Улсын дугаарын бэлдэцээр “тогложээ”

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Улсын дугаарын бэлдэцээр “тогложээ”

Автомашиныг улсын дугаараар нь ялгаж таньдаг. Гэтэл танигдахааргүй эвдэрч, халтартсан, арилсан дугаартай машинууд олон харагдах юм. Улсын  дугаар нь харагдахгүй /цагаан/ болтлоо элэгдсэн, эсвэл тоо нь байвч үсэгтэй хэсэг нь тасраад уначихсан ч машин хөдөлгөөнд оролцож байх.  Түүгээр зогсохгүй зөвхөн автомашины  улсын дугаар хэвлэдэг бэлдэц дээр, түүний загвараар улсын дугаараас өөр зүйлс бичсэн машинууд цөөнгүй байдаг аж. Жишээ нь, ЗИЛ 130, ЛАНД 100, ЛАНД 105, КАМАЗ гэхчлэн эсвэл утасныхаа дугаарыг бичдэг болжээ.

Саяхан гэхэд л ЛАНД 105 гэсэн улсын дугаарын тэмдэгт зүүж явсан автомашины эзэн болон уг дугаарыг үйлдвэрлэсэн үйлдвэртэй хариуцлага тооцохоор ЦЗГ-аас шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн зарим машин худалдаалах цэгүүдэд үйлчилгээ эрхлэгчид улсын дугаарын бэлдэц дээр утасны дугаар бичсэн зөрчил гаргаж байгаа тул ЗЦГ-аас анхааруулж, тэдгээрийг хураажээ.

Монгол Улсын автомашины улсын дугаарт MNS 4410:2002 стандартыг мөрддөг бөгөөд улсын дугаарын үндсэн материал нь хөнгөн цагааны хайлш, зузаан нь 1.0-0.2 мм, будаг эсвэл гэрэл ойлгогч /цацруулагч/ материалаар хийсэн байж болдог ажээ. Улсын дугаар хэвлэн олгох бэлдэц дээр зөвхөн тухайн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэмдэгийн үсэг, тоо, хүрээ нь тохирох хэмжээ, өнгийн бэлдэц дээр товойлгон хэвлэх ёстой юм байна. Мөн Олон улсын замын Венийн конвенцийн дагуу улсын дугаарын тэмдэг дээр улсын нэрийн товчлол MNG болон соёмбо гэх мэт ялгах тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэж болдог ажээ.

М.НАРАН





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж