Багшийн сургуулийн шинэ байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Багшийн сургуулийн шинэ байртай боллоо

МУБИС-ийн
харьяа Архангай аймаг дахь Багшийн сургууль нь төв болон баруун бүсийн
аймгуудын багшлах боловсон хүчний 80 орчим хувийг бэлтгэдэг эрдмийн
уурхай болсон газар билээ. Жар гаруй жилийн түүхтэй тус хамт олон энэ
жил хичээлийн шинэ байртай болж өчигдөр нээлтээ хийлээ. 

Улсын
төсвийн хөрөнгөөр баригдсан  960 суудалтай хичээлийн шинэ байрны нээлтэд
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, сайдын зөвлөх Д.Цагаанхүү,
МУБИС-ийн захирал н.Жадамбаа, проректор н.Мөнхжаргал  оролцож тус
сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. 

Нээлтийн ажиллагааны
үеэр сайд Л.Гантөмөр “Хашаат сумын арван жилийн сургууль дээр МУБИС-ийг
багшийн мэргэжлээр төгсч байгаа 16 оюутан дадлага хийж байгаа. Бид сая
замаараа оюутнуудын дадлагын ажил хэрхэн явагдаж байгаатай танилцаад
ирлээ. Оюутнуудын дадлагын хажуугаар тэнд “Багш нарыг бэлтгэх ажлыг ямар
түвшинд  хүргэх вэ” гэдэг агуулгын дор  МҮОНТВ нэвтрүүлэг хийж байна.
Оюутнуудтай  уулзаж ярилцаж, дадлагын үеэр хийсэн  бүтээлүүдтэй нь
танилцах боломж олдлоо. Орчин цагийн багш нар л энэ хэмжээнд сэтгэх юм
даа гэж хүн хэлэхээр үнэхээр сайхан бүтээл танилцуулсан. Та бүхэн
удахгүй МҮОНТВ-ээр дадлага хийж байгаа оюутнуудыг харна. Харахдаа манай
оюутнууд,  багш нар өөр дээр тусгаж хараасай гэж хүсч байна. Багш нар
манай оюутан ингэж хөгжинө гэж хараасай. Оюутнууд  би дадлага хийхдээ
ингэж хийх юм шүү, сайн  дадлагажаад багш болно гэж хараасай. Хашаат
суманд 16 оюутан очиж ажиллаад гурван долоо хоног болоход тус сумын
сургуулийн нийт хүүхдийн 80 хувь нь  ямар нэгэн дугуйлан секцэнд
хамрагдсан байна. Манай оюутнууд дадлагаа дуусаад буцахад Хашаат сумын
хүүхдүүд  бүгд ямар нэгэн дугуйлан секцэнд хамрагдахаар байна.

Монгол 
хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байгаа гэдгийг МУБИС-д сурч байгаа,
багшийн сургуульд суралцаад төгсөх гэж байгаа энэ залуучууд харуулж
байгаад талархаж байна. Тэр 16 оюутны дунд танай сургуулийн нэг төгсөгч
байна лээ. Газар газрын шилдэг хүүхдүүд гэхээсээ илүү хамгийн идэвхи
санаачилгатай хүүхдүүд тэнд цугласан. Монгол Улс хөгжие л гэж байгаа бол
боловсролдоо анхаарах цаг ирчихээд байна. “Улсын сайн хүнээсээ, хүний
сайн хүүхдээсээ байдаг” гэж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 
хэлсэн. Үнэхээр улс орон хөгжье л гэвэл хүнээ хөгжүүлэх хэрэгтэй.
Ингэхдээ  хүн гэж нийтээр ярих  биш хүн нэг бүр хөгжих хэрэгтэй юм байна
гэсэн санаан дээр бид шинэчлэлийн Засгийн газрын, боловсролын чанарын
шинэчлэлийн бодлогыг боловсруулж гаргасан. Энэ  бодлогыг тойрсон асуудал
болгон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхтэй очиж холбогдоно.

 Өнөөдөр
сайхан байранд ороод суралцах гэж байгаа энэ сайхан багш нараар хичээл
заалгаж байгаа оюутан залуус та бүхэн ирээдүйн монгол хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэх  алтан үүргийг авч, гэгээн сайхан ухамсрыг тээгээд суралцаж
байгаа гэдэгт итгэж байна. Багшийн ажилд бурхан хүртэл атаархдаг гэж
хүмүүс хэлдэг. Энэ сайхан мэргэжлийг  сонгоод төгсч байгаа оюутнуудад
ажлын амжилт хүсье. Монгол улсын хөгжлийг хүний хөгжлөөс, хүүхдийнхээ
хөгжлөөс эхэлнэ гэдэг тэр үзэл санааг  монгол төр, монголын ард түмэн
бүрэн өөртөө шингээхэд багшийн нэр  алдар, багшийн гавьяа мандан
бадарна  гэдэгт итгэлтэй байгаа. Бүх эрх мэдэл багшийн гарт очно.
Өнөөдөр багш мэргэжлийг сонгоод, энд сурч байгаа залуус та бүхэн үнэхээр
торгон мэдрэмжтэй, зөв сонголт хийгээд суралцаж байгаа гэдгийг би итгэл
төгс хэлмээр байна. Багш мэргэжил бол хүнтэй ажилладаг, хүнийг дэмждэг,
хайрладаг, хүнийг хөгжүүлдэг байх ёстой. Хамгийн чухал нь хүний найз
болж чаддаг хүнийг л  бид төгсгөж гаргах учиртай гэдгийг багшийн багш
нартаа захья” гэлээ.

Нээлтийн ажиллагааны үеэр тус сургуулийн
захирал Д.Нямцэрэн “Шинэчлэлийн Засгийн газар, БШУЯ-аас төсөл хөтөлбөрт
хамруулж хичээлийн байрыг засварлан оюутны байрыг өргөтгөж сургалтын
тавилга тоног төхөөрөмжөөр хангаж багш ажилчдын ажиллах, оюутан
суралцагчдын сурах орчныг цогцоор нь бүрдүүлж өгсөн нь суралцагчийн
сурлагын чанарт нөлөөлж бидний ажилд үлэмж их хэмжээний дэмжлэг болж
байна. Засгийн газрын тогтоолоор МУБИС-ын салбар сургууль болсноор 
манай сургуулийн статус дээшилж төгсөгчид  ажлын байртай болох, багш
ажлын байрандаа хөгжих, оюутны сурлагын амжилтыг дээшлүүлэх ажилд
ихээхэн ахиц гарч байна” гэдгийг онцолж байлаа. Мөн энэ үеэр тус
сургуульд 1977 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй  ажиллаж байгаа ахмад
багш Ж.Дэчингаам “Манай сургууль түүхэндээ анх удаа хичээлийн шинэ
байртай болж байгаад баяртай байна. Өнөөдөр багш, оюутан бүр сурч
боловсрох, хөгжих орчин үеийн техник хэрэгслээр бүрэн хангагдаж байна.
Цаашид хүн бүхэн хичээж ажиллах юм бол бидний ирээдүй сайхан болох байх”
хэмээсэн юм. 

Архангайн багшийн сургууль нь өдгөө 1300
оюутантай. Шинэ байр баригдахаас өмнө 440 суудалтай нэг байранд үйл
ажиллагаа явуулж оюутны дотуур байрыг ч хичээлийн танхим болгон
ашигладаг байжээ. Одоо нэг ээлжиндээ 960 суудалтай байртай болсноор
сургалтын орчин сайжирч оюутнууд үдээс хойно хичээлийн бус цагаар
өөрийгөө хөжгүүлэх дугуйлан секцэд хамрагдах боломжтой болж байгаад багш
оюутнууд баяртай байлаа. Тус сургуулийн хувьд оюутны байрны хүрэлцээ
муу байгаа нь хамгийн  тулгамсдсан асуудал болоод байсан учраас
хичээлийн хуучин байраа засварлан 300 оюутныг дотуур байраар хангаж
хүчин чадлаа өргөжүүлсэн байна. Оюутны байрны хүрэлцээ муу байгаатай
холбогдуулан шинэ байр барих, өргөтгөх асуудлаар БШУЯ-нд удаа дараа
тавьсны үр дүнд өнөө жилийн улсын төсөвт оюутны  байртай болох асуудлаар
мөнгө суулгаж чаджээ.

БШУЯ-ны сайд Л.Гантөмөр Архангайн багшийн
сургуулийн шинэ байрны нээлтэд оролцсны дараа тус аймгийн ЕБС-ийн багш,
удирдлагуудад Боловсролын шинэчллэлийн бодлого, цаашид хэрэгжүүлэх
ажлынхаа талаар танилцуулсан юм.  
Уулзалтын төгсгөлт  багш нар
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйн сургалтад хамрагдах хүсэлтэй
байгаагаа хэлж сайдын захисанчлан яам бодлогоор дэмжээд өгөх юм бол
хүүхэд нэг бүрийн авьяасыг нээхийн төлөө, цагт баригдахгүй өөрийн арга
технологио боловсруулан ажиллах боломжтой гэдгийг хэлж байлаа гэж Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж