Өнгөрсөн 2012 онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль юу ч болов доо. Сонгууль гэхээс илүү сургууль болох шиг боллоо. Тийм ээ, яалт ч үгүй улс төрийн сургууль болсон. Ялангуяа Ардын намд үзээгүйг нь үзүүлж, үйл лайг нь эдлүүлсэн айхавтар их барцадтай сонгууль, сургууль, сургамж болов.
Эгнээнд нь 60-аад жил болсны хэрэг юу билээ, намдаа одоо л нэг сайн гэгч тус болъё гэж 2012 оны эхээр шийдсэн юм. Юу чаддаг, мэддэгээрээ туслах учиртай, санаатай байсан юм. Гэвч надад олигтой чаддаг юм гэж юу байх билээ. Зөвхөн цаас эрээчихийн донтой нэгэн шүү дээ. Тэгэхдээ зөвхөн өөр шигээ нунж доройхон юм бичдэгийг уншигчид сайн мэдэх хойно нэмж хэлэх юм алга. Гэхдээ миний бие Сонгуулийн хууль хэлэлцэж эхлэхэд л “Шороотой бөх туг тойрдог ёсгүй” гээд бичиж эхэлсэн. Бичээд л байлаа. Би бичээд л байвал олон зуун мянган сонгогчийн үзэл бодлыг өөрийнхөөрөө өөрчилчих юм шиг тэнэгтээд бичээд л байсан юм. Бүтэн жил тойрон бичлээ. Тоолсон чинь сонгуулийн өмнө хойно бараг 30-аад тооны юм биччихсэн байв. Насандаа дарлагдсан наддаа бол хаваажид гэхээр тоо байгаа биз. Ардын намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл болон бусад нөхөр дэмжиж тусалсан. Өөртөө жаахан сүр оруулж хэлэхэд тэр үед чухам зүрхээ хэмлэж, сэтгэлээ сэмлэж, нойроо хугасалж бичсэн юм. Манай намынхан ч гэсэн ялгаагүй тэр өдрүүдэд бүгд л сэтгэлээ сэмлэж, чөмгөө дундалж зүтгэцгээсэн. Тэгсэн бөгөөтөл ялагдчихсан. Яагаад ийнхүү уначихав гэж нам нийтээрээ мэл гайхаж цөл хөхрөнө гэгч болцгоосон. Тус намын дарга Ө.Энхтүвшин бээр тун саяхан намын шинэчлэлийн тухай үзэл бодлоо илэрхийлэхдээ намынхаа амьдралд шүүмжлэлтэй хандахын чухлыг сануулсанд олзуурхаж байна.
Хонио чононд хядуулчихсан гэвэл тэр боохойг харааж зүхээд нэмэргүй. Хамаг буруу нь хонь, хоньчин хоёр дээр л бууж таарна. Тус намын Бага хурлынхан бараг нийтээрээ ийм л өнцгөөс харахыг хичээсэн байна билээ. Манай намын үйлийн үрийн толинд намаа хагалан бутаргасан тэр том гэм нүгэл л хамгийн түрүүнд туссан гэсэн. Тэгэх нь аргагүй биз. Уг нь жаахан мангардуу хэрэг болсон юм. Манайхан ерэн хэдэн жил буян хурааж ирсэн намынхаа “зузаан ширмэн тогоог” хага дэлсчихсэн юм. “Эдээрээ оролдвол эвдэхийн цондон, эхнэрээрээ оролдвол салахын цондон” гэгч нь болов доо. Улс монголынхоо эрх чөлөө тусгаар тогтнолыг байлдан авч хөгжил дэвшлийн их ололт амжилтад удирдан жолоодсноороо олон түмний сэтгэл зүрхэнд хэвшиж тогтсон намын нэр гэдэг бол үнэн чанартаа түүний буян хишгийг хадгалж байдаг агуулах сав мөн байсан. Гэтэл түүнийг намын дайснуудын яриад байдагчлан асар их нүгэл хилэнцээр дүүргэсэн хогийн тантан гэж эндүүрсэн шиг байгаа юм. Тэгээд л хоёр хуваагдсан хоёр нэрний завсраар нэг нам байхдаа авах ёстой байсан санал хоёр хуваагдаж савираад яалт ч үгүй ялагдсан гэж манай өвгөн хашрууд толгой сэгсрээд халаглаж суугаа юм. Мууд муу нь нэмэр, муухайд улцан нэмэр гэгчээр өөр элдэв шалтгаан бас байсан гэсэн. Тухайлбал одоо үндэсний эрх ашгаас уравсан хэмжээнд яригдаж олон томчуудын хүзүүг олс дээсээр ороох гээд байгаа “Оюутолгойн гэрээ” гэгч лайтай гэрээ тус намд мундахгүй гай чирсэн тал байгаа байх. “Төрийн төмөр хутгуур” гэгдэх болсон автомат хар хайрцагны тухай яриа ч бас үнэний хувьтай юм билээ.
Өнгөрсөн намраас нэг шог юм болсныг гадуур шивэр авир гэлцээд байна. Нийслэлийн 14 суудалд Ардын намаас дэвшүүлсэн 14 хүнээс ганцхан хүн гарсан. Тэр нь Д.Арвин. Д.Арвин гишүүн одоо өөр намын хүн болсон. Тиймээс намын мууд дурладаг шооч эрхмүүд “Арвинтай дүйцэх улстөрч Ардын намд байхгүй гэнэ, Ей еэ, бөө бөө, Ей еэ, бөө бөө” гэж дооглодог болсон сурагтай. Монголын бүх хүн амын бараг тал хувь оршин суудаг нийслэлээс УИХ-д тухайлан сонгогдсон Ардын намын ганц ч төлөөлөл одоогоор байхгүй байгаад эмзэглэж байна. Энэ бол өнгөрсөн сонгуулийн хамгийн гашуун бөгөөд аюултай сургамжийн хурц тод баримт. Ийм байж яасан ч болохгүй. Энэ бол намын улс төрийн бодлогын гол цөм, ялалт амжилтын шийдвэрлэх хүчин зүйл болсон боловсон хүчний бодлогыг хэн дуртай нь үймүүлдэг болсны ноцтой илрэл гэж үзэж байна. Гэхдээ энэ бол мөхөс миний л бодол тул хүндрүүлж ойлгох хэрэггүй байх. Одоогийн дахин санал хураалтаар Д.Сумъяабазар нь уначихвал яана даа гэж эмээж байна.
Би намдаа ном зааж ихэрхэх гээгүй. Зөвхөн тэмцлийн тухай хоёр үг хэлмээр байна. Нам тэмцэх л гэж төрдөг. Тэмцэл бол түүний амин тэжээл. Тэмцэж л байвал нам хүчтэй, үзэл санаа нь эрүүл саруул, байдаг гэсэн онол сургаал байдаг юм билээ. Гэхдээ тэмцэхэд сайн зэвсэг бас их алт хэрэгтэй. Нүцгэн бодлогоор тулалддаг цаг, үе нэгэнт өнгөрсөн. Өнгөрсөн сонгуулиар ажиж байхад Ардчилсан нам тэмцлийн илүү хүчирхэг зэвсэгтэй, ов заль ихтэй, санаачлага сайтай байх шиг санагдсан. Тэднийх өөрийн нөлөөндөө олон телевиз, сонинтой, хэд хэдэн банктай байхад Ардын намын нөлөөнд хоёрхон телевиз, хоёрхон сонин л байв шүү дээ. Үнэнчээр дэмжигч хүчирхэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй, дэмжигч банкгүй байж ялна гэдэг ч үнэндээ “зангууны үлгэр”. Хэн илүү сайн мэдээллийн зэвсэгтэй нь ялдаг цаг ирсэн байна. Хэн их алттай нь ялдаг тэр цаг хэвээрээ байна. Алт хэмээгч шар метал нь орчин үеийн цэлмэг оюун ухааныг нэлэнхүйд нь мэдэлдээ атгасан хэмжээгүй эрхт эзэн хааны суудалд суусан хэвээр байгаа. Энэхүү эзэн хааны засаг захиргаа, цэрэг цагдаа, шорон гяндан зэргийг манайхан чөлөөт зах зээл хэмээн нэрлэж байна. Гэтэл чөлөөт зах зээл эдүүгээ чухам аль намын нөлөөнд байгааг тайбарлах хэрэггүй байх. Үнэндээ мэдээллийн хаанчлал, алтны хаанчлал хоёр нь Ардчилсан намын нөлөөнд орсон учраас хууль, хүчний байгууллага хүртэл тэнд атгагдаж түүний алсын хаялга нь Ардын намын ялагдалд нөлөөлсөн байж магадгүй.
Гэхдээ удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын нам гарцаагүй ялна. Ц.Элбэгдоржийн хэмжээний хүн хэдэн мянгаараа эс боловч хэдэн арваараа энэ намд байгаа. Гэхдээ тийм маягийн ерөнхийлөгч олж сонгуулахыг Ардын намынхан хүсэхгүй байлгүй. Ардын нам бол хэзээнээс нааш “үнэний төлөө нам” байсан, байгаа, байх ч болно. Үнэн хаана хэрэгтэй байна тэнд Ардын нам л зогсч байдаг. Одоо ч тийм байгаа. Тэгэхээр тус намын зорилго нь хамгийн их баялагтай хэмээн дэлхийн цөөврүүд хэл амаа долоож байгаа өнөө үед Монгол хэмээх энэ бэсрэгхэн улсыг үнэхээр үнэн сэтгэлт ерөнхийлөгчтэй болгох явдал мөн байх болов уу. Ард түмэн ч үүнийг одоо сайн ойлгож байгаа. Гэхдээ амаргүй зорилт. Одоо чинь худал хэлдэггүй хүн ховор болсон цаг юм. Бодохын муухайг бодоод ярихын сайхныг ярьдаг хүн улс төрд олширсон тул үнэн сэтгэлт хүнийг олж төрийн толгойд суулгана гэдэг хялбар биш байх. Гэвч олдоно. Олох ч болно. Үнэн гэдэг тэр үнэт ховор эрдэнэс чинь юуны өмнө хал үзэж халуун чулуу долоосон өндөр настай хашир хандгайнуудын толгойд бэлэн байдаг гэж байгаа юм. С.Баяр намын дарга байхдаа “ахмадуудад үнэн оршино” гэж хэлсэн удаатай. Эзэн Чингисийн үзэл сургаалд ч ийм санаа бий. Манай намын лут оюунлиг ахмадууд Монголыг толгойлоод явж чадах үнэнч сайн хүнийг хэзээний таничихаад уяа сойлгыг нь хэрхэн тааруулах арга ухааныг боловсруулж л суугаа байлгүй. Ардын намд Т.Рагчаа, Д.Гомбожав, Б.Лхамсүрэн, Д.Содном, Ш.Гунгаадорж, Г.Очирбат, Лантуу, П.Дамдин, Г.Адъяа, Ц.Балхаажав, Мишигдорж, Л.Түдэв, Б.Сумъяа, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Ч.Дашдэмбэрэл, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ж.Болдбаатар, М.Энхболд, С.Баяр, Идэвхтэн гээд олон мундаг хүмүүс байна. Тэдэнд намын одоогийн удирдлагууд үнэнхүү халуун сэтгэлийн урам өгч ойртож нөхөрлөвөл мань нөхдүүд яалт ч үгүй ханатай л үг дуугарна даа. Дашрамд дурдахад Ардчилсан нам ба бусад намуудад байгаа шиг залуу улстөрчдөд болохоор ахархаж ихэрхээд, ахмадуудад нь залуурхаж аархаад байдаг дуулгавар муутай, үг авдаггүй дундчуудын хаанчлал буюу захиргаадагч давхрага төлөвшин бий болохоос болгоомжлох шаардлага гарч магадгүй байна. Намынхаа эв нэгдлийн төлөө сайн тэмцэж, тулга тойрсон жижиг шаардлагыг жаахан хойш тавьж, тулгамдсан асуудлыг нэлээн өргөн цар хүрээгээр харах нь зөв болов уу. За ийм л юм хэлэх гэсэн юм. Энд бичсэн бүгдийнхээ төлөө уучлалт гуйя. Би зөвхөн өөртөө таашаал авахын тулд л ингэж бичиж байгаа юм.
Нам нийтээрээ үйлдсэн нүглийн нүдийг баахан цоохор цаасаар хуурах гэж оролдсондоо одоо би ичиж зовж л байна. Харин өөрийн бичсэн зүйлийн тоо хэмжээг дэгс ташаа хэлээгүй гэдгээ 2012 онд төвийн хэвлэлд нийтлүүлсэн материалыг зөвхөн гарчгаар нь жагсааж нотлоюу гэсэн юм. Болгооно уу.
- ШОРООТОЙ БӨХ ТУГ ТОЙРОХ ЁСГҮЙ ЭЭ
- МОНГОЛЫН УЛС ТӨРӨӨС ХИНШҮҮ ХЯРВАС ХАНХАЛЖ БАЙНА.
- АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛЬД ЯЛБАЛ ЯАХ БОЛ ОО?
- МОНГОЛ ТӨРИЙН ГУРВАН УДИРДАГЧ
- АРДЫН НАМ СОНГУУЛИЙН БУУХИАГ ӨНГӨЛӨЛӨЖ БАЙНА
- СОНГОГЧИЙН ОЮУН БОДОЛ “ ЭРЭЛД МОРДОВ”
- БАЯЖИХ УУ, ХӨГЖИХ ҮҮ?
- ГАЛЫН БУРХАД ДЭЭШЭЭ ДЭЭШЭЭ
- ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ЧИНГИСЧ ЗАГВАР БА МАГВАНЫ БИЛИГТ
- ХҮНЭЭ ОЛШРУУЛБАЛ ХӨГЖИЛ ХУРДСАНА
- “БЭЭЖИН НУГАС” БИЕНД ШИНГЭЖ, ШАНХАЙН БОДОЛ САНААНД ХУРГАВ
- ГАЗАР ЭЭЖИЙН АНХНЫ ӨЛГИЙ НУТАГ СЭГ БОЛЖ ГҮЙЦЛЭЭ
- ЮМ НЭГЭЭР ДУУСАХГҮЙ, АРДЫН НАМД ЭЭЛЖ ИРНЭ
- УИХ-ЫН СОНГУУЛЬД БҮХ НАМ ЯЛАГДСАН
- ХӨӨС
- БЭЛТРЭГ СУЙЛАХ ЦАГ
- “АРДЧИЛСАН ФАШИЗМ”- БОЛ МОНГОЛЫН ӨНӨӨДӨР
- БУЛШИН ДЭЭР ХЭЛЭХ ҮГ
- ӨВӨРХАНГАЙД ЯАГААД АРДЫН НАМ ЯЛЧИХДАГ БИЛЭЭ?
- ОДОНГООС ОЙСОН БОДОЛ
- “ТОЙРОГТ ГУЛСУУЛАХ НЬ” МОНГОЛ ТӨРИЙН ШУДРАГА ЁС ЗҮЙД ХАРШЛАНА
- ЗҮРХНИЙ ТҮЙМЭР
- НЭГ НҮХЭНД ХОЁРДАХЬ УДААГАА БҮДЭРВЭЛ БҮР СӨХРӨНӨ
- ЭТГЭЭД НЭГЭН ЗАЛУУ
- ПЭЙ, ЯАСАН АЙМШИГТАЙ ЮМ БЭ, ОЧИЖ ОЧИЖ ӨНӨӨ ХЭДИЙГ ЧИНЬ СҮЙД ХИЙХ НЬ?!
- ЗОРИГТ НЭГЭН БҮРГЭД ЧУХАМ ЮУНЫ УЧИР “ТОРНЫ ЦААНА ЗОВЛОНТ ИДЭЭ” ТОНШИЖ СУУНА ВЭ
- ТОЛГОЙГҮЙ МОНГОЛД ТОЛГОЙ ХЭРЭГТЭЙ МАНАЙ “НУТГИЙН ИДЭЭ”
ЖИЧ: Сүүлчийн хоёрыг 2013 онд бичсэн болно.