Фото: кадр видео YouTube
“Капиталист нийгмийн харанхуй бодит байдал” нэртэй видеонууд нь ядууст зориулсан хоол түгээх цэгүүд дэх дараалал, гудамжинд унтаж байгаа орон гэргүй хүмүүсийн дүрсээс бүрэлдсэн байв. Нэвтрүүлэгийн хоёрдугаар хэсэгт АНУ-д галт зэвсгийг чөлөөтэй худалдан хүчирхийлэл газар авч байгааг ярьжээ. Уг яриаг зэвсгийн дэлгүүрүүд, “Сэнди Хук” сургууль дахь аллагын бичлэгүүдээр дагалдуулсан байв.
Эдгээр нэвтрүүлэгээр хөрөнгөтөн орнуудыг төгсгөлгүй хүчирхийлэлд автсан, ядууралд дарагдсанаар харуулав. БНАСАУ бол баян тансаг нийгмийн орон гэж эсрэгээр сурталчилсан байв.
Дашрамд дурьдахад, Хойд Солонгос ерээд оноос хойш НҮБ ба БНХАУ-аас хүмүүнлэгийн тусламж авч байгаа. Хойд Солонгосчуудад 1957 оноос хойш тариа будааны наймаа хийхийг хориглосон учраас тэд талоноор хүнс авдаг. Жишээлбэл, тэд 2012 онд нэг хүн нь өдөрт 400 гр хүнс авч байсан ба тэр нь зуны улиралд 335 гр болон буурсан байжээ.
Сүүлийн саруудад Пхеньян сүлжээгээр сурталчилгааны материал их тарааж байна. Үүний өмнө тэд хоёр ч видеогоор цөмийн цохилтод сүйрч байгаа Америкийн хот, цөмийн галд шатаж буй Обама нарыг харуулаад “Ард түмэн хүлээж байна. Америк хариу өгөх ёстой” гэсэн бичиг дагалдуулсан байв. Хамгийн сүүлчийн сурталчилгаа нь юуны түрүүнд дотооддоо зориулагдсан бололтой.