Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн иржээ. 2013 оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Кени улсад зохион байгуулсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Дэлхийн байгаль орчны өдрийг энэ онд Монгол Улс эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсныг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр албан ёсоор зарласан байна. Дэлхий нийтээрээ байгаль орчинд нээлттэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдрийн 2013 оны уриа нь “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод Ид Хэмнэ-Хоол, хүнсний хаягдлыг багасгая” юм. Энэ өдрийг манай улс 2013 оны зургадугаар сарын 1-5-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Дээрх өдрүүдэд Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо тэмдэглэн өнгөрүүлэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газраас баталж, арга хэмжээ төлөвлөгөө, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.