Хүүхдийг тэвчишгүй хөдөлмөрт ашигласаар байх уу

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийг тэвчишгүй хөдөлмөрт ашигласаар байх уу

Хэдхэн хоногийн өмнө дарааллаад болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүд бэртэж гэмтсэн тохиолдол гарсан. Ихэнх нь тархиндаа хүнд бэртэл аван ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Цагаан сарын дараа болдог эдгээр олон хурдан морины уралдаанаас “Дүнжингарав -2013” уралдааны үеэр тав, Төв аймагт болсон төвийн бүсийн уралдааны үеэр 10 хүүхэд бэртсэн байна. Томоохон уралдаанууд болохоор унаж бэртсэн хүүхдүүд нь олон нийтэд ил болсноос хөдөө орон нутагт болдог жижиг уралдааны үеэр хэдэн ч хүүхэд бэртэж гэмтэн эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирсоор байгааг мэдэхгүй юм. Ер нь манайх шиг бага насны хүүхдийг өвлийн хүйтэнд хамгаалалтын хувцас хунаргүй уралдуулдаг газар хаа ч байхгүй. Гадаадын хүүхдийн эрхийн байгууллагууд манай улсын энэ үйлдлийг хүүхдийг тэвчишгүй хүнд хөдөлмөрт ашиглаж байна хэмээн үздэг. Гэтэл манай улсын Хүүхдийн төлөө газар болон өөр бусад ТББ-ууд үүнийг тоож үздэг ч үгүй. Энэ талаар санаа зовж холбогдох хүмүүстэй нь уулзаж учирч санал бодлоо солилцлоо гэх зүйл огт сонсогддоггүй.

Гэтэл нүднийх нь өмнө эхийнхээ өврөөс ч гарч амжаагүй дөрөв, таван настай бяцхан үрс эзгүй хээр талд цас бороо, шороон шуурган дунд хурдан морьдийн тоосонд даруулж, унаж бэртэн эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хурдан морь унадаг хүүхдүүд ихэвчлэн 6-14 насныхан байдаг бол зарим тохиолдолд түүнээс бага 4,5 настай хүүхдүүд аавынхаа болон хамаатан садныхаа ах дүүгийнхээ уясан морийг унаж хурдлуулах тохиолдлууд гардаг юм.

Манайхан найр наадамд дуртай улс. Хөдөөний малчин ардууд ямар нэгэн томоохон үйл явдал болвол хурдан морь уяж хурдлуулан нааддаг. Хүүхдийн үсний найранд хүртэл морины уралдаан зохиодог болсон. Уяа сойлго нь бүрдсэн шандаст хурдан хүлгийнхээ ид хавыг үзэж, ур ухаанаа уралдуулсан уяач Монгол эрсийн хийморь сэргэдэг Монгол морьдын уралдаан үнэхээр сайхан ч тэдний энэхүү аягаас болж бага насны хүүхдүүд нөгөө гадныхны ярьдаг шиг тэвчишгүй хүнд хөдөлмөрийг нь хүссэн хүсээгүй хийсээр байгаа юм.

Цагаан сарын шинийн долоонд Хэнтий аймагт болсон уралдаанд нийтдээ 36 хүүхэд мориноосоо унан хүнд хөнгөн гэмтэл авсан байна. Тэднээс дөрвөн хүүхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт нуруу нугасны, зөөлөн эдийн, тархины хүнд гэмтэлтэй эмчилгээ хийлгэсэн байна. Үүнээс харахад ердөө сар гарны хугацаанд гурван томоохон уралдааны үеэр 40 гаруй хүүхдүүд бэртэж гэмтэн эмчилгээ хийлгэсэн байгаа юм. Эдгээр бэртэж гэмтсэн хүүхдүүд хамгааллатын хувцас хунаргүй улаан нүүрээ ил гарган уралдаж байгаад ийнхүү гэмтсэн аж. Уг нь унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгайтай уралдуулах шийдвэр гаргасан ч хотоос ирсэн ганц нэг хүүхэд өмсч харагдахаас хөдөөний хүүхдүүд бол огт хэрэглэдэггүй.

Үүнээс харахад уралдаан зохион байгуулагчид, уяачид болон эцэг эхчүүд дэндүү хариуцлагагүй хэнэггүй байгааг илтгэх шиг. Монголчууд хэдий хэнэггүй тоомжиргүй улс ч гэсэн улс орныхоо ирээдүйн эздийг гаргуунд нь гаргаж болохгүй баймаар.

Хурдан морины унаач хүүхдүүдийн хувьд уралдах нь хобби болсон гэх хүүдүүд ч байдаг байна. Мөн хэн нэгний ятгалгаар, эсвэл амьдралын боломжгүйгээсээ үүдэн хэдхэн төгрөгний төлөө эрүүл мэнд, амь насаа дэнчин тавин уралддаг хүүхдүүд ч цөөнгүй. Уг нь энэ бүхэнд хамгийн их анхаарал хандуулж ажиллаж байх ёстой “Хүүхдийн төлөө” хэмээх сүржин нэртэй газар хэний төлөө юу хийгээд байна вэ? Сүүлийн сар гаруйхны хугацаанд 40-өөд унаач хүүхэд бэртэж гэмтэн жаахан биендээ баймгүй их өвдөлтийг мэдрэн эмнэлгийн орон дээр шаналан хэвтэж байгааг ер нь мэдэж байгаа болов уу тэд.

Морьноос унасан хүүхдүүд ихэвчлэн тархиндаа гэмтэл авдаг хэмээн эмч нар хэлж байсан. Амьдралын нарийн ширийнийг ч ухаж ойлгож чадахгүй, хорвоотой бүрэн танилцаж амжаагүй тэдгээр хүүхэд насан туршдаа тархины болоод өөр бусад өвчтэй болох эрсдэлтэй байгааг ч эмч нар анхааруулсаар байгаа юм. Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хэдий болтол дэнчин тавин тэвчишгүй хөдөлмөрт ашигласаар байх вэ.

Б.САНСАРТУЯА

Эх сурвалж: www.olloo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж