
Тодруулбал, Засгийн газраас музейн барилгыг үлэг гүрвэлийн музей болгох тогтоолын дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Төрийн өмчийн хорооноос одоогоор ашиглагчийн статустай байгаа МАН-д музейн барилга, үзмэрийг хүлээлгэж өгөхийг хүссэн албан бичиг гурван удаа явуулсан байна. Одоог хүртэл албан бичигт хариулж, музейг хүлээлгэж өгөөгүй учраас албаныхан тухайн үед гарч байсан шүүхийн шийдвэрийг нягтлуулж, музейг хүлээж авахыг яаравчлуулж байгаа ажээ.
Нийслэлийн эсвэл намын өмч гэдгээр одоог хүртэл маргаантай байсан музейн эзэмшлийн талаар өнөөдрийн хурлаар хариулт өгсөн зүйл яригдлаа. Тухайлбал, Лениний музейг анх Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Соёлын яамны захиалгаар 1967 онд Шинжлэх ухааны академи байгуулж байсан баримт бий гэнэ. Ингээд музейг барих, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх, үзмэрүүдийг худалдаж авахад 1974-1980 онд улсын төсвөөс санхүүжүүлж байжээ. Үүнээс хойш Намын түүхийн институт хүлээн авч, ашиглагчийн статустай болсон бөгөөд МАН одоог хүртэл ашиглаж байгаа аж. Тиймээс төрийн хөрөнгөөр боссон уг музейг Засгийн газрын тогтоолд үндэслэн тавдугаар сарын 18-нд болдог Дэлхийн музейн өдрөөс өмнө хүлээж авч, ашиглалтанд оруулах зорилготой байгаа тухай Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл хэллээ.