Иргэд л өөрийнхөө амьдралыг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Иргэд л өөрийнхөө амьдралыг сайжруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн алслагдсан захын гэр хороолол болох Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэд, оршин суугчидтай уулзалт хийж, тэдний санал бодлыг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар ажилласан юм.

Иргэдийн зүгээс хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ тааруу, Улиастай, Хужирбулан, Гачууртын дунд өвчтөн хэвтэж эмчлүүлдэг эмнэлэгтэй болох,зам засварын ажлыг нөхөөс төдий хийдэг нь ганцхан жилийн дотор эргэж ховхордог, автобусны зарим буудлын байршил оновчгүй, газрын зөвшөөрөлгүй, гэрэл цахилгаангүй айл өрх олонтой, ажилгүйдэл их, хорооны нутаг дэвсгэрийн заагийг нарийн тогтоож өгөх шаардлагатай, хүүхэд, залуус тоглох талбай, иргэдэд үйлчилдэг соёлын төв хэрэгтэй байгаа талаар саналаа хэлцгээлээ. Тамхины эсрэг хууль сайн хэрэгжиж эхэлж байгаа шиг Архины эсрэг хууль гаргах шаардлагатай тухай иргэд мөн санал гаргаж байлаа.

Тус 23 дугаар хороо нь гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах  төлөвлөгөөнд хамрагдаж болохуйц нөхцөлтэй гэдгийг хэлж байв. Дүүргээс нь УИХ-д сонгогдсон гишүүд иргэд сонгогчидтойгоо уулздаггүй талаар иргэд мөн Төрийн тэргүүнд дуулгаж байсан юм.

Иргэдийн байр суурийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч “Баянзүрх дүүрэг бол 280 мянган хүн амтай Монгол Улсын хамгийн том засаг захиргааны нэгж. Монгол Улсын 2,8 сая хүн ам 10 Баянзүрх дүүрэгтэй тэнцэнэ. Баянзүрх дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 4,4 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнийг иргэдийнхээ саналыг авч зарцуулах ёстой. Иргэд санаачилгатай байж өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Цаашид халамжийг хавтгайд нь биш, таван бүлэг хүмүүст зориулна Тэтгэврийнхэн, хүүхэд, оюутан, хөдөлмөрлөх чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хийж бүтээх насны 20-40 насны залуу ээжүүдэд халамжийн бодлогыг чиглүүлнэ” гэлээ. 

Д.ЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж