Монголын залуучуудын холбооны дэргэдэх Урлагийн болон спортын хороод хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын 35-р дунд сургуулийн сурагчидтай нөхөрсөг уулзалт хийхээр болжээ.
Урлаг, спортын шилдэг залуусыг эгнээндээ багтаасан эдгээр хорооныхон “Спирт бус спортыг сонгоё” аяныг санаачилсан байгаа. Энэ аяныхаа хүрээнд уулзалт, лекцийг олон нийтэд хүргэж байгаа юм. 35-р дунд сургуулиас тамирчидтай уулзах хүсэлтийг маш олон сурагчид илгээсэн тул Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, “ТВ коктейль” хамтлагийн ахлагч, жүжигчин Э.Цолмонбаяр, “Мотив” хамтлагийн уран бүтээлчид тус сургуульд зочлон, сурагчидтай уулзахаар болжээ.
Сонирхуулахад, МЗХ-ны Спорт, урлагийн хороодод хамгийн олон хүсэлт илгээж, захидлаар хандан, спортоор хичээллэх хүсэлт илгээсэн сургууль, байгууллага хамт олны хүсэлтээр урлаг, спортын шилдэг залуус зочлон, сонирхолтой уулзалтуудыг хийх ажээ.