Пакистанд Чехийн жуулчдыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Пакистанд Чехийн жуулчдыг барьцаалжээ

Пакистаны баруун өмнөд хэсгийн нутагт автобусаар аялж явсан хоёр эмэгтэй жуулчин, бие хамгаалагч нарын хамт зэвсэгт этгээдүүдэд барьцаалагджээ. Пакистаны албаныхны мэдээлснээр Чехийн жуулчин эмэгтэйчүүд Иран улсаас Белужистан мужийн нийслэл Кветта хот орохоор явж байхдаа ийнхүү зэвсэглэсэн этгээдүүдийн гарт орсон байна. Тэднийг хамгаалж явсан цагдаа нарын мэдээлснээр Иран, Афганистаны хилийн ойролцоох Чагай дүүргийн ойролцоо зэвсэгт этгээдүүд халджээ. Хэдийгээр хоёр цагдаа жуулчин эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахаар хамгаалан явж байсан ч 8-10 тооны зэвсэглэсэн бүлэг дайчдын эсрэг эсэргүүцэл үзүүлж чадаагүй гэнэ. Харин тэдгээр зэвсэгт барьцаалагчид Чехийн жуулчдыг Афганистан улсын хил рүү авч гарсныхаа дараа хамгаалагч хоёр цагдааг тавьж явуулсан байна.

Одоогоор дээрх халдлагыг ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Белужистан нь лалын зэвсэгт дайчид, салан тусгаарлах зэвсэгт босогчид, гэмт бүлэглэлүүд ихээр төвлөрсөн Пакистаны хамгийн аюултай мужуудын нэг аж.

Үүнээс өмнө өнгөрсөн оны нэгдүгээр сард Белужистан мужийн Кветта хотод Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжийн британи ажилчид хулгайлагдсан бөгөөд үүнээс хэдэн сарын дараа тэдний толгойгүй цогцос тус хотын ойролцоогоос олдож байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж