Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан монголд анх удаа Францын нэр дуучин Эдит Пиафын амьдрал, түүний дуулсан дууны түүхийг өгүүлэх моно мюзикль драмын жүжгийг өнөөдөр “Central Tower”-ын 17 давхарт байрлах “Монет” ресторанд 20.00 цагт толилуулах гэж байна. “Би Эдит Пиаф байна” нэртэй уг ганц хүний жүжгийг Нина Мазурын зохиолоор УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан, туслах найруулагчаар Баяржавхлан, зураач, Н.Батбилэг, хөгжим чимэглэлчнээр Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөхөөр Т.Дөлгөөн, менежерээр Б.Нямсүрэн нар ажиллажээ.
Энэхүү жүжиг нь эхдээ хаягдаж, эцгийн хатуу гараар Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болсон тухай түүхээр эхлэх бөгөөд түүний дуулсан “L Hy mne al amour”, “La Vie en rose”, “Non, je ne regrette rien”, “Padam… Padam”, “Marseillaise” зэрэг дуу амилж, “Mon Lugionnaire”, “L accordioniste”, “Sous le ciel de Paris” дуунууд хэрхэн төрсөн түүхийг өгүүлэх гэнэ. Жүжигчин Ц.Баясгалан энэ жил драмын урлагийнхан шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадамд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ болон “Эсрэл дурлал” жүжгийн шивэгчний дүрээр тус тус нэр дэвшин, хос морьтой өрсөлдөж байгаа юм.
Г.ДАША