Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Бүүвэйн дууны домог


Харалдай хаан гэж байж
гэнэ. Харалдай хааны хүү Хариутган тайж, Хариутган тайжийн дүү Будаг шагай,
Будаг шагайн нөхөр Буурал мэргэн гэж байжээ. Харалдай хаан дайтахдаа эд агуурс
байтугай эхнэр хүүхдээ ч эс хайхардаг учир Хариутган тайж Будаг шагай хоёрыг
нялхад нь нутаг төөрүүлж хаяжээ. Будаг шагай дүү нь Хариутган тайж ахдаа
тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч өгөөд бэргэнээ болгохыг их хүсдэг
байв. Ийнхүү ятагсаар байгаад тэнгэрийн отгон дагиныг ахтайгаа суулгаж амжсан
байна. Ах нь хонуут өнжүүт ан гөрөөнд явдаг болж охин дүү Будаг шагайдаа оосор
бүсгүй орд цагаан өргөө барьж өгчээ. Ах нь ангаас ирэх болгонд дүү нь тосч
угтан заавал үнсүүлдэг байв. Будаг шагай ахыгаа анд явсан үед гэртээ торго
дурдан дэлгэж цэцэг навч урлан хатгаж өдөр өнгөрөөнө. Тэнгэрийн отгон
дагинаХариутган тайжтай сууснаас хойш Будаг шагай дүүтэйгээ алт мөнгөн
шагайгаар их тоглодог байв. Нэг өдөр дүү нь алтан шагай амандаа нууж байтал
хоолойд нь ороод тээгэлчихжээ. Үүнээс болоод Хариутган тайжийн хагийн хайртай
ганц дүү амьгүй болсонд тэнгэрийн отгон дагина учиргүй айж Будаг шагайг орных
нь урд торго дэлгэж цэцэг навч хатгаж байгаа юм шиг ор түшүүлэн суулгаж
орхижээ. Орой нь ангаас ирэхдээ дүүгээ тосож ирээгүйг гайхан цайгаа ч уулгүй
гэрт нь ороход нь дүү нь ухаангүй болсон байв. Тэр даруй алтан авдарт хийгээд
усанд тавьжээ. Голын адаг руу хоёр лам нүгэл наминчлан ном бясалгаж байтал
авдартай юм усанд урсаж байхыг үзээд гарган авч задалбал нэгэн үзэсгэлэнт
сайхан бүсгүй байж гэнэ. Хоёр лам учрыг мэдэж алтан шагайг хоолойноос нь
гаргахад амь оржээ. Тэгээд будаг шагайг нэг айлд аваачиж өгөв. Тэр айл Харалдай
хааных байжээ. Хаан охин, хүү хоёроо олон жилийн өмнө нутаг тойруулж орхисон
тул таньсангүй. Хариутган ах нь зээр гөрөөс их намнадаг учир нутгийнхан
Зээрэлдэй мэргэн, Зээрэн сугсуу гэдэг хоч өгсөн байжээ. Харалдай хаан олон
зарцтай нэг өргөмөл охинтой юмсанжээ. Үүнийг мөн л өргөмөл хүүтэй суулгахыг
боддог байжээ. Тэгтэл Будаг шагайгаас нэгэн хүү төржээ. Түүнийг хааны зарц
авгай асрах бөгөөд тэр авгай гэрийн гадаа хүүхдийг тэврэн сууж

Харалдай хааны ачлай

Бүүвэй бүүвэй бүүвэй

Хариутган тайжийн дүүлэй

Бүүвэй бүүвэй бүүвэй

Зээрэлдэй мэргэний зээлэй

Бүүвэй бүүвэй бүүвэй

Зээрэг сугсуун дүүлэй

Бүүвэй бүүвэй бүүвэй

Буурал мэргэний хүүлэй

Бүүвэй бүүвэй бүүвэй

Будаг шагайн дүүлэй

Бүүвэй бүүвэй бүүвэй

Бүүвэй бүүвэй бүүвэй гэж
аялгуулан саатуулдаг байв. Энэ үед Хариутган тайж Харалдай хааныхныг танихгүй
нэг айлын гадуур өнгөрч яваад тэр дууг сонсч миний өвөг, эцэг, ах дүүгийн
нэрийг хэлж байдаг, ямар учиртай юм бэ? гэж мориныхоо амыг татан чагнажээ.
Будаг шагай өөрт тохиолдсон зовлонгоо гагцхүү тэр зарц авгайд л хэлсэн юмсанж,
Ингээд Хариутган тайжийг хаан аав нь арга буюу таньсан учир энэ цагаас эхэлж
хаан эх үрсийн энэрэл хайрыг үнэлдэг болсон гэнэ. Ийнхүү Ойрадуудын дунд Бүүвэй
дуу зохиогдсон юм гэдэг домог бий. 

Х.Сампилдэндэв
"Монгол домгийн чуулган" 1999 он

http://odbaatars.blog.banjig.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж