Форум ҮХАА-н яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнхийн илтгэлээр эхэлсэн. Монгол Улс уул уурхайн салбарыг амжилттай хөгжүүлж, ашиг орлоготой ажиллахын тулд юун түрүүн эрдэс баялгийг түүхий эд хэлбэрээр экспортод гаргахыг үе шаттай бууруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал гэдгийг тэрбээр онцолсон юм. Эрдэс баялгийг боловсруулах анхны аж үйлдвэрийн паркийн шавыг Дорноговь аймаг Сайншанд хотод тавиад байгаа бол хойшид Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн төмөрлөгийн цогцолбор барих, Чойбалсан хотод цайрын үйлдвэр, нүүрснээс хийн түлш гаргах, зэс хайлуулах, боловсруулах, цементийн зйлдвэр гэхчилэн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөр олон байгааг гадаад дотоодын төлөөлөгчдөд дуулгалаа. Өнөөдөр манай улсын ДНБ-ний 20 хувь, экспортын 90 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдгийг Уул уурханй яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү онцолсон. Монгол орныг эрдэс баялгийн гөөцөөр нь ангилан үзэхэд баруун бүс нутаг нүүрс төмрийн хүдрийн нөөц ихтэй бол зүүн бүсэд алт, нүүрс, холимог металлын орд олон гэнэ.
Сүүлийн жилүүдэд манай улсад нүүрс, төмрийн хүдрийг илүүтэй олборлож байгаа. Тиймээс ч баригдах үйлдвэрүүд олборлож буй түүхий эдэд түшиглэх ажээ. Ийн хүнд аж үйлдвэрийг барьж байгуулахад манай улс түүхий эдийн бааз, суурь сайтай, БНХАУ, ОХУ-ын зах зээл, шууд харилцаатайн дээр өндөр хөгжилтэй Япон ,Солонгос улсын зах зээлээс холгүй, хөрөнгө оруулагчдын хууль эрх зүйн таатай орчинг бий болгож чадсан, олон улсын болон БНХАУ-ын зах зээл нь эрдэс баялгийн асар их эрэлт хэрэгцээ бий болсон зэргийг давуу тал хэмээн нэрлэлээ.Харин дэд бүтэц тэнцвэргүй байршилтай, хүн ам цөөн, суурьшил тархай бутархай, мэргэшсэн боловсон хүчин дутмаг, улсаас хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал, далайд гарцгүй, транзит тээврийн үнэ хөрш орнуудаас ихээхэн хамааралтай, орд газрын лицензийн дийлэнх нь эзэмшигчид нь ашиглах чадваргүйн дээр үйлдвэрүүд анхан шатны боловсруулалтаас хэтэрдэггүй зэрэг сул тал байдгийг хэлж байна. Энэ бүхнийг дуулгахын учир нь сул талаа давуу тал руу “урвуулах” боломжийг хамтдаа хайхад байсан гэж болно.
Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг тодорхой байна гэдэг тэдгээрт ханган нийлүүлэгчээр ажилладаг компаниудад хамгийн том боломж байдаг ажээ. Тиймээс ч ханган нийлүүлэгч олон компанийн төлөөлөл форумын үеэр “Чингис” зочид буудалд үзэсгэлэнгээ дэлгэсэн байлаа. Дээрх салбарт хэрэглэгчид техник, технологи, тогон төхөөрөмж, багаж хэрэгслээс эхлээд үйлдвэрлэлийн нөхцөлд ууталсан хүнсний бүтээгдэхүүнийг хүртэл үзэсгэлэнд дэлгэсэн байлаа. Уул уурхайн салбарт яг хэдэн компани ханган нийлүүлэгчээр ажилладгийг гаргасан судалгаа одоогоор байхгүй ч 2009 оноос үүд хаалгаа нээсэн “Уул уурхайн нийлүүлэлтийн мэдээллийн сан“-д 1396 компанийн 222 бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл нийтлэгдсэн байна. Тус сан зөвхөн дотоодын компаниар хязгаарлагддаггүй гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд нийдээ 13289 хандалт бүртгэгдсэнээс 10321 нь Монголоос холбогдсон бол БНХАУ-аас 362, АНУ-аас 260, Австралиас 167, Англиас 145, Арабын Эмиратаас 132, Германаас 128, БНСУ, Хонгконгоос тус бүр 110 хандалт бүртгэгджээ. Ханган нийлүүлэгчид ганц нэгээрээ бага бүрэлдэхүүнээр ажиллах нь төдий л амжилтад хүрдэггүйг форумд оролцогчид хэлж байсан юм. Тиймээс хойшид хамтран ажиллахад анхаарч, эхний ээлжинд мах экспортлогч компаниудад олон улсын шинэ стандарт нэвтрүүлж байгааг бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од онцолсон юм.