Энэ жилийн хувьд өнгөрсөн оныг бодвол барилгын салбарт дэвжин дээшлэх боломж байгааг эхний хэдэн сарын статистик харуулжээ. Ноднин жилийн турш 7800 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ оны эхний улирлын байдлаар 3787 айл өрх орон сууцтай болжээ. Оны эхнээс одоог хүртэл нийт 68 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн 111 барилга байгууламжид улсын комисс ажиллаад байгаа бөгөөд 64 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн барьж байгуулсан 2432 айлын 171749.8 ам метр буюу 45 орон сууцны барилгад улсын комиссын бүртгэлийн дугаар олгосон байна. Гэтэл эдгээр албан ёсоор улсын комисст хүлээлгэн өгсөн барилга байгууламжаас гадна улсын комисс дүгнэлтээ гаргаагүй байхад барилгаа ашигалалтад оруулж орхидог том толгойтнууд цөөнгүй. Өнөөдөр барилгын салбарт “шургалсан” мэргэжлийн бус хүмүүс олон байна. Тэдгээр элэг буруу хүмүүс өөрийн танил тал, төрийн албаараа түрээ барин барилга угсралтыг норм, нормативын дагуу бус “монголчлон” босгох болсны ганцхан жишээ улсын комисс ажиллуулдаггүй байдал ажээ. Засгийн газрын 72 дугаар тогтоолоор барилгыг ашиглалтад хүлээн авах журмыг баталсан байдаг. Уг журамд бүрэн дуусаагүй барилгыг ашиглахыг хатуу хориглосон ч бүхнийг зоосоор аргалж сурсан зарим хүмүүс худалдан авагчдынхаа амь насаар дэнчин тавин улсын комиссын хүлээн аваагүй барилга байшинг ашиглах болжээ. Хэрвээ улсын комисс хүлээж авахаас өмнө барилгыг ашигласан тохиолдолд 2-4 сая төгрөгийн торгууль ногдуулах ёстой. Улсын комиссынхон ч энэ дагуу зохих шийтгэлийг хэд хэдэн газарт ногдуулж байсан гэнэ. Гэтэл өнөөдрийг хүртэл эл зөрчил арилаагүй нь 2-4 сая төгрөг бол барилгын салбарынханд шийтгэл биш гэдэг нь харагдаж байгаа юм. Барилга байшинг хямд өртгөөр босгож, их хэмжээний ашиг олдгийн илрэл ч гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр улсын комиссын шаардлага сул, салбарынхан хоорондоо найзан дундаа явж ирснээс энэ мэт хууль бус үйлдлүүд тасрахгүй байгаа гэнэ.
Уг нь улсын комиссыг мэргэжлийн хяналтынхан ахалдаг. Ашиглалтад оруулах объектийн хэмжээнээс хамаараад улсын болон нийслэлийн, зарим тохиолдолд дүүргээс ч хяналтын байцаагч нар томилогдох нь бий. Хойшид ашигалалтыг нь хариуцан ажиллах инженерийн байгууламжийн мэргэжилтнүүд улсын комиссын бүрэлдэхүүнд ордог гээд бодохоор харах, хянах нүд дутаагүй нь мэдээж. Гэтэл яахаараа чанаргүй барилга баригдаад, түүнийг нь улсын комисс хүлээж аваад байна вэ гэсэн асуулт эндээс гарах нь мэдээж. Цөөхөн монголчуудын хөгжилд хамгийн ихээр саад тотгор болдог танил тал, найз нөхдийн гинжин холбоо барилгын салбарыг ч тойроогүйгээс гэж товчхон хариулт энд хангалттай. Улсын комисст олон хүн байх тусмаа хяналт чангарах бус улам утгаа алддаг байхыг үгүйсгэхгүй. Уншигч танд ч бас “барилгачин” найз байж л байгаа даа. Та улсын комисст оржээ гэж бодоход найздаа нэг удаа туслахыг хичээнэ дээ. Яг л түүн шиг өнөөдөр хяналтын байцаагчийн, маргааш холбооны инженерийн, харин дараагийн өдөр дулааны инженерийн найз нөхөд, танил нь барилгаа ашиглалтад оруулдгаас барилгын чанар дээшлэхгүй байна уу гэсэн хардлага эрхгүй төрнө. “Гуйлтын гинжин холбоо”-нд орсон улсын комиссын хажуугаар барилгын салбар бүхэлдээ их бүтээн байгуулалтад бэлэн биш байгааг туршлагатай нэгэн барилгын мэргэжилтэн хэлж байна. Өнөөдрийн байдлаар дотооддоо үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн барилгын материалын тун багахан хувийг л лабораториор шинжилдэг ажээ. Чанаргүй бүтээгдэхүүнээр босгосон барилгын чанар ямар байх нь ойлгомжтойн дээр барилгачдын ур чадвар, мэргэжлийн ёс зүй ч барилга орон сууцны чанарт шууд хамааралтай билээ. Удтал хүлээсэн, итгэж хөрөнгө мөнгөө өгсөн хэрэглэгчдэдээ чанратай баригдсан тохилог, дулаан орон сууц хүлээлгээд өгчих сэтгэлгүй хүмүүс барилгын салбарт олон болсон нь хэрэглэгчдийг хагас зууны тэртээ “ах нар”-ын барьж үлдээсэн хуучин сууцыг сонгохоос аргагүйд хүргэж байгааг “Их барилга”-ынханд дуулгахад илүүдэх юун.
Д.Цээпил