Япон улсын Эрүүл мэндийн сайд Норихиса Тамура Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарт хоёр орны цаашдын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцсан байна. Эрүүл мэндийн дэд сайд “Манай улс буурай орнуудын тооноос хасагдаж дунд орлоготой орны тоонд орсонтой холбогдуулан тусламж гуйх биш харилцан туршлага солилцох сонирхолтой байна. Монгол улсад Дорнын анагаах ухаан сайн хөгжсөн тул Япон улстай энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа” илэрхийлжээ.
Япон улсын эрүүл мэндийн сайд Норихиса Тамура “Бидний зүгээс нарийн мэргэжлийн боловсон хүчнээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, бодлогыг шинэчлэхэд бодлогын зөвлөмж, зөвлөгөө өгч туслахад бэлэн байна. Даатгалыг анхнаас нь сайн бодож байж хийх хэрэгтэй. Манай орны хувьд хүн ам их, наслалт урт учир санхүүгийн талаас зарим нэгэн бэрхшээлүүд тулгарч байсан. Даатгалын төлбөрийг бууруулах амархан, ихэсгэх хэцүү байдаг тул анхнаас нь тавих шимтгэлийн хэмжээг нарийн тооцоолох хэрэгтэй” гэдгийг онцолжээ.
Д.ЖАРГАЛ