Оюутнууд даваа гаригаас тэтгэлэгт урамшууллаа авна

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Оюутнууд даваа гаригаас тэтгэлэгт урамшууллаа авна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хууль хэрэгжиж эхэлсэнээр өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг олгож эхэлсэн билээ. Тэтгэлгийг оюутнуудад тухайн суралцаж буй сургуулиар нь дамжуулан олгож байсан ч, энэ нь шүүмжлэл дагуулах болсон юм. Мөн дээрх тэтгэлгийг сургуулиуд цаг хугацаанд нь олгоогүй зэрэг асуудал дагуулах болсон тул Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр түр журам гаргаж энэ сараас эхлэн Сургалтын төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан оюутан бүрийн нэрийн дансанд үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг хийж байхаар болсон юм. Тиймээс Сургалтын төрийн сан, арилжааны банкууд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр үзэглэв.

Сургалтын Төрийн сангийн захирал П.Лхагвасүрэнгийн тэмдэглэснээр үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг дансаа нээлгэж тооцоо хийсэн оюутнуудад ирэх даваа гаригаас эхлэн олгох юм байна. Гэхдээ нэг оюутанд үндэсний тэтгэлэг хэлбэрээр сар тутамд 70200 төгрөг олгодог бол сурлагынх нь чанараас хамаарч сурлагын голч дүн нь 3.2 хувиас дээш бол 50 хувийн тэтгэлэг нэмж олгох. Харин гол дүн 3.6 хувиас дээш бол 75 хувийн тэтгэлэг нэмэгдэнэ. Тэгвэл 100 хувь урамшуулалт тэтгэлэг авах болзлыг улсын олимпиадад оролцож, нэгээс гурав хүртэлх байр эзэлсэн оюутанд олгодог юм.

Энэ улирлын хувьд нийт хичнээн оюутан тэтгэлэг авах вэ гэдэг тоо хараахан гараагүй байгаа аж. Гэхдээ өнгөрсөн жилийн хувьд үндэсний тэтгэлгийг 145389 оюутан авсан бол урамшуулалт тэтгэлгийг нэмж 21014 суралцагч авчээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж