Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлнэ
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол батлагдлаа.
“Эрдэнэс МГЛ” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Одоогоор тус компани “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК гэсэн охин компаниудтайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Шивээ-Овоогийн нүүрсний ордын 4293 га талбайг хамарсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Засгийн газрын хуралдаанаар тус компанид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын хувь, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг түшиглүүлэн хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэс МГЛ” ХХК-д хариуцуулан хэрэгжүүлэх юм.
Үүнээс гадна Цагаан суваргын зэс, молибден, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алт, Бүрэнхааны фосфоритын орд тус бүрийн үнэлгээ, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлан, зарим ордын тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, санаачлагчид Засгийн газрын гишүүдийн саналыг хүргүүлэхээр тогтлоо.
Шинэчлэн найруулан баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2005 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Уг хуулийн 10 дугаар зүйлд “үндэсний” аж ахуйн нэгжүүд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцсон тохиолдолд тодорхой хэмжээний давуу эрх үзүүлнэ гэж заасан боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Мөн нийслэлд төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ажлуудад тендерт оролцогч нэг ч аж ахуйн нэгжид давуу эрх тооцоогүйгээс харахад үндэсний аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгодог, тэдний үйл ажиллагааг бодитой дэмжих шаардлагатай байгаа юм. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар “үндэсний аж ахуйн нэгж” гэсэн тодорхойлолтыг оруулж, үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олгохоор бол хийсвэрээр бууруулж тооцох барааны хэсгийн үнэ, ажил гүйцэтгэх тендерийн үнийн тодорхой хувиар тооцохоор өөрчилж, гадаадын этгээдийн оролцох тендер шалгаруулалтыг босго үнийг нэмэгдүүлэх замаар энэ асуудлыг зохицуулах боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ. Засгийн газрын зүгээс хуулийн төслийн зарим хэсгийг бусад хэсэгт заасантай нийцүүлэх, босго үнийг нэмэгдүүлэн, хийсвэрээр тооцох хувийн дүнг өөрчлөх, хувь хэмжээг өсгөж тогтоох эдийн засгийн үндэслэл, тооцоог тодорхой болгож, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгах нь зүйтэй зэрэг саналыг гаргажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн Давосын чуулга уулзалтад оролцох үеэр манай улс тус чуулга уулзалттай хамтран ажиллах хүрээг тодорхойлсон харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт зааснаар манай улс энэ оны ес дүгээр сард Давосын чуулга уулзалттай хамтран Улаанбаатар хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ“ сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулах юм. Мөн тус чуулга уулзалтаас “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төсөл хэрэгжүүлэх санал тавьж, энэ төслийн талаар Монгол Улсын Засгийн газартай байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг ирүүлжээ. Энэ төсөл нь Монгол Улсын эдийн засгийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар төр засаг, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, олон Улсын хамтын нийгэмлэгийн төлөөллийг оролцуулсан өргөн хүрээтэй стратегийн хэлэлцүүлэг өрнүүлж, оновчтой шийдэл хайх, Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбаруудын талаар тусгай илтгэл гаргахад чиглэх юм.
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран дугуй ширээний уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв.
2011 онд Монгол Улсын Засгийн газраас “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ыг тогтоож байсан ч “Амьтны тухай” хууль шинэчлэн батлагдаж, зарим өөрчлөлт орсон учраас тус журмыг шинэчлэх шаардлагатай болжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ыг шинэчлэн баталлаа.
Амьтны тухай хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор “Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д мөн өөрчлөлт орууллаа. Агнаж барих амьтны тоо хэмжээ нь тухайн агнуурын бүс нутагт хийгдсэн агнуур зохион байгуулалт, ан агнуурын менежмент төлөвлөгөөнд үндэслэгдсэн байх бөгөөд ан агнуурын хуваарийг агнуурын бүс нутгаар гаргаж байх юм. Мөн ан амьтныг хамгаалах зохистой ашиглах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд нь тухай агнуурын бүс нутагт агнуурын нөөц ашиглах давуу эрхтэй буюу ан амьтны нөөцийг ашиглагч нь хамгаалагч байх биш хамгаалагч нь ашиглагч байх зэрэг хэд хэдэн шинэ зохицуулалтыг журамд тусгажээ.
Тусгай төлбөртэйгээр агнуулах ан агнуурын бодлогын шинэчлэл нь төсөвт мөнгө төвлөрүүлэхэд биш орон нутаг болон агнуурын бүс нутагт ховор амьтны нөөцийг хамгаалах менежментийг бий болгох явдал юм. Манай улсад 1962 оноос эхлэн улсын төсвийг бүрдүүлэх зорилгоор ховор амьтныг спорт, олзворын чиглэлээр гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулж, бариулж байна. Тухайлбал, 2012 онд нийт 50 угалз, 102 тэх, 3 халиун буга, 44 цагаан зээр, 13 бор гөрөөс, 7 саарал чоно, 150 идлэг шонхор, 545 толгой агнуурын шувууг гадаадын анчдад зуучлан агнуулж, спорт загасчлал хийх 260 гадаадын загасчдыг хүлээн авч ангийн төлбөр, хураамжийн орлогоос 3,5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Сүүлийн 4 жилийн байдлаас харахад жилд 50 гаруй угалз, 170 гаруй тэх, 200 орчим идлэг шонхор агнаж, барихаар тогтоож байжээ. 2013 оны хувьд 15 угалз, 32 тэх, 10 халиун буга, 50 саарал чоно, 40 бор гөрөөс, зэрлэг гахай 10 толгойг агнуулах, тул загас 200 толгойг бариулаад, буцаан усанд нь тавиулахаар Засгийн газраас тогтоолоо.
Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн иржээ. 2013 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Кени улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Дэлхийн байгаль орчны өдрийг энэ онд Монгол Улс эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсныг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр албан ёсоор зарласан байна. Дэлхий нийтээрээ байгаль орчинд нээлттэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдрийн 2013 оны уриа нь “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод Ид Хэмнэ- Хоол, хүнсний хаягдлыг багасгая” юм. Энэ өдрийг манай улс 2013 оны 6 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Дээрх өдрүүдэд Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо тэмдэглэн өнгөрүүлэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газраас баталж, арга хэмжээ төлөвлөгөө, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- Монгол Улсын Их сургуульд буддын болон санскрит судлалын хөгжлийг дээшлүүлэх зорилгоор мэргэжилтэн багш ажиллуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгов.
- “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам төслийн концессын гэрээний хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрч, гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлуулахыг үүрэг болголоо.
- Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Н.Тэгшбаярыг Цөмийн энергийн газрын даргаар, Ц.Жадамбааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар, А.Хүрэлшагайг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар, С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Д.Энхжаргалыг Худалдан авах ажиллагааны газрын даргаар, М.Галбадрахыг Мал эмнэлэг, үржлийн газрын даргаар, Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар тус тус томиллоо.