Хунтайж Харрийн нүцгэн зураг гэх мэт дуулиант мэдээ нийтэлдэг TMZ хэмээх сайт энэ талаар анх мэдээлжээ. Эхлээд энэ мэдээлэл баахан бүрхэг байсан бөгөөд мэдээллийг аль сайтаас авснаа ч заагаагүй боловч удалгүй тэрхүү сайт нь exposed.su гэдэг нэртэй нь тодорхой болсон юм. Уг сайт нүүрэн дээрээ “The Secret Files” (Нууц материалууд) гэсэн гарчиг тавиад, “Декстер” хэмээх телевизийн цуврал киноны “Бурхан гайхамшгийг бүтээдэг нь үнэн бол Чөтгөрт ч бас бага сага чадах юм байж л таарна” гэдэг үгийг нийтэлжээ. Аймшгийн киноны баатар баймаар охины фото зургийн доор алдартнуудын мэдээлэлтэй танилцах линкүүдийг цувруулан тавьсан байна. Тэдгээр линк рүү орж үзвэл, тухайлбал алдартай рэп дуучин, олон саяын хөрөнгөтэй Jay-Z-ийн “American Express” картаараа авсан зээлийн өр 227 мянга 115 доллар болсон, мөн кабелийн телевизийнхээ төлбөрийг төлөөгүй удсан тул өрийг нь өөр хүмүүс худалдаж авсан гэдгийг мэдэж болох нь. Мөн дээдсийн хүрээлэнгийн нэг алдартан Ким Кардашьяны ипотекийн зээлийн өр зургаан сая доллар болоод буй бол түүний найз Пэрис Хилтон бараг өргүй, зээлийн түүхийнх нь эрсдлийн зэрэг тун доогуур байгааг үзэж болж байна. Гэхдээ дээдсийн хүрээнийхний амьдралыг сонирхдог хүмүүст энэ мэдээлэл чухал ч, ондоо сонирхолтой хүмүүсийн хувьд бол үнэ цэнэгүй нь мэдээж. Тийм ч учраас “New York Daily News” сонины тоймч “Эд нарын хэчнээн өр зээлтэй нь бидэнд ер ямар хамаа байна аа” хэмээн бичжээ.
Тэднээс гадна “Нууц материалууд”-ын жагсаалтад АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, дэд ерөнхийлөгч Жо Байдэн, ТТГ-ын дарга Роберт Мюллер, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер, Лос-Анжелесийн цагдаагийн дарга Чарли Бек, жүжигчин Мел Гибсон, Эштон Катчер, дуучин Бэйонсэ, Бритни Спирс, Аляскийн амбан захирагч асан Сара Пэйлин, жүжигчин, тамирчин Халк Хоган, бизнесмен Дональд Трамп, жүжигчин, улс төрч Арнольд Шварценеггер, дэд ерөнхийлөгч асан Эл Гор, рэппер Канье Үэст, Крис Женнэр, дээдсийн хүрээлэнгийн бас нэг алдартан Ким Кардашьяны ээж, АНУ-ын шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга Стейша Хилтон, Массачусетс мужийн амбан захирагч асан, ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуульд нэр дэвшсэн Митт Ромни, гольфчин Тайгер Вүүдс нар орсон байна.
Энд орсон мэдээллийн нэлээд хэсэг нь үнэндээ бол нууц биш. Гэхдээ эдгээр нэр бүхий хүмүүсийн нийгмийн даатгалын дугаар, зээлийн түүх байгаа нь олон түмний мэдэж байх ёстой зүйл биш гэдэг нь мэдээж билээ. Мэдээлэл дотроо янз янз бөгөөд Жо Байдэний хувьд гэхэд нийгмийн даатгалын дэвтрийн дугаар, утасны номер, хэд хэдэн хаяг бий бол ерөнхий прокурорын “Equifax” зээлийн товчоонд үйлчлүүлсэн 20 хуудас тайлан байгаа юм.
Бусдын хувийн мэдээллийг олж тараах энэ үйлдлийг doxing (documents буюу бичиг баримт гэсэн үгнээс үүсэлтэй) гэдэг. Doxing үйлдэгч эхлээд тухайн хүний талаар ямар нэг мэдээлэл (тухайлбал цахим шуудангийн хаяг) олж аваад түүгээрээ интернэтэд хайлт хийж, олсон хувийн мэдээллээ цуглуулан нийтэлдэг. Doxing-ийг хуулийн хүрээнд хийж болох бөгөөд нээлттэй эх сурвалжаас хууль ёсны аргаар мэдээлэл цуглуулсан бол хамаагүй, харин цахим шуудангийн хайрцганд нь нэвтрэх, тухайн хүнийг сүлжээгээр “мөрдөх” зэргийг хууль бус гэж үздэг байна. Дээр нэр гарсан “Equifax” болон “Experian”, “TransUnion”-ын мэдэгдэж байгаагаар бол хакерууд тэдгээр байгууллагын мэдээлэлд хууль бус аргаар нэвтэрчээ.
Хуулийн байгууллагууд өнгөрсөн даваа гаригаас эхлэн хэд хэдэн чиглэлээр мөрдөн шалгалт эхлүүлснээ зарлав. Тухайлбал ТТГ-ын дарга, Лос-Анжелесийн цагдаагийн дарга нарын хувийн мэдээлэл задарсан асуудлыг уг хоёр хүний удирддаг байгууллагууд өөрсдөө шалгах аж. Харин төрийн тэргүүний хамгаалалтыг хариуцдаг АНУ-ын Нууц алба тэргүүн хатагтайн асуудлыг шалгахаар болж байна. Холбогдох албаныхан нэр бүхий хүмүүсийг дансандаа блок хийхийг зөвлөсөн бөгөөд учир нь тэдний мэдээллийг луйварчид ашиглаж болзошгүй ажээ. Дашрамд дурьдахад Лос-Анжелесийн цагдаагийн газрын удирдлагууд ийм халдлагад өмнө нь ч нэг бус удаа өртөж байсан гэнэ.
“Нууц материалууд”-ыг цуглуулж тараасан этгээдүүд эрх баригчдын эсрэг санаа бодолтой байгааг бичиж тавьсан зүйлээс нь ойлгож болохоор байна. Тэргүүн хатагтайн мэдээлэл дээр тэд “Мишель, бид чамд хайртай. Нөхрөө л буруутгаарай” гэсэн бол Лос-Анжелесийн цагдаагийн даргынх дээр “Дорнерыг чи амжихгүй шүү” гэжээ. Дорнер гэдэг нь Лос-Анжелесийн цагдаагийн газарт ажиллаж байгаад халагдсаныхаа дараа хамт ажиллаж байсан хэд хэдэн цагдаа болон тэдний төрөл саданг хөнөөсөн хүн юм. Цагдаагийн газрын удирдлага авлигад автаж шударга бус олон үйлдэл хийсэн хэмээн буруутгаж тэднээс өшөө авахаар санаа шулуудсан тэрбээр ууланд цагдаагийнханд бүслэгдээд байхдаа амиа хорлосон билээ. Америкчуудын нэлээд хэсэг нь Дорнерыг өмөөрч байсан юм. Мөн цагдаагийн даргын мэдээлэлтэй хуудсанд цагдаагийнхны авлигыг эсэргүүцэн жагсаж буй хүмүүсийн зургийг нийтэлсэн байжээ.
Америкийн зарим хэвлэл exposed.su сайтыг бий болгосон хакеруудыг Оростой холбон бичиж байна. Юуны өмнө su гэдэг нь хуучин ЗХУ-ын албан ёсны домэйн нэр юм. Мөн уг сайтын Твиттер дэх хуудас нь @exposedsu гэдэг нэртэй бөгөөд бичлэгүүд нь орос хэл дээр хийгдэж байжээ. Уг хуудас одоо хаагдсан боловч сэтгүүлчдийн хадгалж үлдсэн зарим бичлэгийг үзвэл, гуравдугаар сарын 11-нд уг хуудсанд орос хэлээр “Дэлхий дахины амрыг эрье. Хийж чадах зүйлийнхээ өчүүхэн нэг хэсгийг харуулах нь бидний энэ удаагийн зорилго юм шүү” хэмээн бичсэн байна. Гэхдээ энэ нь “Hello world, we are exposed” гэхчлэн англиар бичсэний автомат орчуулга гэдэг нь тодорхой байгаа юм. Мөн “Аnonymous” хэмээх хакерчдын алдартай бүлгийн “We are anonymous” гэж эхэлдэг мэндчилгээг дуурайсан нь харагдана. Дашрамд дурьдахад, өнгөрсөн хоёрдугаар сард “Аnonymous” бүлэг, дээр нэр гарсан Дорнерын талд байгаагаа илэрхийлж Лос-Анжелесийн цагдаагийн газрын сайтыг хакердсан билээ.
“Нууц материалууд”-ыг бүтээсэн арга барилд хэдийгээр дутуу дулимаг, гэнэн хонгор зүйл бишгүй харагдаж буй хэдий ч энэ сайт олны анхаарлыг татаж чадсан нь үнэн юм. Өөр дээрээ тавьсан тоолуураар нь бол өнгөрсөн долоо хоног хүрэхгүй хугацаанд уг сайтыг 418 мянган хүн үзсэн байна. “Баатрууд”-ынх нь жагсаалт хэрвээ цаашид үргэлжилбэл бид хэн гээч од бас кабелийн телевизийн төлбөрөө төлөөгүй удсаныг нь мэдэж авах биз ээ.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин