Түүхийн эдийн дуудлага худалдааг “онлайн”-аар явуулна гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Түүхийн эдийн дуудлага худалдааг “онлайн”-аар явуулна гэв

Түүхийн эдийн биржийн тухай хуулийг Засгийн
газарт буцаав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын танилцуулгыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал байнгын хорооны гишүүдэд хийлээ.

Хөдөө аж ахуйн бирж байгуулс­наар хөдөө орон нутагт үнэгүйдээд бай­гаа малын гаралтай түүхий эдийг нэгдсэн журмаар худалдаанд ний­лүүлэх боломжоор хангах, бир­жийн зуучлагч брокер нь өөрийн хө­рөн­гөөр хөдөө орон нутагт байгаа түү­хий эдийг худалдан авч стандарт шаардлагад нийцүүлэн анхан шат­ны тордлогоог хийсний дараа бирж дээр худалдах үйл ажиллагааг гүй­цэт­гэхээр хуулийн төсөлд зааж өгчээ. Мөн хөдөө орон нутагт малчдаас бөөг­нүүлэн татсан малын гаралтай түүхий эдийг тухайн аймаг, сумдад нь төвлөрүүлэх зорилгоор  орон нутгийн агуулах байрны судалгаа хийсэн бай­на. Судалгаанд “Иргэн Т нь 40 тонн-ын контейнертэй,  Архангай ай­магт байгаа нийт агуулахын хэм­жээ нь 2100 м.кв, тоо ширхэг 7” гэх зэр­гээр танилцуулжээ. Биржийн ту­хай хууль батлагдснаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түү­­хий эдийг бэлтгэж тээвэрлэх, хад­га­­лах стандартууд хэрэгжиж, үйлд­вэр­лэгчдийг түүхий эдээр тасралтгүй хангах урьдчилсан нөхцлүүд бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Түүхий эдийн бирж нь Монголын хөрөнгийн биржийг түшиглэн үйл ажиллагаа явуулах бөгөөд түүхий эдийг дуудлага худалдааг  интернэтээр зохион байгуулах боломжтой гэнэ. Гэвч Ж.Энхбаяр Х.Наранхүү, П.Алтангэрэл, Р.Буд зэрэг гишүүд “Монгол мал” хөтөлбөртэй харшилдсан ажил болж байгаа юм биш үү, ХХААХҮЯ бараан захын ажил хийгээд байна уу гэсэн шүүмж хэлж байсан. Ж.Энхбаяр гишүүн биржийг аймаг бүрт байгуулах уу, эсвэл нийслэлд байгуулах уу гэдгийг хуулийн төсөлд тусгаагүй, тодорхой биш байна гэсэн ч дуудлага худалдааг цахим хэлбэрээр хийдэг болох нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Гэвч байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг “Монгол мал” хөтөлбөрийн концепцитой уялдуулан дахин боловсруулуулахаар Засгийн газарт буцаалаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн талаар Сангийн сайд С.Баярцогт танилцуулж төслийн илтгэлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлцгээв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан:

-Монгол Улсын төсөв сүүлийн 20 гаруй жил нэгдсэн бодлогогүй салан задгай явж ирлээ. Дэлхийн томоохон улсууд эдийн засгийн хямралаас гарч байгаа боловч, ихэнх оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн хэвээр байгаа. Гэтэл Монгол Улс ийм байдалтай байж болохгүй. Хуулийн төсөлд төсвийн алдагдал хоёроос доошгүй хувьтай байна гэсэн нь анхаарал татаж байна.  Ер нь яагаад заавал алдагдалтай төсөв байх ёстой гэж. Байнгын хорооны хуралд зөвхөн зэсийн үнийг л яриад байдаг. Яагаад алт, жонш гээд бусад ашигт малтмалын талаар, эдгээрийн үнийн өсөлтөөс гарч байгаа зөрүүг ярихгүй байна. Тендерийн тухай хуулийг хэзээ өөрчлөх вэ зэрэг асуултыг сайдад тавьсан. Сангийн сайд С.Баярцогт:

-Монгол Улсын төсөв зэсийн үнээс ихээхэн хамааралтай байгаа, ашигт малтмалын үнийн өсөлтөөс гарч байгаа зөрүүг тогтворжуулалтын санд хийдэг, энэ санд хамгийн багадаа л 350 тэрбум орчим төгрөг төвлөрөх ёстой. Мэдээж төсөв алдагдалгүй байх ёстой нь бидний зорилт. Гэвч бодит байдал, эдийн засгийн хэлбэлзлээс шалтгаалаад хоёр орчим хувийн алдагдал яригдаж байгаа. Ер нь төсвийн тусгай шаардлага бүхий дөрвөн үзүүлэлт нь эргээд бодит эдийн засагт нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа. Одоогийн байдлаар ажлын хэсгүүдэд ярилцаад шийд гаргах нь зөв гэж үзэж байна гэлээ.

Гишүүд Сангийн сайдаас асуулт асууж хариултаа авсны эцэст дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураахад байнгын хорооны хуралд оролцсон 11 гишүүний 10 нь дэмжлээ.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж