Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын залуу уран бүтээлчдийн эрч хүчтэй энэ жүжиг хоёр хэсгээс бүрдэнэ. Жүжгийн хоёрдугаар хэсэг эхэлсэн цагаас үзэгчдийн халуун алга ташилт тасраагүй тус жүжигт Алунгуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвлэлдэн нэгдэж, нэгэн зүрх сэтгэлээр дайснаа дарж, дархан цолоо мандуулан, ард иргэдээ амар тайван болгож буй баатарлаг хөвгүүдийн тухай өгүүлдэг. Бүжгэн жүжигт ҮДБЭЧ-ийн ахмад болон залуу уран бүтээлчдийн баг, бяцхан уран бүтээлчидтэй хамтран тогложээ. Жүжгийн оршил, өрнөл, төгсгөл бүхэлдээ сүрдэм сайхан.
“Нарны домог”-ийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар нар тэртээ 25 жилийн өмнө хэлэлцэн туурвиж байжээ. Дахин тайзнаа амилсан тус жүжгийг үзэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд М.Түмэнжаргал саатаж, жүжгийн төгсгөлд залуу уран бүтээлчдийн энгэрийг мялаав. Тодруулбал, залуу уран бүтээлч Х.Хашхүү, С.Цэцэгээ, Н.Шүрэнцэцэг нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж, Б.Хонгорзул, Э.Ганзориг, З.Цэцэн-Эрдэнэ, Т.Ариунтуяа нар ССАЖЯ-ны жуух бичиг гардсан юм.
“Нарын домог” жүжгийн 25 жилийн ойд зориулсан хамгийн гайхалтай бэлэг, сэтгэл сэргэм мэдээ нь шинэ театрын шав тавих тухай байлаа. Энэ жилдээ багтааж ҮДБЭЧ-ын байрыг шинэчлэн томруулж, бүх уран бүтээлчид нэгэн зэрэг тайзнаа гарч, үзэгчдэд тоглолтоо хүргэх боломж бүрдүүлсэн тийм сайхан театрын шав тавина гэдгийг салбарын дэд сайд нь амласан юм.
Ийнхүү “Нарны домог” 25 жилийнхээ ойгоор шагналын хуртай, шинэ театрын шавтай сүр дуулиантайгаар төрсөн өдрөө тэмдэглэлээ.