Цохивор хөгжмийн шилдэг бүтээл эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Цохивор хөгжмийн шилдэг бүтээл эгшиглэнэ

Цохивор хөгжмийн чуулгын уран бүтээлчид өнөөдөр “Найруулга 2013” тоглолтоо Улсын филармонийн концертын танхимд 19.00 цагт тоглох гэж байна. Монголын Урлагийн Зөвлөлийн санаачлагаар С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг нийтэд сурталчлах зорилгын хүрээнд энэ удаагийн тоглолтыг зохион байгуулж байгаа юм. Зургаа дахь жилдээ эгшиглэх гэж буй уг тоглолтод өмөнх жилүүдийн шилдэг 11 уран бүтээл болон энэ жилийн тоглолтод зориулан бэлтгэсэн зургаан шинэ бүтээл эгшиглэх ажээ.

Цохивор хөгжмийн чуулгын ерөнхий удирдаач, ХБК-ийн цохивор хөгжмийн багш Б.Зоригттой ярилцлаа. 

-Энэ удаагийн тоглолтод ямар бүтээлүүд эгшиглэх вэ?

-Тоглолтын эхний хэсэгт дэлхийн сонгодог бүтээлүүдийг оруулсан. Үүнд манай үзэгчид, сонсогчдын сайн мэддэг Hans Zimmer-ын “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны хөгжим, алдарт Ennio Morricone-ы “Сайн муу, хэрцгий” киноны хөгжим. Энэ хоёр киноны хөгжмийг бид зориуд оруулсан. Энд нэг зүйлийг хэлэхэд, хэдийгээр цохивор хөгжмийн тухай ярихаар Хөгжим, бүжгийн коллежийн нэг анги хэмээн харагддаг боловч бидний агуулга, санаа уран бүтээл бол өндөр төвшинд байхыг хичээдэг. Тиймээс энэ жилийн тоглолтдоо нэлээд ач холбогдол өгч байна. Яг дангаараа хийсэн шинэ уран бүтээлээ энэ сарын 22-нд ХБК дээрээ тоглоно. Энд зургаан гочлоочийн бүтээл, долоо шинэ найруулга буюу 13 бүтээл эгшиглэнэ.

-Энэ жилийн тоглолтыг үзэх үзэгчдэд “Найруулга” цуврал тоглолтыг цогцоор сонсох ховорхон боломж тохиох нь ээ?

-Ховор боломж шүү. Зарим нэг хүн 2009-ийг үзсэн байхад нөгөө хэсэг нь алгасаад 2011 оны тоглолтыг үзсэн байгаа. Он оны шилдэг бүтээлүүд орсон гэдгээрээ том бэлэг. Бид нар энэ олон жилийн найруулгынхаа цуглуулгыг хийнэ гэсэн төлөвлөгөө бодол байсан. Бидний тоглолт энэ удаагийнхаар дуусахгүй. Ирэх намар мэргэжсэн цохивор хөгжимчин бэлтгэсний 50 жилийн ойг тэмдэглэнэ. Тэнд найруулгын цуврал бүтээлүүдээ буюу 2008 оноос эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд тавьсан бүх бүтээлүүдээ цогцоор нь үзүүлэхээр төлөвлөөд байгаа. Нэг бодлын олон тоглолт мэт харагдаж байгаа ч үзэгчид, сонсогчдоо уйдаахгүй, өндөр төвшний зохион байгуулалттай тоглолтыг хийхээр зэхээд байгаа.

-50 жилийн түүхт цохивор хөгжмийн үүслийн талаар эргэн дурсахгүй юу?

-Хамгийн түрүүнд ярих ёстой хүн бол цохивор хөгжмийг үндэслэгч, Монголын анхны багш Жамсран маань байна. Тэрээр одоо 80 гарсан сайхан буурал байгаа. Зөвлөлтийн мэргэжилтний удирдлага дор анхны цохивор хөгжийн анги  нээгдэхэд Жамсран багш сурагч нь болж, түүхийг хуудаснаа Монголын цохивор хөгжмийн үндэслэгч болон бичигдсэн юм.

-Анхны анги  нэг сурагчтай л байсан юм уу?

-Цохивор хөгжмийн хувьд нэг анги нэг сурагчтай байдаг. Ерөнхий боловсролын сургуульд нэг анги нь 30-40 хүүхэдтэй байдаг бол цохивор хөгжмийн ангид нэг жилд нэг зарим жилд хоёр хүүхэд авдаг. Тэр хэмжээгээрээ жилд нэг хоёр л сурагч төгсдөг. Энэ нь өнөөдөр улс орны хэмжээнд найрал хөгжмийн мэргэжилтнийхэрэгцээ, шаардлагыг нь харж шийдсэн асуудал бөгөөд илүүдэл ажилгүй боловсон хүчин гаргахгүй байх үүднээс тооцоолж гаргасан сургалт.

Анх энэ салбар маань үүсч байхдаа хөгжийн зэмсгээ өөрсдөө бүтээж байсан. Жамсран багш тэр царгил гэдэг хөгжмийг дээр үеийн зандан жаазтай том толины модыг ашиглан хөрөөдөөд хөгжим хийн сургалтаа явуулж байсан гээд бодохоор гайхамшигтай их хөдөлмөр байгаа юм. Ахмадуудын маань юу ч байхгүй хоосон орон зайнаас юмыг бий болгон хөгжүүлж байсан нь өнөөдрийн бидний цаашид хөгжиж, дэвших суурь болсон. Сүүлийн зургаан жил дараалан “Найруулга” тоглолтыг хийж байна гэдэг маань хөгжмийн хөгжилтэй л холбоотой. Тэрнээс өмнө бид нар ийм том хэмжээний тоглолтуудыг хийе гэхээр материаллаг бааз байдаггүй байсан. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2006 онд иж бүрэн хөгжмийн зэмсэгтэй болсны хүчинд бид овоо сайхан тоглолтууд хийдэг болсон.

-Залуусын хувьд цохивор хөгжмийн талаарх ойлголт муу юм шиг санагддаг. Тэд сонгодог хөгжим, чуулга, оркестор гэхээр үндсэн хийл, төгөлдөр хуур, морин хийл гэж мэдэхээс биш цохивор хөгжим гэхээр симфони оркесторын туслах хөгжим л гэж ойлгоод байх шиг?

-Манай цохивор хөгжмийн ид шид гэвэл хөгжмийн хамгийн нам, аяар эгшгээс хамгийн чанга хүнд үйлдвэрийн чимээ буюу 100 хүнтэй симфони оркесторын оргил үе хүртэл гаргаж чаддагт байдаг. Их том дуутайгаас авахуулаад чимээгүй шахуу дуутай хөгжим ч байна. Хамгийн доод хязгаараас дээш хязгаар хүртэл өргөн цар хүрээнд тоглох боломжтой нь цохивор хөгжмийн гол давуу тал. Мөн цохивор хөгжим олон төрөл буюу 40-өөд төрөл байна. Халуун орны сайн чанарын зандан модоор урласан дэлхийн мэргэжлийн цохивор хөгжмөөс эхлээд энгийн хэрэглээний хувин сав, тогоо, шанага, халбага, сэрээгээр ч цохивор хөгжим болгон тоглосон Баруун Европын орнуудын гайхалтай тоглолтууд их шүү.  Монголын залуучуудад хандаж хэлэхэд, өнөөдөр сонгодог хөгжим гэдэг бол хэдийнэ та нарын амьдралд нэвтрээд орчихсон зүйл юм. Хэдийгээр нэр нь сонгодог гээд алс хол ойлгоход хүнд мэт сонсогдож байгаа ч өнөөдөр залуусын хэрэглэж байгаа гар утсанд нь дэлхийн сонгодогууд эгшиглэж байна. Сонгодог урлаг бол та бүхний хаяанд байна гэж би залууст хэлмээр байна. Манай тоглолтыг үз. Битгий сонгодог хөгжмөөс дөл. Залуус үүнийг л сонсдог, хүндэтгэдэг байх юм бол Монголын ирээдүй оюунлаг хүмүүсээр хүрээгээ тэлнэ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж