Нийслэл нийтийн эзэмшлийн эд хөрөнгөө тоолно

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Нийслэл нийтийн эзэмшлийн эд хөрөнгөө тоолно

Нийслэлийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн тооллогын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг томилогдсон. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ариунжаргалаас дараахь тодруулгыг авлаа.

-Ажлын хэсэг хэзээнээс томилогдов. Энэ талаар тодруулна уу?

-2013 оны гуравдугаар сарын 06-ны Нийслэлийн Засаг даргын А/163 тоот захирамжаар нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн тооллогын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг томилсон. Энэхүү тооллогын ажил Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг-нийгмийн 2013 оны зорилтод тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх үүднээс бэлтгэл ажлыг хангаж байгаа.

-Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн тооллогыг өмнө нь хэзээ явуулж байсан бэ. Хэдэн жилийн давтамжтай тоолдог бол?

-Ер нь бол дөрвөн жилд нэг удаа тоолдог. Гэхдээ өнгөрсөн жил Засгийн газрын албан даалгавар болон Төрийн өмчийн хорооны тогтоолын дагуу нийслэлиййн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг манай газраас зохион байгуулсан. Тооллогоор нийт 638 байгууллагын бүртгэлийн үнээр 1250,3 тэрбум төгрөгийн эргэлтийн бус хөрөнгө тоологдсон. Дүүргүүдийн хувьд есөн дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшигч байгууллагын бүртгэлтэй болон бүртгэлгүй нийт 284,2 тэрбум төгрөгийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө хамрагдсанаас 81,1 хувь нь бүртгэлтэй, үлдсэн хөрөнгө нь бүртгэлгүй байсан. Энэхүү өмчийн хөрөнгийн тооллогын дүнгээр данс бүртгэлд тусгагдаагүй нийт 122,6 тэрбум төгрөгийн хөрөнгө тоологдсоноос 43 орчим хувь нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгө байсан. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 3,8 тэрбум төгрөгийн балансын анхны үнэ бүхий 332 гүний өрөмдмөл худаг, цэвэр усны цооног, угсралтын систем, бүртгэлд тусгагдаагүй 0,6 тэрбум төгрөгийн 56 өрөмдмөл худаг тоологдож байсан. Тийм учраас нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нарийвчлан тоолох шаардлага гарч ирсэн.

-Тооллогын ажил хэзээ эхлэх вэ. Иргэдээс шалтгаалах зүйл бий юу?

-Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогоор нийслэлийн өмчид байгаа байшин барилга, зам тайлбайгаас эхлүүлээд бүх хөрөнгийг тоолдог. Харин Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд худаг, услалтын систем, авто зам, гүүр, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган зам зэрэг нийслэлийн төсөвт өртгөөр байгуулсан байгууламжууд орох юм. Бид одоо тооллогын бэлтгэл ажлыг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд журмын төслөө боловсруулаад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Журам батлагдсаны дараа журмынхаа дагуу тооллогын ажлаа эхлүүлнэ. Тооллогын үеэр иргэдэд ямар нэгэн хүндрэл учруулах ч юм уу, аль эсвэл иргэдээс шалтгаалах ажил удаашрах, чирэгдэл учрах гэх мэтийн зүйл гараад байхгүй.

Б.НЯМЗУЛ

Эх сурвалж: “НИЙСЛЭЛ ТАЙМС” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж