Шинэ бүтээлийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Шинэ бүтээлийн нээлт боллоо

Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжүүлэх зорилгоор С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллежтэй “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийн тэтгэлгээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын мэргэжлийн урлагийн сургуулийн хөгжмийн сургалтанд зориулан туурвисан шинэ бүтээлийг олон нийтэд танилцууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн урлагийн сургуулийн сургалтын урын санг Монгол уран бүтээлчдийн бүтээлээр баяжуулж, Монголын үндэсний сонгодог урлагийг хөгжүүлэх зорилготой бөгөөд үр дүнг танилцуулах тоглолтыг энэ гуравдугаар сарын 13-ны 17.00 цагт ХБК-ийн тоглолтын танхимд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тус бүтээлийг ХБК-д албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Тоглолтод хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарын шинэ хөгжмийн бүтээлээс гадна мэргэжлийн хөгжимчдийн бүтээлийг сургалтад зориулан шинээр найруулсан чуулбар тоглогдов. Хөгжмийн зохиолчид бүтээлээ Монгол хүүхдийн хүмүүжил төлөвшилд уламжлалт сэтгэлгээг өвлүүлэн үлдээх,  Монгол үндэсний хэв шинжийг шингээхийг зорьсон бөгөөд бүтээлийг төгөлдөр хуур, морин хийлд суралцаж буй 8-18 насны хүүхдүүд суралцах ажээ.  Цаашид эдгээр бүтээл нь Хөгжим Бүжгийн Коллежийн сургалтын агуулгад орж, хүүхдийг бага ангиас нь эхлэн Монгол сэтгэлгээтэй, чадварлаг, мэргэжлийн уран бүтээлч болоход ихээхэн дэмжлэг болох юм.

М.ДӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж