
-Энэхүү жүжиг маань өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх тайзнаа тавигдаж би Фүжицубо хатны дүрд тоглосон.
-Танай театр анх удаа тайзнаа ази, тэр дундаа япон жүжиг тавьсны нэг нь “Эсрэг дурлал” байх аа?
-Тийм ээ. УДЭТ өмнө нь ихэвчлэн дэлхийд данстай Европын сонгодог жүжгүүдийг тайзнаа тавьж байсан. Харин “Эсрэг дурлал” бол бидний хувьд их өөр жүжиг байсан. Анх удаа дорно дахины, тэр дундаа япон жүжигт тоглосон. Уг жүжиг нь хайр сэтгэлийн тухай эмгэнэлт бүтээл юм.
-Энэ жүжгийг сэдэвлэсэн зохиолынх тухайд юу хэлэх вэ?
-“Эсрэг дурлал” бол Японы алдартай зохиолчдын нэг болох Мурисаки Шикибүгийн 1008 онд бичсэн “Гэрэлт Гэнжийн туульс” хэмээх романаас сэдэвлэн бичсэн жүжиг байгаа юм. Уг “Гэрэлт Гэнжийн туульс” бол дэлхийн анхны роман гэгддэг. Уг жүжгийг зохиолч Б.Галааридын эмхтгэлээр найруулагч Ч.Найдандорж тайзнаа тавьсан. Энэхүү жүжиг олон хүний хүч хөдөлмөрөөр амилсан бүтээл. “Эсрэг дурлал”-ын гол үйл явдал нь хааны ордонд өрнөдөг учраас хатад, шивэгчин, зарц гээд их олон эмэгтэй дүртэй. Уг жүжгийг театрын уран бүтээлчид хоёр баг болж тус тусдаа тоглосон. Хоёр багийн гол дүрд ихэвчлэн залуу уран бүтээлчид тоглосон л доо. Цаг хугацаа, судалгаа их шаардсан бүтээл учраас уран бүтээлчид хүч, хөдөлмөр гээд бүгдийг нь шавхсан.
-Дүрийн судалгааг хэрхэн хийсэн бэ?
-Фүжицубо бол өөрийн сэтгэлийн эрх чөлөөгөө ордны хатуу дэг ёсонд булшилсан, нэлээд дотогшоо зан чанартай хатны дүр. Энэхүү дотогш чиглэсэн зан чанар нь надтай төстэй байсан. Бусдаар бол надаас гарамгүй нуугдмал чанартай дүр байсан л даа. Судалгаа хийхдээ Японы “Кабуки” театрт тоглогдож байсан жүжгүүдийг үзэж байлаа. Ихэвчлэн гол дүрийн эмэгтэйчүүдийн алхаа гишгээ, зан араншин, бусадтай харилцаж байгаа харилцаа, намба төрх зэргийг анхаарч, дуурайж өөртөө дадал болгож байсан. Мөн “Алтан цэцэгийн хараал”, “Удвал цэцгийн хараал” зэрэг киног үзсэн. Энэ кинонд хойд эх нь хүүтэйгээ хайр сэтгэлтэй болж, янаг амрагийн харилцаатай болж байгааг харуулдаг. Би тэр киноны гол дүрийн жүжигчнээс дотоод мөн чанарыг нь өөртөө авах гэж оролдсон. Энэ нь дүрээ амилуулахад надад их тус болсон болов уу.
-“Гэрэлт Гэнжийн туульс” их алдартай роман гэсэн…
-Тийм шүү. Япондоо их алдартай. Энэхүү романы нэрээр нэрлэгдсэн олон хүүхэлдэйн кино тэр ч байтугай “Гэнжи” гэдэг ресторан хүртэл байдаг. Мөн сонгодог хөгжмийн бүтээлүүд, уран сайхны кино ч олон байдаг. Биднийг жүжгээ тайзнаа тавьж байхад Японд “Гэнжи” гэдэг нэртэй уран сайхны кино нээлтээ хийж байсан. Аль эртний 1008 онд зохиогдсон роман гэхэд ард түмнийхээ сэтгэлд хүрсэн, нэр хүндтэй, их даацтай бүтээл гэдэг нь үүнээс харагдаж байгаа байх.
-Дүрээ тайзнаа амжилттай амилуулах болов уу, яах бол гэж айж байв уу?
-Урлагийн хүмүүс их нээлттэй, чөлөөтэй байдаг шүү дээ. Тэгтэл энэ жүжгийн дүрүүдийн хувьд их хаалттай, эрх чөлөөгүй, дотогш хандсан байсан учраас сэтгэл зүйн хувьд хэцүү санагдаж байлаа. Дүрдээ орохоороо би амаа боолгуулсан юм шиг л санагдаж дотор бачуурдаг байсан. Тэгээд энэ жүжгээс япон хүмүүсийн сэтгэлзүй нь биднээс их өөр юм байна гэдгийг ойлгосон.
-Фүжицубо хатны дүрд таныг найруулагч сонгосон уу, эсвэл өөрөө энэ дүрд тоглох хүсэлтэй байв уу?
-Энэ жүжгийг Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж тоглосон юм. Мөн их алдартай романаас сэдэвлэсэн даацтай жүжиг учраас Ч.Найдандорж найруулагч “Эсрэг дурлал” жүжгийг сонгосон гэсэн. Тэгээд найруулагч маань уран бүтээлчдээ цуглуулаад “Ямар дүрд тоглох саналтай байгаагаа бичээд өгөөрэй” гэсэн юм. Тэгэхэд театрын ихэнх эмэгтэй уран бүтээлчид дүрийнхээ саналыг өгсөн. Би ч гэсэн залуу жүжигчин гэж айлгүй гол дүр болох Фүжицубо хатны дүрд тоглох саналаа бичсэн. Хатны дүрийн нас ч гэсэн миний үеийнх байсан. Харин бусад их хатан, шивэгчний дүрүүд нь надаас дандаа ахмад насных байсан юм. Ингээд удахгүй найруулагч жүжигчнээ сонгож, намайг хатны дүрд тоглуулах болсон юм.
-Та яагаад энэ хатны дүрийг онцгойлж сонгосон юм бэ?
-“Эсрэг дурлал” жүжгийн хамгийн сонирхолтой дүр нь энэ санагдсан. Жүжигчдийн ур чадварыг шалгадаг хэцүү дүр, тиймээс өөрийгөө сорихоор шийдсэн. Үүнээс гадна эмэгтэй хүн сэтгэлээ чөлөөтэй илэрхийлж чадахгүй нь дотоод сэтгэлтэй нь их зөрчилддөг. Энэ нь их таалагдсан. Бас хайртай хүнээ хайрлаж болохгүй хайраар хайрласан нь түүний сэтгэлийг шархлуулж, эцэст нь хайрынхаа төлөө амиа золиослож байгаа эмгэнэлтэй дүр. Найруулагч намайг энэ дүрд тоглох болсон гэхэд маш их урам авч, зоригжсон. Их ч баярласан.
-“Гэгээн муза-X” наадамд та энэ дүрээрээ нэр дэвшиж байгаа. Шагнал авна гэсэн итгэл хэр их байна вэ?
-Залуу уран бүтээлчдийн хувьд “Гэгээн муза” наадамд нэр дэвшинэ гэдэг нэр төрийн хэрэг байдаг. Миний хувьд Фүжицубо хатны дүрээр нэр дэвшиж байгаадаа их баярлаж байгаа. Шагнал авах, үгүй нь тийм ч чухал биш. Харин нэр дэвшиж байгаа нь их чухал гэж бодож байгаа. Залуу уран бүтээлч учраас надад их урам хайрласан дүр.
-Уг наадамд нэр дэвшиж байгаа уран бүтээлчид бүгд гоёлоо бэлтгэж байгаа байх. Таны хувьд бэлтгэж амжсан уу?
-“Гэгээн муза”-гийн улаан хивсний ёслол жил бүр сайхан болдог. Уран бүтээлчдийн маань гоёлыг нэртэй загвар зохион бүтээгчид урладаг. Ёслолын ажиллагаа загвар зохион бүтээгчдийн хувьд “хөөрхөн” уралдаан болдог. Хэн нь илүү загвар сайтай даашинз урласан байна гэдгээрээ уралддаг. Миний гоёлыг энэ жил “Мила мода” загварын салон урлаж байгаа. Одоо бараг бэлэн болчихсон. Харин даашинз дээрээ зохицуулж зүүх ээмэг, бугуйвч, зүүлт зэргээ бэлтгэж амжаагүй л байгаа.
-“Гэгээн муза-X” наадмаас шагнал авах болтугай. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье?
-Баярлалаа.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин