Лениний музей үзмэрээ дэлгэх үү?

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Лениний музей үзмэрээ дэлгэх үү?

Нэгэн цагт “Сэрэлт-Оч” кино театр, баар, караоке, сургалтын төв, бичиг хэрэг, гар утасны худалдаа,  ресторан гээд есөн зүйлийн үйлчилгээ дотроо агуулж байсан Лениний музей одоо л нэг музей гэсэн утгаа олох нь. Олны дунд мартагдаад байсан Лениний музейг өнгөрсөн жилийн намраас эхлээд албаныхан анхааралдаа авч, олон түмэн ч санаа зовних болсон билээ. Тэгвэл Засгийн газраас нэгдүгээр сарын 12-нд Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгоно гэж тогтоосноор энэ асуудлыг шийдэхэд хэдэн шат ахиулсан. Тогтоолд тулгуурлан Спорт, соёл, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо энэ хугацаанд музейн барилгыг ашиглагч тал болох МАН-д музейн барилга, үзмэрийг хүлээн авах тухай албан бичгийг гурван удаа явуулсан ч хариу өгөөгүй юм. Гэхдээ байдал нааштайгаар эргэжээ.

Шүүхэд хүсэлт тавив

Музейн барилга, үзмэрийг хүлээлгэж өгөх хариу ирээгүй учир Төрийн өмчийн хорооноос гуравдугаар сарын 13-нд Нийслэлийн шүүхэд музейн эзэмшлийн асуудлаар хүсэлт гаргажээ. Ингэхдээ МАН-ыг шүүхэд өгсөн гэж иргэд ойлгож байгаа нь буруу юм. Асуудлын гол нь музейг зориулалт ёсоор нь яаралтай ашиглаж эхлэх тухай юм. Шүүхэд хүсэлт гаргасан үндэслэл нь МАН-ыг ашиглагч тал буюу өмч нь мөн гэсэн шүүхийн шийдвэрийг эргэн нягтлах ажээ. Тодруулбал, 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаж, өмчийг тоолох гэтэл тухайн үед өмчлөлийн маргаантай байсан барилгуудын нэг нь Лениний музей байж. Ингээд өмчлөлийн асуудал сөхөгдөж, 1997 онд анхан шатны шүүхээс Лениний музейг төрийн өмч гэсэн шийдвэр гаргасан байна. Харин Нийслэлийн давж заалдах шатны болон Дээд шүүхээс намын өмч гэдгээр шийдвэр гарч, Намын түүхийн институт ашиглаж байгаад улмаар МАН нь ашиглагчийн статустай болсон байна. Ингээд өдийг хүртэл үйлчилгээний чиглэлээр ашиглаж ирсэн бөгөөд МАН-аас музейг хүлээлгэж өгөхийг шаардсан ч тодорхой хариу өгөөгүй талаар бид мэдээллэж байсан. Сүүлд гуравдугаар сарын 7-нд музейн барилга, үзмэрийг хүлээж авахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо, хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн ажилтнууд ирэхэд ашиглагчийн талаас төлөөлөл ирж хүлээлгэж өгөөгүй юм. Гэсэн ч төрийн хөрөнгөөр боссон Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох Засгийн газрын тогтоол гарсанаас хойш музейн зориулалтаар ашиглах нь цаг хугацааны л асуудал гэж ярих хүмүүс их. Тийм ч учраас албаныхан музейг тавдугаар сарын 18-нд тохиодог Дэлхийн музейн өдрөөс өмнө хүлээж авч, засвараа хийгээд ашиглаж эхлэхийг зорьж байгаа ажээ.

Яагаад МАН-ын өмч биш гэж?

Үндсэн хуулийн цэцээс Лениний музейг МАН-ын өмч мөн гэж нотолсон тухай мэдээлэл саяхан тарсан. Үүнд Төрийн өмчийн хорооноос “Цэц бол аливаа өмчийн харьяаллыг шийдэх дүгнэлт гаргахгүй, шүүхийн шийдвэрт хэрэглэсэн хуульд хэрэгжилт тавьдаг учраас дүгнэлт хийгээгүй. Өмчлөлийн асуудалд маргаан үүсгэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан” гэж тайлбарласан билээ. Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас дэлгэсэн өөр баримтуудыг сөхье.

 В.И.Лениний музейг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлж байсан талаар:

  • Музейг анх Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1967 онд Шинжлэх ухааны академи байгуулжээ. ШУА нь улсын төсвөөс санхүүжиж байсан бөгөөд одоо ч улсын төсвөөс санхүүжиж байна.
  • В.И.Лениний музейн шинэ барилгыг баригдаж байх явцад улсын төсвийн хөрөнгөнөөс уг музейн үйл ажиллагааг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийн ялдамд үзмэр худалдаж авахад нь төсөв гаргаж байсан. 
  • 1988 онд Лениний музейн барилгыг ашиглаж байсан Намын түүхийн институт Лениний музейн барилгаас гарч одоогийн Дээд шүүхийн барилгад нүүн очсоны дараа ч Лениний музей хэвээр ажиллаж, улсын төсвөөс санхүүжсэн хэвээр байв.
  • Намын түүхийн институт, Намын архив, Лениний музей, Намын дээд сургууль, Намын төв хороо хэмээх байгууллагууд 1990 оныг хүртэл улсын төсвөөс байнга санхүүжиж байжээ. Ялангуяа Намын төв хороог санхүүжүүлж байсан улсын төсвийн хэмжээ хамгийн их байсан тухай баримт бий. Лениний музейд ажиллаж байсан бүх хүмүүст төрийн байгууллагад ажилласнаар тооцож тэтгэвэр тогтоож байсан аж.

Лениний музейг ашиглалтанд хүлээлцүүлэх Засгийн Газрын комиссын акт”-д “…” 1980-07-09-ний өдрөөс ашиглагч Намын түүхийн институтын байнгын АШИГЛАЛТАД шилжүүлэхээр тогтов” гэжээ. Харин Үндсэн хууль /1960/-ийн 10 дугаар зүйл, Иргэний хууль /1963/-ийн 60, 62 дугаар зүйлд зааснаар улсын байгууллагын эд хөрөнгө улсын өмчид гэж заажээ. Түүнчлэн Иргэний хууль /1963/-ийн 61 дүгээр зүйлд зааснаар “өмчлөгч нь эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж заасан байна. 

Уг хуулийн зохицуулалтаас авч үзвэл, санхүүжилтийн дээр дурдсан баримтуудтай хамтатгавал ашиглагч эрхийг Намын түүхийн институт зөвхөн ашиглагч тал байж, эзэмших, захиран зарцуулах эрх нь өмчлөгчид байх болж байна. Тэгэхээр өмчлөгч буюу анх захиалж бариулж байсан субьект  тухайн үеийн Соёлын яам болох нь баримтаар нотлогдох тухай албаныхан хэллээ. Өөрөөр хэлбэл, өмчлөгчийн хувьд төр музейн зориулалтаар ашиглах эрхтэй учраас ийнхүү тэмцэж байгаа аж.

Музей дотор…


В.И.Лениний хөшөөтэй, ханан дээрээ “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэж бичсэн музейн дотор улсын ямар ховор, нандин үзмэрүүд байсан юм ? гэдгийг нарийн мэдэх хүн одоогоор алга. Соёл, спорт, аялал жуулчлалын яам тухайн үеийн кино, хальс, цуглуулсан баримт сэлтээс судалж үзсэнээр зэс хөөмөл, тосон зураг, зээгт наамал, торгон далбаа гээд нийт 5000 гаруй үзмэр хадгалагдаж буй гэсэн таамгыг өгсөн. Эдгээр үзмэрийг одоог хүртэл хүлээлгэж өгөхгүй, ямарваа хариу өгөхгүй байгаа нь хосгүй үзмэрүүд алдагдсан болов уу гэсэн хардлагыг төрүүлж буй тухай албанхан ч хэлж байна лээ. Тухайлбал,

  • Марзан Шаравын Сүхбаатарт зурж өгсөн Лениний зурагтай 90 ам метр зээгт наамал,
  • “Их замын үе шатууд” 60 тн жинтэй Хүрэл цутгамал. Ленинград хотод бүтээсэн.
  • Манай орны уран бүтээлчдийн туурвисан Ардын зураач Цүлтэмийн “Түүхт уулзалт” тосон зураг
  • Ардын зураач Амгалангийн “Капитализмыг алсгагч ” уран зураг
  • Сэнгэцохиогийн “Түмний төлөө уулзалт” уран зураг
  • Нанзадсүрэнгийн “Коминтерний төлөөлөгч” уран зураг
  • Гүрдоржийн “Брежнев” нэхий хайчилбар
  • Сүхбаатарын гантиг хөшөө баримал
  • Лениний намын бат илэрхийлэх болон анхны ном, ЗХУ-д суралцсан анхны оюутнуудын зураг гэх мэт үзмэр байж болох ажээ.

    Ийнхүү музейн асуудлаар эрчимтэй тэмцэх болсон нь үй олон багачуудын, өдгөө том болсон хүмүүсийг ой дотор байгаа мэт мэдрүүлж, балар эртний хүмүүс гал гарган буйг хараад хүн яагаад ийм бөөгнөрсөн үстэй байсан юм бол? гэсэн бодолд автуулж, зэр зэвсэг бичлээсээ эхлээд хэрхэн биежсэнийг мэдэж, танин мэдэхүйн гайхамшгийг танхимын аргаар олж авахад тусалсан Байгалийн түүхийн музейн үнэт үзмэрүүдийг хаана хадгалах вэ гэдэг асуултын өмнө бүдчин ирэхдээ Лениний музейг санаж. Учир нь Байгалийн түүхийн музейг ахин ашиглах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт гарсан юм. Мөн хилийн чанадад гаргаад алдсан үлэг гүрвэлийн яснуудаа хийх байр саваа хийх боломж бололцоогоо бодож тунгаасны дээр мэдээж Лениний музейд агуулагдаж байсан үнэт үзмэрүүдийг олж авах хэрэгтэйгээс  Лениний музейг анхаарах болсон гэдэг. Ямартай ч иргэдийн дунд Зөвлөлтийн эсвэл намын хөрөнгөөр баригдсан Лениний музей гэж цоллуулахгүй гэдгийг ийнхүү баталлаа. Төрийн хөрөнгөөр баригдсан Лениний музей хосгүй үзмэрүүдээ багтааж ядан байж, үүдээ нээхийг бид хүлээж байна.

    У.БОЛОР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж