг хөдөлмөрийн насны, дээд боловсролтой, нарийн мэргэжлийн хүмүүс мэдээж харьцангуй цөөн. Энэ утгаар нь авч үзсэн ч тэр, салбарын хэмжээнд авч үзсэн ч тэр орон нутгийн иргэд нийт ажилчдын 40 орчим хувийг бүрдүүлж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Бид анх үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хөдөөгийн малчин залуусыг ч сургаж, дадлагажуулж, мэргэжил олгоод ажлын байр олгох чиглэлд бүх хүч бололцоогоо дайчилж ажилласан. Үүний ч үр дүн гарч, өнөөдөр Цогтцэций сум ажилгүйдлийн түвшин хамгийн бага сум болж чадсан. Тохирох мэргэжил, мэдлэгтэй хүн бага байна гэж шалтаглалгүй бид бололцоотой бүх чиглэлд ажилласан байна.Тухайлбал уурхай дээр сургалтын тусгай баг ажиллаж, мэргэжилгүй, боловсролгүй залуусыг хүнд машин механизмын оператор болгож бэлтгэх тусгай хөтөлбөртэй болсон. Дээр дурдсан хамгийн орчин үеийн, өндөр хүчин чадамжтай машин механизм, тоног төхөөрөмжийн засварчид гэхэд улсын хэмжээнд элбэг биш байдаг. Ийм учраас бид өөрсдөө засварчдаа бэлтгэж авахаар зорьж, өнөөг хүртэл 100 гаруй залуусыг 8-10 сарын цалинтай сургалтанд хамруулж, техникийн мэргэшсэн засварчин болгосон байна. Вагнер Ази компанитай хамтран зохион байгуулдаг энэхүү сургалтанд бид хүмүүсээ сургахад нэг хүнд дор хаяж 10 гаруй сая төгрөгний зардал гардаг гээд бодохоор чамгүй хөрөнгө оруулалт гэдэг нь ойлгомжтой. Одоо дараагийн ээлжийн 30 орчим хүн мөн энэ сургалтанд хамрагдаж байх жишээтэй.
-Уурхай дээр осол аваар их гардаг уу? Ажилчид аюулгүй, эрсдэлгүй ажиллах нөхцөл хэр хангагдсан байдаг вэ?
-Энэ тал дээр манайх мөн л олон улсын стандартууд болон МУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шаардлагуудыг цогцоор хэрэгжүүлж ажилладаг. Жишээ нь ноцтой осол аваарын түвшинг олон улсад LTIFR буюу Хөдөлмөрийн чадвар түр алдалтын давтамж гэдэг үзүүлэлтээр хэмждэг. Энэ үзүүлэлт манайд 0.75-тай байгаа нь уул уурхай өндөр хөгжсөн Австралийн Queensland-ын дунджаас ч доогуур түвшинд байгаа хэрэг юм. Өөрөөр хэлвэл осол аваарын түвшин маш бага гэсэн үг. Уурхай дээр 3-аас дээш хоногоор ажиллах бүх ажиллагсад болон туслан гүйцэтгэгчдийг бүтэн өдрийн аюулгүйн зааварчилгаанд хамруулна, 6 сарын дараа мөн давтан зааварчилгаанд хамруулна. Мэдээж ажлын өдөр эхлэхийн өмнөх тухайн ажлын байрны нарийвчилсан зааварчилгааг өдөр тутам өгнө. Дээрээс нь ядаргаагаа тайлах, стрессээс ангид байх гэх мэтчилэн сэдвүүдээр уурхайчдад тогтмол сургалт зохион байгуулдаг. Тухайн ажлын байранд шаардлагатай хамгаалалтын хувцас хэрэглэлүүдээр ажиллагсдыг мөн үнэ төлбөргүй бүрэн хангана. Хамгийн гол нь аюулгүй байдлаа хангах нь ажилтан бүрийн хувь хүний үүрэг гэдгийг манай ажиллагсад маш сайн ухамсарласан байдаг нь чухал юм. Бас нэг зүйлийг зориуд тодотгож хэлэхэд, уурхайчдаа хэдийгээр сайтар унтаж амрах боломжоор хангаж байгаа боловч хүн юм чинь заримдаа ядрах, нойр нь хүрэх нь бий. Энэ үед удирдлагадаа мэдэгдэж түр амарч болдог. Ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж чадна гэсэн бүрэн итгэлтэй болохоороо ажилдаа эргэж гардаг бөгөөд ингэж амарлаа гээд ажилтныхаа цалинг хасдаггүй, ажилласнаар тооцож бүрэн олгодог. Түр амарч унтах тусгай байрыг бэлтгэсэн байгаа. Энэ нь аваар ослоос сэргийлж, ажилтнаа хамгаалсан манай компанийн бодлого юм. Бид ажиллагсад, боловсон хүчин манай компанийн амин чухал зүйл гэж үздэг. Энэ ч утгаараа“Энержи Ресурс ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг нэн тэргүүнд анхаарна” гэж анх үйл ажиллагаа эхлэхдээ л тодорхойлсон байгаа.
-Та бид 2-ын ярилцлагыг үзээд танай компанид ажлын байр сонирхох хүмүүс байж болох юм. Ажлын байр хэр олдоцтой байна вэ, ажил горилогч хүмүүс та бүхэнд шууд хандаж болох уу?
-Дээр дурдсанчлан одоо манай компанийн үндсэн ажиллагсдын тоо 2,600 байгаа. Гүйцэтгэгч, хамтран ажиллагч компаниудаа хамруулж авч үзвэл Ухаа Худагийн нийт бүтээн байгуулалтын хүрээнд 4,000 гаруй хүн шууд ажлын байраар хангагдаж байна. Өшөө туслан гүйцэтгэгчдээр дамжиж байгаа шууд бус ажлын байруудыг тооцвол 10,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна л даа. Анх үйл ажиллагаагаа эхэлсэн 2009 оны эцэс гэхэд 600-аад хүнтэй байсан бол 3-хан жилийн дотор ийм болтлоо өссөн байна. Нэг үгээр хэлвэл манай уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллах хүний нөөцөө бүрдүүлсэнбайгаа юм. Иймээс нэмж олноор хүн авах шаардлага байхгүй нь ойлгомжтой, гэхдээ тухай тухайн үед сул орон тоо гарвал нөхөх хэрэгцээ байдаг. Энэ утгаараа бид шаардлагатай ажлын байруудыг тухайн үед нь нээлттэй зарлаад явдаг.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай компанийн хамт олонд улам их ажлын амжилт хүсье.