БНХАУ-ын даргаар Си Жинпин, дэд даргаар Ли Юаньчао, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга буюу Хятадын Парламентын даргаар Жан Дэцян нарыг томилжээ. Мөн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Кэцяныг сонгов. Өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сард Бээжинд болсон ХКН-ын 18 дугаар их хурал, тус их хурлаас байгуулсан Бүгд хурлаар ирэх арван жилд өмнөд хөршийг жолоодох удирдагчдыг тодруулсныг ийнхүү сая Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлаар баталж үйл ажиллагааг нь эхлүүллээ.Тэд бол 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ыг байгуулснаас хойших 64 жилийн хугацаанд МаоЗедун, ДэнСяопин, ЗянЗэминь, ХуЖинтао нарын дөрвөн үеийг залгамжлан гарч ирж буй тав дахь үеийн удирдагчид юм.
БНХАУ-ын дарга Си Жинпин ажлаа авмагц хамгийн түрүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нартай утсаар ярилцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хоёр орны харилцааны ирээдүйг тодорхойлох түүхэн мөчид дэлхийн том гүрнийг толгойлох болсонд нь Си Жинпинд баяр хүргэхийн ялдамд АНУ, БНХАУ хоёр цаашдаа стратегийн тоглоомоор тоглох бус эрүүл саруул өрсөлдөөнд тулгуурласан харилцааны шинэ зөв чиглэлийг хөгжүүлэх нь зүйтэйг онцолжээ. Худалдааны харилцаагаа өргөжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгээ ноён Б.Обама онцолсон байна. Солонгосын хойгийн асуудал тэдний ярианы нэг сэдэв болжээ.
Ноён Си Жинпин шинэ ажлаа авмагцаа ОХУ-д айлчилна гэдгээ бүр өнгөрсөн жилийн сүүлээр зарласан билээ. В.Путин, Си Жинпин нарын ярианы нэг сэдэв үүнд чиглэжээ. В.Путин дэлхийн улс, орнуудын удирдагчдаас хамгийн түрүүнд Хятадын шинэ даргад баяр хүргэсэн зэргээс харвал ОХУ, БНХАУ –ын харилцаанд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч буй бололтой.
Шинэ дарга нарын хэн нь хэн бэ?
Дэлхийн том гүрнүүдийн нэг болох БНХАУ-ыг дараагийн 10 жилд тэргүүлэх удирдагчид өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг ч анхааран ажиглаж буй нь лавтай.
Хятадын шинэ дарга Си Жинпин энэ жил 60 нас хүрнэ. Өмнөд хөршид 60 настай удирдагчийг эрч хүчтэй залуу удирдагчид тооцдог бөгөөд сая халаагаа өгсөн Ху Жинтао ч 10 жилийн өмнө 60 настайдаа шинэ үеийн удирдагч хэмээн тодорч байв. Си Жинпин дарга болтуг ч барьжтугал ч хариулж явсан хүн. Өнгөрсөн зууны 60-аад онд Хятадыг түйвээсэн соёлын хувьсгалын жилүүдэд 20 ч хүрээгүй насандаа хөдөө тосгонд цөлөгдөж, тэндээсээ өндийн босч өнөөдрийн өндөрлөгт хүрсэн “цоохор” хуудас түүний намтарт бий. Тэрээр ХКН дахь Хунтайжийн хийгээд Шанхайн бүлэглэлийн аль алийг төлөөлнө. Эцэг нь өндөр тушаалын хүн байсан тул “Хунтайж”-ийн бүлэглэлд хамаарч басхүү Хятадын элитүүдийн төрөн гарсан Шанхайн бүлэглэлд ч багтдаг ажээ. Шанхайн намын хорооны томчуудын үр сад Шанхайн бүлэглэлийг бүрдүүлдэг байна. Си дарга бол 1959-1962 онд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч байсан, Мао даргын дотнын анд, коммунист намын нэртэй зүтгэлтэн агсан Си Жунсюний хүү юм.
Том даргын хүү Си Жинпин бага насандаа Бээжин хотын аль л шилдэг сургуулиудад сурч байжээ.Тэгтэл Хятадад Соёлын хувьсгал гарч бяцхан Си-г есөн настай байх үед Ерөнхий сайдын орлогч байсан эцэг нь торны цаана суужээ. Өсвөр насандаа Си Жинпин тосгонд цөлөгдөж, оргох гэлээ гэсэн шалтгаанаар хэдэн сар хөдөлмөрийн лагерьт нухлуулав. Цаг арай зөөлрөхөд залуу Си 1975 оноос ажин түжин бөглүү Хэбэй мужид багахан тушаалын алба хашин цааш ахиж дэвших гараагааэ хэлжээ.
Хятадад Дэн Сяопиний шинэчлэл өрнөсөн 1980-аад оны дундуур түүнийг Фузянь мужид илгээжээ. Тухайн үед тус муж шинэ эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх туршилтын талбар болоод байлаа. Тэр үед Си Жинпин барууны фирмүүдтэй хамтарсан хэд хэдэн үйлдвэр байгуулжамжжээ. Түүний туршлага Хятад даяар түгж тэр цагаас карьер хөөх нөхцөл нь бүрдсэн байдаг.
Түүнийг үг хэлээ цэнэдэг Хятадын уламжлалт зан заншлаас ихээхэн өөр, хэлэх гэснээ хаана ч хэлчихдэг хүн хэмээн тодорхойлдог. Өнгөрсөн жил БНХАУ-ын дарга болох нь тодорхой болмогц авлига, хээл хахуультай хатуу гараар эрс тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм. НоёнСиЖинпин АНУ-д талтайхүн.Зургаан ч удаа тус улсад айлчилсан нь үүнийг нотолно. Анх 1986 онд Айова мужид айлчилсан цагаасаа л Америк түүнд таалагдсан гэдэг. Басамерик кинонд хорхойтой, “Цэрэг Райныг аварсан нь” кино түүний үзэх дуртай киноны нэг гэнэ. Тиймдээ ч нэг талаас гадаад бодлогын стратегиа тодорхойлж, нөгөө талаас Америкт элэгтэйн хувиар ажлаа авмагцаа АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан биз ээ.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга буюу Хятадын Парламентын дарга болсон Жан Дэцян Ляонин мужид 1946 онд төрсөн. Хойд Солонгост Ким Ир Сений нэрэмжит Их сургуулийн Эдийн засгийн факультетийг дүүргэжээ. Соёлын хувьсгалын төгсгөлөөр буюу 1968-1970 онд Жилин мужийн Ванцин гацаанд “Боловсролтой залуус” хэмээх бригадыг толгойлж байжээ. Тус гацаанд залуучуудын байгууллагын ажил хийж, улмаар Яньбяний их сургуульд гурван жил солонгос хэл судалсан байна. Тэндээсээ Хойд Солонгост очиж Их сургуульд элсэн эдийн засгийн мэргэжил эзэмшиж, оюутан байхдаа БНАСАУ-д сурч байсан хятад оюутнуудын намын үүрийн дарга болжээ. Төгсч ирээд Жилин муждаа намын ажил хийж, тус мужийн Яньбянь-Солонгосын автономит тойргийн хороонд ажиллажээ. Жилин муж Солонгосын хойгтой хиллэдэг тул солонгос үндэстэн олонтой, автономит тойрогтой юм.
Ноён Жан Дэцян орон нутагт намын ажил эрхэлсээр 2007 оноос ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн болж өнөөдрийн өндөрлөгт хүрэх замдаа оржээ.Тэрээр шинэ албанд томилогдох хүртлээ Ерөнхий сайдын орлогч бөгөөд Чунцин хотын намын хорооны даргаар ажиллаж байв. Сонирхолтой нь тэрээр өнгөрсөн жил ихээхэн дуулиан тарин ХКН-аас хөөгдсөн Бо Силайн дараа Чунцин хотын намын хорооны даргаар сонгогдсон юм. Маш өндөр албан тушаалд очих магадлалтай байсан Бо Силай 2012 онд авлигын хэргээр шийтгүүлэн, эхнэр нь гадаадын иргэний амь насыг хөнөөсөн асуудлаар хорих ял аван шоронд сууж байгаа юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхийсайд Ли Кэцянийг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын 3000 орчим төлөөлөгч дэмжин саналаа өгчээ. Ли Кэцян 1949 онд байгуулагдсан БНХАУ-ын долоо дахь Ерөнхий сайд болж 2003 оноос Төрийн зөвлөлийг тэргүүлж байсан Вэнь Зябаогийн халааг авлаа. Тэрээр 1955 онд Анхуй мужид төрсөн, 1976 онд ХКН-д элссэн, Бээжингийн их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Хэнань, Ляонин мужийн даргаар ажиллаж байгаад Жан Дэцянтай нэгэн зэрэг 2007 онд ХКН-ын Улстөрийн товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж, 2008 онд Ерөнхий сайдын орлогчоор томилогджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ли Кэцян ХКН-ын Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүнээр улиран сонгогдсон юм.
Ийнхүү дээрх эрхмүүд дэлхийд хамгийн өнөр өтгөн 1,3 тэрбум хүн ам, 82 сая гишүүнтэй ХКН, 20 сая хүний бие бүрэлдэхүүн бүхий армитай, өсөлтөөрөө дэлхийн хоёр дахь эдийн засагтай орныг өмнөх үеэсээ хүлээн авлаа. Хэдийгээр Хятад улс эдийн засгийн өсөлтөөрөө АНУ-ын дараа хоёрт ордог ч нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд 100 гаруйд орох үзүүлэлттэй хөгжиж буй орон. Хоёр зуу гаруй сая ядуус, Түвд, Өвөр монгол, Шинжаан-Уйгар гээд эмзэг цэгүүд бас бий.Өнгөрсөн 60-аад жилд Хятадын онцлогтой социализм байгуулсан тус улс 2049 он гэхэд социалист ардчилсан улс болно гэдгээ 2012 оны сүүлээр томъёолсон. Тэр хүртэл дахиад 36 жилийн зай бий. Шинэ тав дахь үеийн удирдлага хээл хахууль, авлигатай зоримгоор тэмцэж, бүх талаар баян нийгмийг байгуулж, хүн амын дундаж давхрагыг тэлж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ шинэчлэн өөрчлөлтийг түргэсгэх үүрэг хүлээгээд байна.
Ирэх жилүүдэд намынхаа үзэл бартимтлалд Марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл суртал, Дэн Сяопиний онолыг баримталж Хятадын онцлогтой социализмыг байгуулах зорилт дэвшүүлээд буй Хятадад баян хоосны ялгаа улам бүр ихэсч байгаа энэ цагт иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд шинэ удирдлага ихээхэн анхаарал тавих ёстой болж байна. Ийнхүү өмнөд хөрш БНХАУ түүхийнхээ нэгэн шинэ үед орж, шинэ удирдагчид нь намтраа зузаалж эхэллээ.