БНАСАУ АНУ-г цахим халдлагад буруутгав

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

БНАСАУ АНУ-г цахим халдлагад буруутгав

Хойд Солонгосын албаныхны зүгээс сүүлийн өдрүүдэд Хөдөлмөрийн намын албан ёсны сайтуудад халдсан хакерын дайралтанд АНУ-ыг буруутгажээ. “KCNA” агентлагийн мэдээлснээр тус сайтаас гадна “Air Koryo”, “Rodong Sinmun” зэрэг сайтуудад хакерын халдлагад өртөөд байгаа бөгөөд энэ нь Америк, Өмнөд Солонгос улсуудын хамтарсан цэргийн сургуулилттай давхацсан нь хоорондоо нарийн холбоотой гэнэ. Түүнчлэн Хойд Солонгосын зүгээс АНУ-ын энэхүү цахим халдлагыг “жигшүүртэй, хулчгар үйлдэл” гэж нэрлэжээ.

Хойд Солонгост интернэтийн хэрэглээ маш хязгаарлагдмал бөгөөд намын дээд удирдлагууд, цэргийн удирдлагууд, зарим нөлөө бүхий хүмүүст интернэтийн хэрэглээг зөвшөөрдөг байна.

Хойд Солонгос болон Өмнөд Солонгос улсуудын харилцаа сүүлийн үед маш эгзэгтэй байгаа бөгөөд хойд хөршийн зүгээс өмнөдтэй байгуулсан гал зогсоох энхийн гэрээгээ цуцлаж, хэзээ мөдгүй гал нээхэд бэлтгээд байгаа билээ. Харин Өмнөд Солонгосын зүгээс АНУ-тай хамтран цэргийн сургуулилт явуулж, хойд хөршийн аливаа халдлага дайралтанд бэлтгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Хойд Солонгос улс өнгөрсөн арванхоёрдугаар сард пуужин хөөргөж, дараа нь хоёрдугаар сард цөмийн туршилт хийснээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан шинэ хориг арга хэмжээтэй нүүр тулгараад байгаа юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж