Ж.Бямбаа: Цаазын ял цусан өшөө авахтай адил

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Ж.Бямбаа: Цаазын ял цусан өшөө авахтай адил

МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн танхимын эрхлэгч, доктор, профессор Ж.Бямбаатай ярилцлаа.

-Ерөнхийлөгч цаазаар авах ялыг хойш­луулах буюу маратори зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ моратори хуга­цаагүйгээр үргэлжлэх үү, эсвэл тодорхой хугацааны дотор хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой юу?

-Цаазаар авах ялд моратори зарласан Ерөн­хий­лөгчийн санаачлага зөвхөн санаачлага хэвээрээ, хуулинд тавих моратори хэлбэрээрээ үргэлжлээд байж болохгүй л дээ. Цааш нь заавал баталгаажуулж, хууль эрх зүйн хүчин чадалтай болгох ёстой. Сүүлийн үед их олон хэргүүд дээр цаазаар авах ял заагдлаа. Энэ болгон дээр Ерөнхийлөгч амийг нь өршөөлөө, эсвэл моратори тавилаа гээд байж болохгүй. Тэгж яривал моратори ямар хугацаагаар үйлчлэх вэ гэдэг нь ч манайд тодорхойгүй байгаа. Ерөнхийлөгч хуулинд хориг тавилаа гэхэд ямар хугацаатай байдаг билээ, та нар мэдэж байгаа. Тодорхой хугацааны дараа заавал УИХ-аар хэлэлцэж, хоригийг хүлээж авах эсэх тухай шийдвэр гаргадаг. Моратори ч яг адил. Гарцаагүй парламентын бодлогод орж, парламентаар хэлэлцэж байж хуулийн хэм хэмжээ болж олон удаа үйлчлэх үү, эсвэл нэг удаа үйлчлэх үү гэдгийг шийднэ.

-Тэгвэл моратори тавьсныг нь та юу гэж бодож байна, хууль болоод хэрэгжээд эхэлбэл яах вэ гэсэн үг үг л дээ?

-Судлаач хүний хувьд би Ерөнхийлөгчийн санаачилгыг зөв гэж бодож байна. Яагаад гэвэл нийгэм маань их догширч байна. Саяхан сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг дээр ярьж байна лээ. Албан тушаалд томилогдох гэсэн 16 мянган хүнийг гаргаж ирэхийн тулд зөвхөн сонгуульд нь ажиллаж, үйлчилдэг 320 мянган хүн хоорондоо маргалдаж, цаана нь нэг сая хүн сонгуульд оролцдог ийм систем хаана байсан юм бэ гэж. Энэ үнэн. Нийгмийг намууд их хагалж байна. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн тавьтаргүй, тогтворгүй аашаас болоод нутаг усаараа талцах, маргалдах явдал ч гарч байна. Ц.Доржготов гуай бичсэн л байна лээ, “Ц.Нямдоржийг дөрвөдүүдээ аваад зайл гэвэл яах билээ” гэж. Шог зохиолч хүнд хэтрүүлэг энэ тэр байдаг л байлгүй, гэхдээ цаана нь авмаар санаа их байгаа юм. Төр засгийн өндөр албан тушаалтай, нийгмийн сор болсон хүмүүс, урлаг соёлын алдартнууд тавьтаргүй загнаад байвал нийгэм дагаад хагардаг. Энэ хагарлын хамгийн муухай илрэл нь гэмт хэрэг юм шүү дээ. Энэ аймгийн хүн ийм муухай хэрэг хийлээ, МАСЗХ-ыхон нийлээд хулгай хийчихлээ ч гэдэг юм уу. Энэ болгон чинь нийгмийг хагалаад, намууд, нийгмийн бүлэглэлүүдээ улам дордуулдаг, тэд нар нь ч өөрсдийгөө өмгөөлөхийн үүднээс түүнээс дутахгүй юм гаргаж ирж тонгочуулдаг, энэ нь хуулийн байгууллагуудад нөлөөлж, нөлөөлж чадахгүй бол дарамталдаг. Энэ хэрээр нийгэм улам догширдог. Их муухай гэмт хэргүүд гарч байна гэдэг чинь нийгэм догширч байгаагийн илрэл.

Уг нь бол хүн бүртээ ижил боломж, хөг­жих замыг нь тавьж өгсөн үед иргэн бүрийн овсгоо самбаа, эрмэлзэл зүтгэлээр нийгэм урагшлах ёстой юм. Эрх чөлөө нь олгогдоод ирэхээр хүмүүс “би өөрийнхөө бодол санааг илэрхийлэх, авьяас билгээ харуулах боломжтой боллоо” гэж урамшдаг. Нийгэмд сайнаар нөлөөлдөг зүйлүүд байна шүү дээ. Олимпийн тэмцээн уралдаан, жаахан хүүхдүүдийн дуу хуур хүртэл нийгмийг ямар их гоё болгож, зөөлрүүлж байна. Үүнтэй адил Ерөнхийлөгчийн их зоримог шийдвэрлэсэн цаазаар авах ялд тавьсан моратори бол нийгмийн энэ их арзайсан өргөсөн доторх цэцэг л гэж зүйрлэж хэлмээр юм даа. Ерөнхийлөгчийн араас шүүх засаглал, хууль тогтоох засаглал нь дэмжээд явах юм бол нийгмийг улам л зөөллөөд, сайн сайхан тийш нь зална. Үүнд засаглалууд, түүний дотор манай “дөрөв дэх засаглал” болсон хэвлэл мэдээлэл их гол үүрэгтэй. Ерөнхийлөгчийн санаачилгыг зүгээр нэг түр зуурын “очков” авах гэсэн санаа гэж би бодохгүй байна. Нийгмээ их сонгогоор мэдэрч, сайн сайханд уриалсан зүйл.

-Гэвч урьд нь прокурор байсан, одоо судалгаа шинжилгээний ажил хийж байгаа хүнээс асуухад, яг одоо манайд цаазын ял өгч байгаа шүүхийн процесс маань хэр шударга байна вэ?

-Манайд цаазаар авах ялтай гэмт хэргүү­дийг тогтоох тувшин харьцангуй сул, муу байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажил­ла­гааны процессийн баталгаа гэж бий. Сэжиг­тэн, яллагдагчийн эрх үүргийг эдлүүлээд, бүх зүйлийг гарцаагүй тогтоосон байцаан шийтгэх тодорхой ажиллагаануудыг хэлдэг. Шинжилгээ гэхэд ямар ч хольцгүй, шинжлэх ухааны, ДНК-гийнх нь үүднээс төгс нарийвчилсан шинжилгээ хийх ёстой. Манайх шиг таамагласан, өнөөдөр хөнгөн гэмтэл байснаа маргааш хүнд гэмтэл болчихдог шинжилгээ байж болохгүй. Бас л ёс суртахууны түвшинтэй холбоотой юм. Эсвэл шинжлэх ухааны түвшин нь болоогүй байна гэсэн үг. Эрүүгийн байцаан шийтгэх процессийн нэг баталгаа нь энэ. Нөгөө талаас манайд бүх ноцтой хэргүүдийг зөвхөн байцаалтаар тогтоож байгаа, энэ их осолтой. Гэрч, хохирогч нь бүгд дарамтанд ордог учраас буруу зөрүү зүйл хэлж болно. Процессийн баталгаагүй зүйл дээр цаазаар авна гэдэг их аюултай. Би өөрөө прокуророор ажиллаж байсан хүн. 1983 онд Баянхонгор аймагт нэг багш эмэгтэйг хоёр хүн хүчирхийлж алсан хэрэг гарсан. Эхлээд хүчирхийлчихээд, цаашаа хөтлөөд, чирээд явсан мөр нь бол нэг л хүнийх байсан. Гэтэл хоёулаа “бүлэглэж хүчиндсэн” гэдгээр цаазаар авахуулсан. Би түүнд их харамсдаг. Хүчингийн хэрэгт цаазын ял өгдөг орон бий л дээ. Гэхдээ манай хуульд байхгүй зүйлээр л тулгаад ялласан юм шүү дээ. Ул мөр олсон юм байхгүй, туршилт шинжилгээ нь ч их тааруухан ажиллагаатай явагдсан. Процессийн баталгаа буюу эрүүгийн байцаан шийтгэх ажиллааны гарцаагүй тогтоох, хуулийн дагуу, үндэслэлтэй тогтоох байдал манайд их өндөр түвшинд хүрч чадаагүй байна. Тиймээс болгоомжлол байх ёстой.

-Хилсээр яллах вий гэсэн үг үү?

-Хэтрүүлэн үнэлж болно, хилсээр яллачихаж бас болно. Ерөнхийлөгч Н.Багабанди бас их соргог харсан байна лээ. Хэдэн жилийн өмнө нэг залуу орлогч сайд байсан аавыгаа, ээж, дүү нараа хүчирхийлээд алчихсан хэрэг гарсан. Ямар адгуус биш дээ. Тиймээс Н.Багабанди Ерөнхийлөгч “байж боломгүй хэрэг юм” гэж үзээд л амийг нь өршөөсөн хэрэг. Ийм олон хүний амь хөнөөсөн хүнийг энэрэнгүйн үүднээс өршөөсөн гэж би бодохгүй байна. Энэ хэрэг зөв шийдэгдээгүй байх вий гэдгээс гадна хүний алтан амь гэдэг үнэтэй. Тэр тусмаа түүнийг хамгаалж байх ёстой, хамгийн хүчтэй төр маань түүнийг цаазаар авна гэдэг өөрөө энэрэнгүй ёсонд нийцэхгүй. Хууль ёсноос гадна шударга ёс гэж бас нэг юм бий, дандаа нийгмээсээ түрүүлж явдаг.

-Иргэнд хүн алахыг хориглосон мөртлөө төр нь хүн алж болохгүй гэсэн үг үү?

-Тийм л санаа л даа. Нийгэм олон хэм хэмжээ, зарчмуудтай. Тэр зарчмуудын нэг нь энэрэнгүй ёс, шударга ёсны зарчим. Энэ хоёр зарчим хуулиас салангид биш. Манай нэлээн том эрдэмтэн сая телевизээр ярьж байсан, баруунд бол энэ хоёр зарчим хуулиасаа түрүүлж явдаг юм гэж. Тангарагтны шүүх гэж тэр л дээ. Хууль зүйн үүднээс гэмт хэрэг хийсэн нь  үнэн боловч шийтгэх ямар ч боломжгүй юм байна, гэм буруугүй гэж үзээд сулладаг. Гэм буруутай, буруугүй гэдэг бол хуулийн ойлголт. Тэгсэн атлаа шударга ёсны үүднээс харвал аймшигтай муухай хэрэг хийсэн хүнийг устгасан байдаг. Манайд бол хүн алсан учраас үг дуугүй цаазын ялтай. Гэтэл тангарагтны шүүх болохоор “ийм муухай юм хийсэн хүнийг устгасан байна” гээд шударга ёсных нь үүднээс шийддэг. Энэ бол нийгмийн үнэлгээний асуудал. Тангарагтны шүүх одоо ч гэсэн Англи-Саксоны системд байгаа, Орост хүртэл ороод ирчихсэн. Манайд жаахан дуураймал, иргэдийн төлөөлөгч шүүх хуралд дөнгөж л орж эхэлж байна. Тиймээс би процессийн баталгааны асуудлыг ярьж байна. Тухайн гэмт хэргийг тогтоож байгаа манай хүмүүс гарцаагүй, магад үнэнд дөхсөн айхтар ажиллагаануудыг хийж чадахгүй, өнгөц хэлбэрээр хандаж болзошгүй учраас. Тухайн хүний оюун санаа, шинжлэх ухааны түвшин, хуулийн хэрэглээ, зохицуулалтын хувьд хэлж байгаа юм шүү дээ. Түүнээс биш монгол хүн тэнэг гэдэг утгаар хэлээгүй.

Шүүх засаглал өөрөө их эрх мэдэлтэй, тухайн асуудалд шударга ёс, хүмүүнлэг энэрэнгүйн үүднээс хандах ёстой. Одоо шүүхийн шинэчлэлийг их ярьж байна, аргагүй. Хэрэг маргааныг эцэслэн шийддэг, нийгмийг ганц авч явдаг, шударга ёсны туйл болсон төрийн эрх мэдэл бол шүүх. Тогтоосон хуулиас гадна тухайн нийгмийнхээ, хүн төрөлхтний үнэт зүйлсийг харгалзаж шийдвэрээ гаргах үүрэгтэй. Харамсалтай нь манай өнөөдрийн түвшинд хууль тогтоох засаглал маань хүртэл тэр үнэт зүйлсийг мэдрэх мэдрэмж дутаад байна.

-Цаазын ял сонсч байгаа хүмүүсийн хохирогчдын талаас “амийг амиар” гэх шаардлага их гардаг юм шиг байна лээ. Энэ хэр зөв бэ?

-Амийг амиар гэдэг нийгэм, улс оронд хүн амины хэрэг багассан тохиолдол бага шүү дээ. Хамгийн зэрлэг аллага хаана гарч байна, тэр “амийг амиар” гэдэг орнуудад л гарч байна. Би лалын орнуудыг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ тэнд чинь хэдэн арав, зуугаар нь дэлбэлдэг тохиолдол ердийн үзэгдэл болчихсон. Төр нь хүртэл, улс төрийн хүчнүүд нь хутгалдчихсан, өөрийн зэвсэгт отрядуудтай. Тэр нь нөгөө л уламжлалтай холбоотой. Эмэгтэй хүнийг чулуугаар цохиж алдаг, төрөл саднаас нь хэн нэг нь үрэгдвэл заавал нөгөө этгээдийн төрөл садныг нь алж байж цусан өшөө авалт болдог. Тэгэхээр цаазын ял ч гэсэн төрөөс хийж байгаа цусан өшөө авалт л юм даа. Цусан өшөө авалтаар нийгэм цэвэршиж, нэг их гоё болсон юм байхгүй. Тиймээс хамгийн ухаалаг, хүчтэй байх ёстой төр маань хамгийн нэгдүгээрт хүний амьд явах эрхийн төлөө л үйлчлэх ёстой. Гэхдээ үүнийг зохиомол биш, төрөлхийн шинж чанартай болгохын тулд их холоос суурийг нь тавьж өгөх ёстой юм. Манайд чинь нэг хэсэг “нийгэм их харгис болж байна, ял шийтгэлийг чангал” гээд байсан. Гэтэл ийм үед Ерөнхийлөгч “Хүний алтан амиар тоглож болохгүй, амийг нь өршөөе, гэхдээ ял шийтгэлийг гарцаагүй онооё. Би цаазын ялд түр зуурын хориг тавьж байна” гэж хэлдэг нь их том уриалга. Лоозонгүйгээр, уриалгагүйгээр, ямар нэг энэрэнгүй эрмэлзэлгүйгээр нийгэм гэнэтхэн нэг өдөр гэгээрдэггүй юм. Өнөөдөр нэг мод, маргааш 10 мод, нөгөөдөр 100 мод тарихтай л адилхан. Ийм л гурван үндэслэлээр би Ерөнхийлөгчийн энэ санаачилгыг засаглалуудын түвшинд дэмжих байх гэж бодож байна. Харин үүнийг “улс төрийн өөр хүчнээс гарсан санаачилга”, эсвэл “жүжиг тоглож байна” гэдгээр хандах юм бол нийгэм дахиад л догширно. Цусан өшөө авалтын хэлбэр лүү улам бүр шилжинэ гэсэн үг. Намууд өнөөдөр сонгуульд мөнгө төгрөгөөр маргаж байгаа бол маргааш Киргизийн маягаар ч маргаж магадгүй. Тэнд цусан өшөө авалтыг бага багаар дэмждэг. Манайхтай хүн амын тоо нь ч, газар нутгийн хувьд ч ойрхон. Үүнийг үгүйсгэх арга байхгүй. Түүнээс биш Ц.Элбэгдорж надад огт падгүй, Ардчилсан нам ч падгүй. Хуучин системд прокурор байсан гэдэг утгаараа би ялын бодлогын талаар бага сага гадарлах юм.

-Манайд 1960-аад он хүртэл ялын дээд хэмжээ 15 жил байсан, тэр үед бид олон улсын ямар ч гэрээ конвенцид нэгдээгүй байсан. Гэтэл өнөөдөр хүний эрхийг хам­гаалах талаар өчнөөн олон гэрээ кон­вен­цид нэгдсэн мөртлөө ялын бодлого нь яагаад улам чангараад байна вэ?

-Олон улсын гэрээ конвенцид нэгдэхдээ хууран мэхлэх зорилгоор юм уу, “очков” авах үүднээс хандаж болдоггүй юм. Манайхан арай тэгэхгүй байлгүй дээ. Ухаантай улсууд, ялангуяа гадаад харилцааны чиглэлээр байнга анхаарч байгаа юм чинь. Харин дүр үзүүлэх гэж нэг аюултай юм байдаг. Өөрөөр хэлбэл, процессийн хуулинд мэтгэлцэх зарчим, бодит үнэнийг тогтоох зарчим гэж хоорондоо зөрчилддөг хоёр өөр зарчим бий. Германы нэртэй хуульч, Мюнхений их сургуулийн профессор Шюнемани гуай “Энэ хоёр зарчмыг хоёуланг нь хуулиндаа тусгачихсан юм байна, танайх шиг мундаг хуультай улс алга. Англи-саксонд ч, Роман-Германд ч хэрэглэж болмоор, ямар мундаг хууль вэ, энэ хууль Европын ямар ч оронд үйлчилнэ шүү” гэж байсан. Онолын их том хүн л дээ, их гайхширсан маягаар хэлсэн байна лээ. Манайд аль аль нь зэрэгцэж үйлчилж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр бас л нэг молиго болж байгаа юм. Ромын эрүүгийн шүүхийн дүрэм гэж байна, 128 заалттай, манайхан нэгдээд орчихсон. Тэнд гэрч, хохирогчийг хамгаалах талаар маш олон заалт бий. Гэтэл тэр хамгаалалтууд манай хуулинд огт хийгдээгүй, одоо л хуулиа санаачлах гэж оролдож байна. Тэгсэн хэрнээ нэгдээд орчихсон байгаа нь ямар ч бэлтгэлгүй оржээ гэсэн үг, бэлтгэл хийх хэрэгтэй. Бэлтгэлгүй орчихсон юм бол одоо маш богино хугацаанд арга хэмжээ авч, тэр дүрмийн заалтыг биелүүлэхгүй бол олон улсын хэмжээний молиго болж хувирч байна.

Хоёрдугаарт бас нийгэм, уламжлалын асуудал юм. Социализмийг л үзэн ядаад байдаг, гэтэл энэрэнгүй үзлийн үүднээсээ аль нь давуу байсныг хэн үгүйсгэх юм. Социализмын үед хуулийн дээд хэмжээ 10-15 жил байсан. Тэр үед ноцтой гэмт хэргүүд бага байсан юм шүү дээ, одоог бодвол. Дарангуйлал байсан учраас айдаг байсан гэж магадгүй. Тийм байсан байж магадгүй. Цуутай улстөрчид хүртэл ярьж байна, “одоо бид ямар хувьсгал хийх гээд байгаа юм, дээшээ тулчихлаа” гэж. 1240-өөд оны үед бас тийм зүйл болж байсан юм шүү дээ. Адриатын тэнгист хүрчихээд “Ертөнцийн захад хүрчихлээ, үүнээс цааш газар үгүй” гэж. Тийм юм огт байхгүй. Цаашаа сэлүүрдэх боломж бидэнд зөндөө байна. Тэр нь хүмүүнлэгийн үүднээс, шударга ёсны үүднээс. Хүмүүнлэгийн үүднээс гэдгийг зориуд эхэнд нь хэлж байгаа юм. Хүчээр дарангуйлах, буудахын үүднээс биш. Ядарсан зүдэрснээ хяргаж дуусчихаад, ухаантай нь, алт, нүүрс, архины үйлдвэртэй нь үлдээд нийгэм цэвэршихгүй. Хэтрүүлж хэлбэл. Социализмд авах юм байсан байж магадгүй. Ял шийтгэлийн зохицуулалт дээр ч авах юм байсан байж болно, зарим нэг тохиолдолд.

-Ромын эрүүгийн шүүхийн дүрэмд “Олон хүний амь хөнөөсөн хэрэгт цааз өгнө” гэсэн зарчим байдаг гэсэн. Гэтэл манайд маш олон төрлийн хэрэгт цаазын ял өгч байгаа. Үүнийг зөвхөн эрүүгийн нөхцөл хүндэрсэн гэдгээр үнэлж болох уу?

-Энд их олон юм ярих хэрэгтэй болно. Мэдээж би цаазын ялыг бүрмөсөн аваад хаячихья, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтнүүдийг ч өршөөгөөд байя гэсэн санаагаар хэлээгүй. Нийгэм маань төлөвших замдаа орж байна, эдийн засгийн амьдрал гайгүй болно. Хүмүүс хоолтой ундтай, орлого нь нэмэгдээд  ирэхээр уур хилэн нь багасна. Эдийн засгийн амьдралгүйгээр, дан ганц лоозонгоор амьдардаг нийгэм чинь социализм шүү дээ. Одоо хүний амьдрах боломж нөхцлийг бүрдүүлээд ирэхээр түүнтэйгээ уялдуулаад сайн сайхан санаа, дэвшилттэй үзэл бодлуудыг дэвшүүлэхээс өөр аргагүй. Тиймээс цаазаар авах ялыг Монгол улс яах вэ гэдгийг УИХ бодлогын үүднээс, Ерөнхийлөгчтэйгээ нийлээд шийдэх байх л даа. Орос бол манайхаас догшин орон шүү дээ. Гэхдээ цаазаар авах ялдаа моратори тавьчихсан байгаа. Оросын Ерөнхийлөгчийн моратори их хүчтэй, хугацаагүй. Манай Ерөнхийлөгчийн моратори бол хугацаатай.

-Одоо УИХ дээр ярьж байгаа Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй хамтатган шийднэ гэсэн үг үү?

-Тийм.

-Хэрвээ гэмт хэрэгтний амийг өршөөж, амьд явах эрхийг нь хамгаалж байгаа бол хохирогчийн эрхийг яаж хамгаалсан бэ гэдэг асуулт үлддэг?

-Хохироосон этгээдийн арьсыг өвчсөнөөр хохирогчийн эрх хангагдахгүй, нэгдүгээрт. Хо­хирог­чийн эрхийг хамгаалах энэрэнгүй тө­рийн бүхэл бүтэн тогтолцоо байх ёстой. Наад зах нь сэтгэл санааны хувьд тайтгаруулах, цочрол хямралаас гаргах, эдийн засгийн хохирлыг тооцож гаргах үүрэгтэй. Саяхан манай гавьяат сэтгүүлч Г.Жамьяан гуай 330 мянган ам.доллар гэж гаргасан байна лээ. Яаж тооцсоныг нь мэдэхгүй л дээ. Тэгэхээр ар талын хүмүүст хохирлыг гаргаж өгөх үнэлгээ хэрэгтэй. Энэ бол эд материалын үнэлгээ биш, сэтгэл санааны асар их хохирол байхгүй юу. Ямар ч тохиолдолд төр тэр хүний алтан амийг хамгаалж чадаагүйнхээ төлөө хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Тэгэхдээ гэмт хэрэгтнээс гаргуулах, чадахгүй бол өөрөө нөхөн төлөөд хоригдож буй хугацаанд нь янз бүрийн хэлбэрээр гаргуулж авах гээд хуулийн зохицуулалт, механизм байх хэрэгтэй. Буудаад л хаячихвал олдох юм байхгүй л дээ. Төлбөр төлөх систем байхгүй учраас бүдүүлгээр хэлбэл, “нөгөө хүнийг чинь буудчихсан, одоо бидэнд хийх зүйл байхгүй” л гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хүний эрх давхар хохироод байна. Ер нь тэгээд хүний амийг хөнөөх бол хохирлыг арилгах арга биш. Тийм зүйлээс тайвшрал авдаг болоод л ирвэл нийгэмд аллага хядлага, цуст өшөө авалт улам гаарна. Сүүлдээ олны нүдэн дээр бууд, олигтойхон тамлаад бидний зовлонг нимгэлж өгөөч гэхийг хэн байг гэх вэ. Зарим оронд чинь олны нүдэн дээр буудаж, чулуугаар шидэж алж байна шүү дээ.

-Манай хуулиар хэдэн төрлийн гэмт хэрэгт цаазын ял өгдөг юм бэ, жилд хэдэн удаа?

-Судалж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан миний прокурор байсан үеийнхээс гурав дахин өссөн. Жилд гүйцэтгэж байгаа цаазын тоо нь. 1990 оныхоос гурав дахин илүү цаазын ял ноогдуулж байна л гэж хэлэхэд болно. Дам авсан мэдээлэл шүү дээ. Жилд 20 хүнд цааз өгдөг байсан бол 60 болсон гэсэн үг.

-Сая найман настай охиныг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл энэ тохиолдолд яах вэ?

-Эхлээд гарцаагүй тэр хүн хийсэн үү, үгүй юу гэдгийг маш сайн тогтоох хэрэгтэй. Эсвэл янз бүрийн эмгэг согогтой, хэрэг хүлээх чадваргүй этгээд байвал шууд устгахад бас хэцүү. Орж гардаг айлынхаа нялх хүүхдийг хүчирхийлж, зэрлэгээр хөнөөнө гэдэг яавч эрүүл хүний явдал биш. Саяхан н.Эрдэнэбаяр доктор нэг эвгүй үг хэлнэ лээ. Монголын хүн амын 500 мянга нь ямар нэг байдлар стресстэй амьдарч байна гэж. Их эвгүй үг шүү. Энэ том хөрс суурин дээр толгойдоо юмтай нь 100 мянга байж болно. Юмтайгаасаа яахаас ч буцахгүй адгуусан төрөлдөө орчихсон 50 мянга байж болно. Хэрвээ нийгэм илүү энэрэнгүй байсан бол 50 мянга биш, 5000 байж болох шүү дээ. Энэ бүх хүмүүсийг түүгээд устгаад байна гэдэг хэцүү. Улсын начин эцгийгээ алчихсан охин байна шүү дээ, нийгмийн их том эмгэнэл. Тиймээс гэмт хэргийн шалтгааныг их нарийн тогтоох ёстой. Хүүхэд алсан учраас цаазаар авах ёстой гэвэл их төвөгтэй. Маш богино хугацаанд устгачихаад бүгдээрээ “дайснаа дарлаа” гээд санаа амар сууж байтал түүнээс ч илүү аюултай зүйл гарч ирж болно.  Хэргийг маш сайн судлах, бүр генийн тувшинд судалгаа хийх хэрэгтэй. Хууль эрх зүйн үүднээс шалгахаасаа гадна нийгмийн эрх ашгийн үүднээс, хүний чанар, өвчин эмгэгийн үүднээс, амьдарч ажиллаж байсан орчин, хамт олон, гэр бүл гээд маш нарийн судлах ёстой. Моратори тавиад 10 жил болоход их олон зүйл тодорхой болно л доо. Их нарийн, нийгмийн судалгаа хэрэгтэй дээ.          

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж