Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан Монголд анх удаа Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, түүний дуулсан дууны түүхийг өгүүлэх моно мюзикль драмыг өчигдөр “Central Tower”-ын 17 давхарт байрлах “Монет” ресторанд толилууллаа.
Францын агуу дуучин эмэгтэй Эдит Пиаф энэ үдэш Монголын тайзнаа “амилсан”. Жүжигчин Ц.Баясгалан Эдит Пиафын алдарт дуунууд тайзнаа хэрхэн бүтсэн түүхээс ярин, дуулж бүжиглэн, хүүхэд насны дурсамж, хар бараанаас од болон цойлсон урлагийн амьдрал, хайр сэтгэл, уран бүтээлийнх нь уналт сэргэлт бүрийн тухай өгүүлсэн юм.
47 настай Эдит Пиаф өөрийн амьдралыг дурсан буйгаар жүжиг эхэлдэг. Тэрээр хэдийнэ хөгшин хүн мэт өтөлчихсөн, өөрийн зовлон, жаргалт амьдралын үүх түүхийг эргэн ярьж, тэр бүртээ сэргэн эргэн залуужиж, он цагаар аялуулдаг. Тэрээр хүүхэд насандаа эхдээ хаягдаж, эцгийн хатуу гараар гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирсэн тухай өгүүлнэ. Энэ тайзнаа жүжигчин Баясгалан түүний дуулсан “L Hy mne al amour”, “La Vie en rose”, “Non, je ne regrette rien”, “Padam… Padam”, “Marseillaise” зэрэг дууныг тун ч эвлэгхэн дуулсан бөгөөд “Mon Lugionnaire”, “L accordioniste”, “Sous le ciel de Paris” дуунууд хэрхэн төрснийг өгүүлсэн юм.
“Би Эдит Пиаф байна” нэртэй уг ганц хүний жүжгийг Нина Мазурын зохиолоор УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан, туслах найруулагч Баяржавхлан, зураач, Соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг, хөгжим чимэглэл Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөх Т.Дөлгөөн, менежерээр Б.Нямсүрэн нар ажиллажээ.
Жүжигчин Ц.Баясгалан энэ жил драмын урлагийнхан шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадамд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ болон “Эсрэл дурлал” жүжгийн шивэгчний дүрээр тус тус нэр дэвшин, хос морьтойгоор өрсөлдөж байгаа юм. “Би Эдит Пиаф байна” ганц хүний жүжиг ирэх долоо хоногт Хүүхэлдэйн таетрын тайзнаа “Гэгээн муза Х” нээдмын шалгаруултад зориулан дахин тоглогдоно.