&#34Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал чухал&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

&#34Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал чухал&#34

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал зарим газар хан­галтгүй байгаагаас осол зөрчил нилээд гарсан. Гэхдээ хөдөлмөрийн аюул­гүй байдлын талаар ярьж, хийж байгаа ажлууд харь­цангуй бага байх шиг?

-2008 онд Хөдөлмө­рийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль гарсанаас хойш аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөл­мөрийн аюулгүй байдлыг хангахад анхаар­лаа хандуулах болж, энэ чиглэлээр багагүй ажил хийж байна. Гэсэн ч уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого, удирд­лага хангалтгүй, аюулгүй ажиллагааны шинэ, дэв­шилтэт онол, үзэл баримт­лал, арга зүй, техник, тех­нологийн талаарх мэдээ­лэл дутмаг, энэ чиглэлээр амжилттай ажиллаж буй нэгнийхээ туршлагаас суралцах, харилцан мэд­лэгээ солилцох боломж бололцоо дутмаг байна. Тиймээс Монгол Улсад хариуцлагатай уул уур­хайг хэвшүүлэхийн төлөө бодлого, үйл ажил­лагаагаа явуулж байгаа манай ассоциаци эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах боломжийг хамтдаа хайх, бие бие­ний­хээ тэргүүн туршла­гаас суралцах боломжийг нээх үүднээс “Нэн тү­рүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэнг хоёр дахь жилдээ өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулсан.

-Компани байгуулла­гууд хэр ач холбогдол өгч оролцсон бэ?

-Бага хуралд төр, гео­логи, уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөө­лөл 320 гаруй төлөөлөгч оролцсон бол 22 аж ахуйн нэгж үзэсгэлэнгийн тан­химд өөрийн үйл ажилла­гаа, аюулгүй ажиллагаа­ны багаж хэрэгсэл, бү­тээг­дэхүүн үйлчилгээгээ сурталчлан танилцууллаа. Өнгөрсөн 2012 оны бага хуралд 250 төлөөлөгч оролцож байсан.

-Энэ бага хурал, үзэс­гэлэн зохион байгуулах зорилго нь юу байсан бэ?

-Уул уурхай болон хүнд үйлдвэрлэл хөгжи­хийн хэрээр сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол эндэгдэл буурахгүй байна. Манай уншигчид өнгөрсөн намар барилгууд дээр гарсан ослыг мэдэж байгаа. Тиймээс энэ хурал, үзэсгэлэн хөдөл­мөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тулгам­даж буй асуудлуудыг ший­дэх арга замыг эрэл­хийлэх, аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээ­лийг даван туулах болом­жийг хамтдаа хайх, бие биенийхээ тэргүүн турш­лагаас суралцах зорилго­той байсан. Нэрнээсээ зорилго нь шууд мэдэгдэх байх.

-Энэ томоохон ажлын үр дүн ямар байна вэ? Аюулгүй байдал гэдэг нэг удаа яриад өнгөрөх зүйл биш байх л даа.

-Анхдугаар хурлаар хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирд­лагын тогтолцооны нэгд­сэн стандарттай болох асуудлыг чухалчлан үзэж хэлэлцсэн бөгөөд үр дүн нь MNS OHSAS 18001 стандартыг батлуулсан явдал юм. Энэ жилийн хурал дээрх стандартыг яаж хэрэгжүүлэх, хэв­шүү­лэх тухай асуудалд түлхүү анхаарсан гэхэд болно.

Үнэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал бол нэг удаа яриад өнгөрөх зүйл биш. Үйл ажиллагаандаа мөрдөх ёстой “хууль” л даа. Монгол Улсын ний­гэм, эдийн засгийн хөг­жилд тэргүүлэх байр суурь эзлэх болсон эрдэс баял­гийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрх­шээл, тэдгээрийг даван туулах боломжийг хамт­даа хайх, бие биенийхээ тэргүүн туршлагаас су­рал­цах боломжийг нээх зорилготой уг арга хэм­жээний цар хүрээ, ач холбогдол өсөн нэмэгдэж байна.

-Манай улсад бусдад жишээ болохоор эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хэрэгжүүлдэг компани олон байдаг уу?

-“Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой”, “Энержи ресурс”, “Бороо гоулд” гээд олон компани байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК энэхүү бага хурлыг анх санаачилсан бөгөөд “Оюу толгой” ХХК уг арга хэмжээг эхнээс нь талархан дэмжиж, энэ жил ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны тэргүүн туршлагаасаа харамгүй хуваалцсан. Дэлхийд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаагаараа тэргүүл­дэг “Рио Тинто” компани өөрийн олон жил мөрдөж, бий болгосон стандарт, дүрэм журам, соёлыг Оюу толгой төсөлд нэвтрүүлэн нутагшуулах талаар хийж буй ажлын туршлага, дэлхийн жи­шиг болсон удирдлагын тог­толцоо­ныхоо тухай танил­цуул­сан нь бусад компа­ниудад ихээхэн ач холбог­долтой явдал боллоо. Хөдөлмө­рийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуу­далд онцгой анхаарч ажил­лах нь тухайн бай­гууллагын бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх үн­дэс суурь болдог.

-Бага хурлын мате­риалтай танилцаж болох уу?

www.safetyfirst.mn сайтаас танилцах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж