Америкийн Элчин сайдын яамныхан “Black box” театртаа "Ану хатан" кино үдэшлэг-уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Энн Кэмпбелл оролцож, "Би эрэлхэг монгол эмэгтэйн тухай монгол киноны сурталчилгаа гарч эхэлсэн цагаас л үнэхээр сонирхож байсан. Ану хатан бол зүгээр нэг хатан биш монголчуудын бахархал, бас эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болсон ухаантай, зоригтой гайхамшигт эмэгтэйн түүх юм" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр Монголд томилогдон ирэхийнхээ зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Шүрэн бугуйвч" зохиолын англи орчуулгыг уншсан байжээ. Тэгэхээр түүнийг бүсгүй зохиолчийн фэн хэмээн нэрийдчихвэл буруудахгүй л болов уу.
Дашрамд сонирхуулахад, Б.Шүүдэрцэцэг хаврын урт өдрүүдийг анзаарах сөхөөгүй үдэж байгаа гэнэ. Урилга хүлээн авалтад “дарагдсан” тэрбээр өнөөдөр ЭМШУИС дээр "Алтайн залуус" оюуны клубынхэнтэй уулзалт хийх аж. Мөн дараа нь гуравдугаар хороололд байрлах "Benetton" дэлгүүрт болох монгол зураачдын уран бүтээлийн цомгийн нээлтэд оролцох гэнэ. Энэ цомгийг ноён Бенеттон Италид хэвлүүлсэн ажээ. “United colors of Benetton” брэндийн Монгол дахь төлөөлөгч "Промон трэйд" компани зохиолч бүсгүйн "Хайрын тухай зүүд" сонсдог номыг ивээн тэтгэсэн төдийгүй "Ану хатан" кино группийнх нь 46 хүнийг брэндийнхээ хувцсаар гоёсон байна.
Д.СУРА