НҮБ лалынхантай тохиролцов

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

НҮБ лалынхантай тохиролцов

НҮБ-ын гишүүн орнууд, тэдний дунд консерватив католик болон лалын орнууд удтал хэлэлцсэний эцэст эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах тунхаглалын томьёоллоор тохиролцож чадлаа гэж Associated Press мэдээлжээ.

Гуравдугаар сарын 15-нд батлагдсан баримтаар эмэгтэйчүүдийг хүчирхийлж буйг зөвтгөхийн тулд өөрийн ёс заншил, уламжлал, шашны зарчим зэргийг ашиглахыг болих уриалгыг бүх улс орнуудад гаргасан байв. Энэ тунхагт хүйсийн тэгш эрхийн зарчмыг баталгаажуулж, сургуульд бэлгийн хүмүүжлийг дэмжихийг уриалжээ. Мөн хүчирхийллийн хохирогчдод туслах яаралтай тусламжийн системийг байгуулахыг уриалсан байна. Харин хүйсийн хандлагын талаар уг баримтад тусгасангүй.

Нийт 17 хуудастай баримтыг батлахын тулд хоёр долоо хоногийн турш ширүүн маргаан өрнөжээ. Эцсийн дүнд уг баримтад НҮБ-ын бүх гишүүн 193 орон гарын үсгээ зурсан байна.

Баримтын эсрэг Египет хамгийн их эсэргүүцэл гаргасан ба тус орны эрх баригч “Мусальман ахан дүүс” гэх улс төрийн хөдөлгөөн энэ баримт нь исламын зарчим,, гэр бүлийн үндэст харш гэж үзсэн юм. Эцэст нь тэд уг баримтыг улс орнууд өөрийн уламжлал, хуулийн дагуу хүлээн авна гэсэн заалт оруулахыг шаардсан байв. Гэвч уг заалт бусдын дэмжлэг аваагүй учир баримтад орсонгүй. Гэсэн ч Египет уг баримтыг баталгаажуулахад саад болсонгүй. Ливи, Судан, Иран ч  тус тусын санал дэвшүүлжээ.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хорооны тэргүүн Мишель Бачелет тунхгийн төсөл батлагдсаныг түүхэн үйл явдал хэмээн нэрлэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж