Иран хэзээ атомын бөмбөгтэй болох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Иран хэзээ атомын бөмбөгтэй болох вэ?

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Израилийн телевизээр ярилцлага өгөхдөө Иран лав л ойрын нэг жилдээ цөмийн бөмбөг бүтээж чадахгүй хэмээв.

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад
Фото: President.ir / Handout / Reuters

Үүний зэрэгцээ АНУ Исламын бүгд найрамдах улсын цөмийн амбицийг барихын тулд цэргийн хүч хэрэглэх байр сууриас ухрахгүй гэсэн байна. Гэхдээ л Израилийн эрх баригчид асуудлыг цэргийн хүчээр шийдэхийг яараад хэрэггүй гэв. Учир нь Ираны эсрэг авч хэрэгжүүлсэн эдийн засгийн хориг арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлсэн ажээ.

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын индрээс хэлэхдээ “Иран цөмийн завсэгтэй болохыг тусгаарласан “улаан шугам”-ыг 2013 оны хавар, эсвэл зун давна” гэсэн юм. Мөн тэрээр “Израиль ийм зүйлийг тэвчихгүй, түүнийг үгүй болгохын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна” гэж сануулсан билээ.

Обама Израильд айлчлахын өмнө  уг ярилцлагыг өгсөн байв. Тэрээр Израилийн хэд хэдэн хотоор орж, Иерусалимын их сургуульд Ойрхи Дорнодын талаар үг хэлнэ. Мөн Палестины лидер Махмуд Аббастай уулзахаар төлөвлөжээ. Түүнээс гадна Иорданы нийслэлд тус орны ван Абдуллатай хэлэлцээ хийх гэнэ.

Хиймэл үс, сахал наагаад Тель-Авивын гудамжаар зугаалж, энгийн нэг газраар орж, хүмүүстэй ярилцах мөрөөдөлтэй байдгаа Обама хэлсэн байв. АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Барак Обама шинэ бүрэн эрхийн хугацаанд анхны  айлчлалаа ийнхүү Израильд хийнэ. Тэрээр өмнө нь сонгуульд нэрээ дэвшүүлээд сурталчилгааны кампанийн хүрээнд 2008 онд Израильд очиж байсан билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж