
Олон сувгийн телевизийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулдаг “DDish TV” -д Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн жил 10 сувгийг үнэ төлбөргүй дамжуулах шаардлага тавьсан билээ. Тус компани уг шаардлагыг хүлээн авахаа мэдэгдсэн ч одоогийн байдлаар МҮОНРТВ, Sport box, Оллоо Эрүүл мэнд, City channel зэрэг сувгийг орон даяар үнэгүй дамжуулж байгаа аж. Энэ талаар “DDish TV”-ээс тодруулахад “Одоогоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос ямар сувгийг дамжуулж болох тухай чиглэл бидэнд ирээгүй байгаа учраас 10 суваг дамжуулаагүй байгаа” гэсэн тайлбар өглөө.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ийнхүү шаардлага тавих болсон нь Харилцаа, холбооны зохицуулах хороотой хийсэн гэрээгээ зөрчсөнөөс үүдэлтэй юм. Тодруулбал “DDish TV” ТВ нь сарын төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн эрхийг зөрчиж сувгаа хааж байна гэсэн гомдлын мөрөөр ШӨХТГ шалгахад уг компани гэрээгээ зөрчсөн нь тогтоогдсон учир зөрчлийг богино хугацаанд арилгах болон төлбөр төлөгдөөгүй байсан ч Монголын өргөн нэвтрүүлгийн 10 сувгийг үнэ төлбөргүйгээр гаргах шаардлагыг тавьсан билээ.
У.БОЛОР